|

Маргааш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохионо

namuunaa 2015/09/09 827 11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга Л.Цог хэлэхдээ "Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр Монголын төр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдлийн хор уршгийг орон түмэнд ойлгуулж таниулах хамгийн гол нь түүхийн тэр хар толбо болсон бусармаг үйлдэл давтагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн тодорхой ажил зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай" гэлээ.

Тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил дуусах шатандаа орж байгаа гэгддэг ч хараахан цагаатгагдаагүй цөөнгүй хүмүүс үлдсэн байх магадлал бас байдаг юм. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, түүний ажлын алба Тагнуулын Ерөнхий газар, төв, орон нутгийн архивууд, шүүх, прокурорын архивууд, аймгуудын салбар комиссуудтайгаа хамтран шалгагдаж цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг эцэслэн нягталж шалгах ажлыг зориуд тусгайлан гүйцэтгэж байна гэв.
 
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож, цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байгаа юм.. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдсээр байна гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top