Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд хэрэгжиж буй "Сумын төвийн шинэчлэл” төслийн орон нутаг дахь хяналтын ажилтан Д.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Дэлгэр сумын тухайд баруун аймгуудын үүдэн сум гэдгээрээ онцлогтой. Тиймээс эхлээд сумынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Дэлгэр сум бол баруун аймгуудын үүдэн сум юм. 3000 гаруй хүн амтай, 213 мянган толгой малтай. Засаг захиргааны нэгжийн хувьд таван багтай. Үүн дотроо Гуулин тосгон гэж бий. Хэдийгээр баг боловч статусын хувьд бараг сум шахуу хөгжсөн тосгон байдаг. Дэлгэр сум нь Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн 10 сумтай хиллэдэг. Ер нь олон бүтээн байгуулалтын анхдагч гэж хэлж болно. Орон нутагт гар утасны сүлжээ орж эхлэхэд манай суманд хамгийн түрүүнд мобикомын сүлжээ орж байсан. Мөн анхны усан цахилгаан станцыг Завхан голыг түшиглэн Гуулин тосгонд байгуулсан. Баруун чиглэлийн босоо тэнхлэгийн зам болох анхны 126 км хатуу хучилттай зам тавигдсан. Эзэн богд Боорчи манай нутагт баруун зүгийг захиран сууж байсан түүхтэй. Монгол эр хүний хийморийн хөшөөг анх удаа Хонгор хайрхны оройд босгосон бол түүний дараа Засагт хааны голомт хөшөөг мөн байгуулаад байна.
-Танай суманд хэрэгжиж байгаа "Сумын төвийн шинэчлэл” төслийн явц хэр байна. Төслийн үр дүнд ямар өөрчлөлт гарах вэ?
-Засгийн газрын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын 16 суманд хэрэгжих "Сумын төвийн шинэчлэл” төсөл манай суманд хэрэгжиж байна. Нийт таван тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Энэ ажлыг "Мандал голомт” гэдэг компани аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний дагуу өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн. Төслийн хүрээнд бүх албан байгууллага, айл өрхүүд төвлөрсөн халаалтад холбогдоно. Сум дотор нэг км хатуу хучилттай зам тавина. Ногоон байгууламж, тохижилтын ажил, үерийн далан хийнэ. Гэрэл цахилгааны бүх шонг шинэчилнэ. Мөн бохир усны системийг шийдэж, цэвэрлэх байгууламж барих юм. Ер нь дэд бүтцийн хувьд Улаанбаатараас дутахгүй болох учиртай. Мөн сумын төвийг шилэн кабельд холбоно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл рүү чиглэсэн их нүүдэл зогсоно гэж үзэж байгаа. Түүнчлэн Говь-Алтай аймгаар дайрч баруун тийш явдаг хүмүүс бууж саатдаг сум болно. Ирэх арваннэгдүгээр сард багтааж буюу өвлөөс өмнө төслийн ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа.
-Төвлөрсөн халаалт, бохирыг шийдэхэд ус болон түлшний нөөц хангалттай юу?
-Төвлөрсөн халаалтад ороход хамгийн боломжтой болсон. Учир нь сумын төвөөс ердөө 18 км-т Хөвбулагийн нүүрсний уурхай ажилладаг. Тэндээс нүүрсээ татаж байна. Мөн усны нөөцийн хувьд боломжийн сайн байдаг. Нөөцийн гурван ч худагтай. Гуулин тосгонд Завхан гол урсаж байна. Мөн цэвэр усны үйлдвэр ажилладаг.
-Тэгэхээр дэд бүтцийн асуудал шийдэгдчихээр цаашид орон сууцжуулах гэх мэт бүтээн байгуулалтыг улам хөгжүүлэхэд боломжтой болох нь?
-Тэгэлгүй яахав. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлах гэж байна. Төлөвлөгөөгөө батлаад зураг төсөл нь гараад ирэхээр байшин барилгыг нь нарийвчлан төлөвлөнө. Одоогоор сумын ЗДТГ, эмнэлэг, соёлын төв гээд бүх барилгаа ерөнхийд нь шинэчилж бариад ашиглалтад оруулсан. Удахгүй цэцэрлэгийн барилга ашиглалтад орох гэж байна. Бүх айлын хашааг жигд болгож шинэчилнэ. Хуучны банзан хашааг халж, гурван үетэй блок өрж дээш нь төмрөн хашаатай болгоно. Мод тариад эко хашаа гэсэн үг. Энэ мэт төлөвлөсөн зүйл олон бий. Орон сууцны тухайд барилга барих сонирхолтой компаниуд манай суманд байгаа. Орон сууц барьж найман хувийн зээлд иргэдээ хамруулбал борлогдох хандлагатай. Сумын ерөнхий төлөвлөгөө бэлэн болсны дараа шийдэгдэнэ. Мөн аймгийн төв рүү явсан засмал зам сумын төвөөс дөрвөн км зайтай өнгөрдөг. Тэнд хоолны газар, дэлгүүр гэх мэт үйлчилгээг төвлөрүүлж, тэнд ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.
-Сумын иргэдийн амьжиргааны төвшин хэр вэ. Тухайлбал, орон сууц барилаа гэхэд зарагдах болов уу?
-Манай сумынхан мал аж ахуй голлож эрхэлж байна. Гуулингийнхан газар тариалантай. Хүнсний ногоогоо тариад савлаж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Аймагтаа хамгийн олон малтай сум нь манайх. Мянгат малчин ч олон байна. Мэдээж ажилгүйдэл байлгүй яахав. Гэхдээ амжиргааны төвшнөөр аймагтаа дээгүүрт ордог.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин