|

Салбараа сайн удирдаж чадаагүй гэх үндэслэлээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан халагдав

batzeveg 2017/07/19 1634 0

Салбараа сайн удирдаж чадаагүй гэх үндэслэлээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан халагдав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо.Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.
 
Мөн Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө. Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Тус яамны хувьд  одоогийн Засгийн газрын танхимаас сайд нь, төрийн нарийн бичгийн даргатайгаа огцорсон цорын ганц яам болоод байна. Өнгөрөгч тавдугаар сарын 31 нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар огцруулсан билээ. Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл болсон хэмээн тайлбарласан билээ.

Тухайн үед Элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн тест задарсан нь Ж.Батсуурь сайдыг халах гол үндэслэл болж байв. Тодруулбал, "Элсэлтийн шалгалтын материал задруулан, дахин явуулахад хүргэсэн болон бусад асуудлуудад хариуцлага алдсан" гэж дүгнэсэн билээ. Тэгвэл элсэлтийн шалгалтын материал задарсан явдал бол яах аргагүй тус яамны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой алдаа юм. Тиймээс ч энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой гол буруутан бол Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Баярсайхан гэдэг нь хэнд ч илэрхий байсан юм. Гэвч тухайн үед хариуцлагыг сайд нь хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.  

Тэгвэл Засгийн газраас багагүй хэл аманд өртөөд байсан ТНБД Б.Баярсайханыг мөн салбарын ажлаа сайн хийгээгүй, салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр халах шийдвэр гаргажээ. 

Б.Баярсайханы хувьд Төрийн нарийн бичгээр томилогдсон өдрөөсөө элдэв хэл аманд өртөж байсан нэгэн юм. Түүнийг төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй  дүүгийнхээ гуйлтаар ийнхүү албан тушаалд очсон гэх яриа өнгөрсөн хугацаанд байнга дагаж байв. Түүнчлэн  өндөр албан тушаалтны хувьд нэгэн ноцтой алдаа гаргасан тухай мэдээлэл ч гарсан. Тодруулбал тэрбээр Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд  яам төлөөлөн гарын үсэг зурж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухайн зарим эх сурвалжууд хэлж байлаа.  Монгол хэлний тухай хуулийн 4.1.1-т "…Төрийн албан ёсны хэл гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх зэрэгт орчин цагийн утга зохиолын хэл, монгол хэлийг ашиглах ёстой…” гэж заасан байдаг аж. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд гарын үсэг зурсан нь түүний ажлын туршлага, мэдлэг, боловсролын нимгэнийг илтгэж байна хэмээн салбарынхан нь тухайн үед  ихэд шүүмжилж байсан юм.

Ямартай ч энэ мэт хэл  тасралтгүй хэл аманд өртөж байсан Б.Баярсайхан ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний орны хүнийг хараахан томилоогүй байна. 
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top