|

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын шүршүүрийн өрөөнд байршуулсан камер нь зөрчлийн шинжгүй гэж үзжээ

khulan 2024/03/27 3206 0
Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг шалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, тус газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, аймгийн Цагдаагийн газраас дээрх мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг явуулахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер нь ямар нэгэн тоног төхөөрөмжид холбогдоогүй, бичлэг хийдэггүй болох нь тогтоогдсон байна.
Тиймээс эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, ялангуяа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулж, цаашид хүний эрхийн зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнчлэн “нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, уг дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах, мэдээллийн эзнээс өөр хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг бусдад үзүүлэх, хуулбарлаж өгөх”-ийг хориглосон байдаг. Хуульд ажиллагаатай, ажиллагаагүй гэлтгүйгээр төхөөрөмж байршуулахыг хориглосон байтал цагдаа, прокуророос дээрх шийдвэрийг гаргажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top