
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэгдээсэн өргөн хүрээтэй худалдааны дайн нь эдийн засгийн уналт үүсгэнэ гэх айдас үүсгэж буй энэ үед хөрөнгө оруулагчид капиталаа хадгалах хачирхалтай газар олов. Тэр нь БНХАУ. Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээс хойш Хонконгийн Hang Seng индекс 17 хувиар өссөн байна. Тус хувьцааны индекст БНХАУ-ын олон томоохон компаниуд бүртгэлтэй байдаг юм.
Харьцуулахад АНУ-ын хамгийн том 500 компани бүртгэлтэй байдаг S&P 500 индекс ес гаруй хувиар буураад буй. Харин АНУ-ын хөрөнгийн зах зээлээс нийтдээ дөрвөн их наяд ам.доллар арчигдаад байгаа юм. Трамп гаалийн татвар тавих талаар хэт тогтворгүй мэдэгдэл гаргаж, холбооны засгийн газрын зардлыг бууруулна гэж хийж буй алхмууд нь Америк компаниудын хувьцаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах чанарт нь нөлөөлжээ.
Хонконгт үйл ажиллагаа явуулдаг “Pictet Asset Management” фирмийн ахлах ажилтан Эди Вонг хэлэхдээ АНУ-ын капиталд хөрөнгө оруулахаас өөр сонголт байхгүй (TINA) гэх үзлээс өөр бодит хувилбар бий (TIARA) гэх бодолд шилжсэн гэсэн байна.
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн дийлэнх хувийг технологийн компаниуд үүсгэжээ. Он гарснаас хойш тэдгээр компаниудын хувьцаа 29 хувиар нэмэгдэж, хоёр долоо хоногийн өмнө сүүлийн гурван жилд үзэгдээгүй дээд хэмжээндээ хүрсэн юм. Вонг технологи, батлан хамгаалах, хэрэглэгчдэд чиглэсэн салбаруудад өсөлтийн боломж бий гэж харж буйгаа илэрхийлжээ.
Хятадын хувьцаанууд өсөлт үзүүлнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж буй гол шалтгаан нь хямд үнэтэй байгаа явдал юм. БНХАУ-ын хувьцаанууд 2021 онд үзүүлсэн дээд цэгээсээ 30 хувиар бага үнээр арилжиж байгаа. Цар тахлын үеэр БНХАУ-ын засгийн газар технологийн компаниудын хувьцааг дарж, тус улсын үл хөдлөх хөрөнгө болон эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдал таагүй харагдаж байсан нь ийнхүү сүүлийн жилүүдэд хувьцааны ханш унахад хүргэсэн юм.
Гэхдээ саяхан БНХАУ-ын “DeepSeek” компани өндөр хүчин чадал бүхий ч хямд өртөгтэй бүтсэн гэх хиймэл оюун ухаанууд танилцуулсан нь технологийн компаниудад ихээхэн өсөлтийг авчирчээ. Мөн БНХАУ-ын засгийн газар иргэдийн хэрэглээг дэмжих төсвийн урамшуулал зарласан нь сааралд ороод буй эдийн засгийн өсөлтийг нь дэмжинэ гэх найдлага төрүүлсэн юм. Энэ нь мөн хувьцааны өсөлтөд нөлөөлж буй.
БНХАУ-ын хувьцаануудыг хөрөнгө оруулагчид сонирхох нь нэмэгдсэн явдал АНУ-аас гадна БНСУ, Энэтхэгийн хөрөнгийн зах зээлд ч мөн нөлөөлж байгаа аж. “J.P Morgan” банк мэдэгдэл хийхдээ сүүлийн долоо хоногуудад ам.доллар, юанийг хонконг доллар болгон арилжих гүйлгээ урьд өмнө нь байгаагүй нэмэгдсэн гэжээ. Энэ нь Хонконгийн хөрөнгийн бирж дэх хувьцаа руу мөнгө урсаж байгааг илтгэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters