|

Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

namuunaa 2015/09/23 1282 151
Энэ сарын 24, 25-аас эхлэн нийт нутгаар цаг агаар сэрүүсч бороо болон нойтон цас орж шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байсан.

Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Орхон аймгийн тухайд энэ сарын 23-аас эхлэн хур тунадас орж агаарын температур сэрүүсч өдөртөө 2-7 хэмийн дулаан, шөнөдөө 0-5 градус хүйтрэх төлөвтэй байна. Өнгөрсөн жилийн тухайд анхны цас 9-р сарын 27-нд орж байсан бол энэ жил 9-р сарын 23-ны шөнө орох төлөвтэй байгааг хэллээ.

Орхон аймгийн хэмжээнд 9-р сарын 10-аас эхлэн хөрсөндөө сул хүчтэй цочир хүйтрэлттэй байгаа бөгөөд 9-р сар гарснаас хойш хөрсөндөө хамгийн ихдээ -2,5 градус, агаартаа -0,2 хэм хүрч хүйтэрсэн. Харин цаашдаа хөрсөндөө -5 градусыг давж хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна. 0-5 хэмийн хүйтрэхийг аюултай үзэгдэл, харин 5 градусаас дээш хүйтрэхийг гамшигт үзэгдэлд тооцдог учраас хяруу унаж газар тариалан ногоо хураалтын явцад хүндрэл учирч болзошгүй юм.

Түүнчлэн 2015-2016 оны хүйтний улирлын цаг агаарын ерөнхий төлөвийн хүрээнд өвлийн дунд саруудад ихэнх нутгаар цас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа учраас зун бэлчээрийн ургамал муу ургаж гантай байсан нутгуудад мал өвөлжилт хаваржилт хүндрэх төлөв ажиглагдаж байгаа аж. Мөн бэлчээрийн даац багтаамжийн судалгааны дүнгээр Монгол орны нийт нутгийн 60-аад хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх төлөвтэй ч 40 гаруй хувьд нь малчид өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа.

Тиймээс малчид бэлчээр сайтай нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх шаардлагатай байгааг анхааруулж байгаа юм. 2015-2016 оны хүйтний улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөс харахад 10-р сард агаарын температурын сарын дундаж нь олон жилийн дундаж буюу эрдэнэт орчимд 1,2 хэм, Жаргалант сумын тухайд 1,8 хэмийн дулаантай байх юм.

Хур тунадас мөн олон жилийн дунджийн хэмжээнд орох ажээ. Түүнчлэн 11,12-р сарын тухайд агаарын температур болон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджийн орчимд байх төлөвтэй байгааг мэдээлэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top