|

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024” Дорнод аймгаас эхэллээ

khulan 2024/07/29 113 0
Монголчуудын өвчлөлийн зонхилох шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо нээлтээ хийлээ.
Дорнод аймгийн хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудад амьсгалын тогтолцоо, зүрх судас, шээс, хоол боловсруулах, тогтолцооны тогтолцооны өвчлөл орж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид бүртгэгдсэнээр зүрх судасны өвчний 40.2 хувийг цусны даралт ихсэлт, 23.6 хувийг зүрхний шигдээс эзэлж буй нь хүн амын дундах тархалт өндөр байгааг харуулж байна. Зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн 62.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 82.5 хувь нь 40-өөс дээш насны иргэд байгааг тус судалгаанд мөн онцолжээ.
ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 17 аймгийн нийт 41,300 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 1500 эмчийг сургалтад хамруулж, олон мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулаад буй.
Энэ удаагийн аяны хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх бөгөөд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох сургалтууд зохион байгуулж байна. Аяны өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд үзлэг оношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дорнод аймагт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж, 8-р сарын 1-2-ны өдрийг дуустал дараагийн өртөө Сүхбаатар аймагт, мөн 8-р сарын сүүлчээр Хэнтий, Говьсүмбэр аймгийн иргэдэд хүрч ажиллах юм.
Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг зарцуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл

top