|

ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хаягдал баттерей хадгалах сав бүтээжээ

nomun 2023/01/19 362 0


Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд 100 бүтээлч ажлын уралдаан зарласан. Уг уралдаанд зориулан үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэнгийн залуус хаягдал материал ашиглаж, батарей хадгалах сав хийсэн байна.

Хэрэглэсэн батарейг хадгалах энэхүү савыг хаягдал бүтээгдэхүүн болох цаасны гол ашиглаж хийжээ. Ашигласан батарейг байгальд хортой хаягдал хог гэж үздэг. Тэгвэл батарей хадгалах сав хийснээр асуудлыг бага ч болов эмх цэгцэд оруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Хаягдал батарей хадгалах савыг Зураг төслийн хүрээлэнгийн тэргүүлэх инженер А.Соджаргал санаачилсан бөгөөд өнөөдөр Аж ахуй, үйлчилгээний цехэд 170 ширхгийг хүлээлгэн өглөө.

Энэ талаар Зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамир: “Эрдэнэт үйлдвэр ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажилладаг. Сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд гарсан цаасны гол ашиглаж энэ батарейны савыг хийсэн. Тус хүрээлэнгийн 10 залуу энэ бүтээлч ажилд оролцлоо. Бид ажлын бус цагаар хоёр сар ажиллаж нийт 170 сав хийсэн. Энэ нь компьютерын гар, хулганад хэрэглэгддэг хуруу зай буюу тусгай хог хаягдал хийх зориулалттай бичил сав юм. Иймээс оффисын ажилчдын ширээн дээр байрлуулах боломжтой шинэ бүтээгдэхүүн болсон. Тусгай хог хаягдал учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, холбогдох байгууллагад нь нэгдсэн журмаар өгч устгал хийлгэх ёстой. Уг зайны сав дүүрсэн тохиолдолд хэрэглэгчид Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгөх шаардлагатай. Бүх газрууд батарей хэрэглэж байгаа. Иймээс аймгийн хэмжээнд батарейн савыг түгээх боломж бий. Цаасны гол нь манай бүтээгдэхүүний хаягдал учраас энэ савыг хийгээд явах боломжтой юм” хэмээн онцлов.

Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа: Манай цехийн ажилчид байгаль орчинд хортой хог хаягдлыг ангилан ялгаж ажилладаг. Энэ тал дээр санаачилсан ажлууд бий. Бид үйлдвэрийн захиргааны нэг, хоёрдугаар байрны коридоруудад батарей хаях савууд байршуулсан. Эдгээр залуус ашигласан батарейгаа өрөөн дотроо саванд хийх нөхцөлөөр хангаж өглөө. Мөн хоёр, гурван жил ашигласан батарейг найдвартай саванд хадгалж, дүүрэхээр нь зориулалтын дагуу устгах аргыг тооцсон маш үр дүнтэй ажил болсон байна” гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top