БСШУСЯ-нд гологдсон ч УИХ-д хатагтай Б.Баярсайхан сошиал ертөнцийн содон мэдээ болж байна. Тэрбээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-д Завхан аймгаас сонгогдсон. Түүний энэ удаагийн дуулиан шуугиан анхных биш. Өнгөрсөн жилүүдэд буюу 2016-2020 онд багагүй дуулиан шуугианы эзэн болж явсан түүх түүнийх. Тиймдээ ч Б.Баярсайханы явсан газар будлиантай, бас балагтай хэмээх яриа гарч байх вэ дээ. Түүний болчимгүй үйлдэл, тарьсан балгийг хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр хангалттай ч бичсэн. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хоёр удаа халагдах тушаал авч байсан нэгэн. Сайд нартайгаа таардаггүй, ажлын чадваргүй хэмээн гологдож байсан удаатай. Өдгөө аавын хаалга татаад байгаа экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг анхны засгаа эмхлэн бүрдүүлэхэд буюу 2016 оны аравдугаар сард хатагтай Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар дуулиан шуугиантай томилогдож байв. Жил хүрээгүй хугацааны дараа буюу 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй" үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн ч, энэхүү шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандан зарга үүсгэж байв. Харин бүх шатны шүүхээс Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн шийдвэр гаргаж буцаан томилсон байдаг. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед боловсролын салбар шалдаа хүртэл унасныг амтай болгон ярьж, багш нар Төрийн ордонд ширүүхэн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан билээ. Тус яамны албан хаагчид төдийгүй УИХ-ын гишүүд ч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы ажлын ур чадвар, үзүүлэлтэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байсан удаатай. Тухайн үед БСШУС-ын сайд байсан Ц.Цогзолмаа "Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яаманд ажиллахаар томилогдож ирсэн хууль ёсны гэх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилох тал дээр онцгойлон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш энэ салбарын бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү" хэмээн олон нийтэд хандан хэлж байв. Үүнээс үүдэн Б.Баярсайханы суудал дахин ганхаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдсөн ч, тэр тэсч үлдсэн билээ.
Төд удалгүй газар хэлтсийн дарга нар 2018 оны арванхоёрдугаар сард түүнийг голж ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ ЗГХЭГ-т гаргасан байдаг. Тэгэхдээ "Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай БСШУСЯ-ынхан хамтран ажиллах боломжгүй. Учир нь төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байна. Иймд түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй" гэсэн утга бүхий шаардах бичиг ЗГХЭГ-т хүргүүлсэн гэдэг. Энэ дагуу ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарч, яамны ажлыг шалгаж байсан удаатай.
Эх сурвалж: Нийгмийн толь