|

“Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглоно

zulaa 2024/11/30 72 0

Сингапурын Марина Бэй Сэндст театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур 10-р сарын 10-20-нд Токио хотод, 10-р сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна. Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Асакуса зэрэг газруудад хийжээ. Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсерээр Tremendous Entertainment компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах аж. “Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн. “Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтын санамж бичгүүдийг үзэглэсэн. Тэгвэл энэхүү санамж бичгүүдийн дагуу Азийн аялан тоглолтын дараагийн зах зээл нь Япон боллоо. Ингэснээр эл жүжиг нь Монголын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар тоглодог жишиг болж буй юм. Мөн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрэх ажил эхэлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top