Орхон аймгийн 17-р сургуулийн хана, тааз, шал цөмөрч эрсдэлт нөхцөл байдал үүссэн тухай бид мэдээлсэн. Одоогоор аймгийн Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж байна. Мөн дээрх барилгын зураг төслийг зохиогч ирж нөхцөл байдалтай танилцжээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн "17-р сургуулийн сургалт өнөөдрөөс цахим хэлбэрт шилжиж байна. "Урагшлах" ХХК-ийнхантай холбогдож барилгын засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийхийг шаардсан. Ганц өдрийн бороо барилгын чанарыг шалгаад өглөө. Тендерт шалгарч ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагаа дээшлүүлж, чанартай барилга барих цаг болсныг өнөөдрийн үйл явдал харуулж байна.
17-р сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Алтанзаяа " Орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон. Манай сургуульд бага ангийн 550 сурагч, цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 гаруй хүүхэд, нийтдээ 630 гаруй хичээллэдэг. Өнөөдрөөс бүх сургалтаа цахимд шилжүүлж байна. Хүүхдүүдээ хичээл сургалтаас хоцроохгүйн тулд цаасан мтериал тараах, ном хэрэгслээр хангах зэргээр багш нар маань бүх боломжийг эрэлхийлж байна. Барилгын ажлыг гүйцэтгэсэн "Урагшлах" ХХК нь Хөвсгөл аймагт байрладаг. Маргааш тус компанийн хүмүүс ирэхээр цаашид хэрхэн засах сэлбэх талаар ярилцана" гэлээ.