|

“Цусны даралтын эсрэг аян” Монгол Улсын 21 аймагт амжилттай хэрэгжлээ

khulan 2024/08/23 129 0
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг ХААН Банк сангийн дэмжлэгтэйгээр П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ хамтран 2017 оноос хэрэгжүүлж, өнөөдөр амжилттай дууслаа.
Уг аян жил бүр тодорхой тооны аймгуудад хэрэгжсээр, өдгөө эх орноо бүтэн тойрч, давхардсан тоогоор 61 мянга гаруй иргэнийг зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээ, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулж чадлаа. Мөн энэ хугацаанд аймаг, орон нутгийн 1500 гаруй эмч мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөө жил Монгол Улсын зүүн бүсэд буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт өрнөж, хамгийн сүүлд Говьсүмбэр аймгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэсэн юм.
“Аян зөвхөн үзлэг оношилгоогоор хязгаарлагдсангүй, иргэдийн дунд цусны даралт ихсэлт болон түүнээс шалтгаалах бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг түгээж, иргэдийг амьдралын хэв маягаа өөрчлөхөд уриалсан чухал ач холбогдолтой юм” хэмээн Улсын III төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир дүгнэсэн.
Мөн “Энэхүү аяныг Монгол Улсын 21 аймагт амжилттай хэрэгжүүлж, бүх аймгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгодоо хүрч чадсан нь үнэхээр бахархалтай үр дүн байлаа” гэж ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар онцоллоо.
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан нь аяныг дэмжихэд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хувийн хэвшлийн байгууллага Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм. Мөн нийгмийн сайн сайхны төлөө хувийн аж ахуйн нэгжүүд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг харуулсан тод жишээ боллоо.
Хэдийгээр "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" энэ хүрээд өндөрлөж буй ч ХААН Банк болон түүний хамтрагч байгууллагууд иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө цаашид ч шинэ санаачилгууд гарган тууштай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байна.   
Тус аяныг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ, мөн 21 аймгийн эмнэлгийн байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл

top