|

Монгол түмний хүндэлж явдаг эмэгтэй

saikhnaa 2020/02/05 3999 0

Өнөөдөр 100 насны ойн өдөр

1920 онд төрж, хувь заяаны эрхээр Монгол эрийн цайг чанахаар ирж байсан орос эмэгтэй бол А.И.Цэдэнбал Филатова билээ. Монголын хойч үеийн төлөө бүх амьдралаа зориулсан энэ эмэгтэй бидэнд зүрхний угаас гомдсоор хорвоог орхисон. Хамгийн зэвүүн нь эр нөхрөө газар шороонд нь оршуулаад байсан өдөр нь буюу 1991.04.29-ны өдөр А.И.Цэдэнбал Филатоваг прокурорын байгууллагаас байцаалтанд дуудан авчирж, дал шахсан буурлыг шөнийн 24 цаг  хүртэл байцааж үйл тамыг нь үзэж байлаа.  А.И.Цэдэнбал Филатова 1949 онд эр нөхрөө даган Монголд анх ирээд нийслэлд нь тэмээн жин явж байхыг хараад учиргүй гайхаж байсан тухайгаа дурссан байдаг. Бас Монгол хүүхдүүдийг жигтэйхэн өхөөрдөж хайрладаг төдийгүй зарим нь жаахандаа их майга байгааг хараад нялх балчир үрс амин дэмийн маш их дутагдалтайг мэдэж, санаа зовж байсан дурсамж нь үлджээ. 

Энэ үеэс эхлэн А.И.Цэдэнбал Филатовагийн өөрийнх нь санаачилга, хөдөлмөр зүтгэлээр эсгий туургат Улаанбаатарт Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд залуучуудын ордон, Залуучуудын ордон, Усан бассейн, Залуу байгальчдын станц, Туяа ресторан, хүүхдийн театр, Хүүхдийн сүүний үйлдвэр, асрамжийн газар, Яармагийн 120 ортой хүүхдийн эмнэлэг, 280 ортой нийслэл хотын хүүхдийн төв эмнэлэг, Хүүхдийн парк, Олон улсын Найрамдал зуслан, Хөгжим бүжгийн сургууль, 25 ортой цэцэрлэг ясли 9, 50 ортой цэцэрлэг ясли 21, 75 ортой цэцэрлэг ясли 11, 90-120 ортой цэцэрлэг ясли 15-ыг байгуулж эхэлснээр манай улсын бүх аймаг, сум орчин үеийн сургууль, цэцэрлэг, яслитай болох их бүтээн байгуулалт эхэлсэн билээ. 

 

А.И.Ц.Филатова Брежнев тэргүүтэй хойд хөршийн удирдагчдыг манайд ирэхэд өмнө хойно орж гүйсээр "Тэрийг энийг Монголд бэлэглээч" гэж мөнгө босгуулж, "Хүүхдийн төлөө фонд"-оо гайхалтай удирдан орон даяар хөдөлгөөн өрнүүлж энэ бүхнийг хийсэн. Барилгын шав тавихаас эхлэн бүх ажилд заавал өөрөө оролцож, зааж зөвлөж, шалгаж, загнаж зүтгэсэн түүний гавьяаг мартаж болно гэж үү.

 

 Түүний зарим дурсамжаас сийрүүлбэл:

"Хүүхдийн сан байгуулагдах үед ТУЗ-ийн даргын  алба хашиж байснаас өөр албан тушаал хашиж байгаагүй. Нэг удаа би монголчуудыг хүүхдийн цэцэрлэг барьж буйг харсан юм. Хэцүүхэн дүр зураг харагдаж байлаа. Тэгээд Монголд хүүхдийн сан байгуулах санаа төрсөн.  Хүүхдийн санд намайг ажиллах хугацаанд 50 гаруй хүүхдийн цэцэрлэг барьсан. Үүний дараа би  Олон улсын хүүхдийн пионерийн зуслан байгуулахыг санал болгосон юм… Бид Ленинградад байсан юм. Энэ үед би Улаанбаатарт хуримын ордон барих санаа олсон байлаа. 1974 онд Брежнев айлчилсан. Тэгээд би түүнд "Леонид Илич Монголын залуучуудад гэрлэх ордон байхгүй байна” гэлээ. Тэгээд "Ийм том гүрэн улсад гэрлэх ордон бэлэглэхэд юухан билээ” хэмээгээд зэргэлдээ бас залуу техникчдийн станц баригдаж байсан учир үүнийг ч мөн адил бэлэг болгооч гэсэн юм. Тэгээд тэр "За байз хө, би Сусловтой ярилцаадхая” гээд босоод явлаа. Эргэж ирээд тэр "За за. Хуримын ордон барьж болно. Харин үлдсэн нь хэтэрч байна” гэсэн юм.  

"Бидний амьдарч байсан улсын харш таван өрөөтэй. Харшийг  маршал Х.Чойбалсан бидэнд өгсөн”. "Хрущевын үед Сталины хөшөөг буулгаж байсан удаатай. Тухайн үед Сталин монголчуудын хувьд чухал хүн байсан юм. Цэдэнбал Хрущевд хандан "Та Сталины хөшөөг нурааж байна. Гэтэл манай ард түмэн үүнийг чинь ойлгохгүй” хэмээн эсэргүүцэж байсан юм. Тэгээд Сталины хөшөөг авч үлдсэн боловч ардчиллынхан  буулгасан”.  

"Миний эр нөхөр Ю.Цэдэнбал хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган зантай хүн байлаа. Түүний энэ сайхан чанарыг ашиглах гэсэн олон хүн байсан. Гэвч Цэдэнбал буруу, зөвийг ялгаж мэддэг... Тиймдээ ч дөч гаруй жил дарга хийж чадсан шүү дээ. Түүний өр нимгэн чанарыг ашиглах гээд чадаагүй хэдхэн нөхөд л түүнийг хүнд байдалд оруулсан. Түүнээс биш Монголчууд Цэдэнбалд хайртай хэвээрээ, одоо ч үгүйлэн санадаг. Нэг л өдөр үнэн ялж, түүний нэр төр сэргэнэ. Би үүнийг маш сайн мэдэж байна. Учир нь түүний бүх хайр нь ганцхан ард түмэн байсан. Түүний нүднээс л мэдэгдэнэ. Өглөө 6 цагт босож ажилдаа яваад, орой хамгийн эртдээ 11 цаг гэж ирдэг. Энэ бүхэн заримдаа надад үнэхээр хэцүү санагддаг байлаа. Ядаж нэг өдөр ч гэсэн бүхнээс холдоод амраасай гэж хүсдэг байлаа... Гэхдээ би чинь Монголын удирдагчийн гэргий. ...Цэдэнбал бичиж байсан үзгээ хүртэл эргүүлж тушаачихаад хэдхэн номоо л өөртөө авч үлдсэн шүү дээ.." 

"Би нөхрөө оршуулчихаад үнэхээр хэцүү байлаа. Ямар ч байсан Монголд 7 хонож, фондынхоо ажилтнуудтай уулзана гэж төлөвлөж байлаа. Гэвч оршуулгын орой Монголын прокурорын газраас байцаагч эмэгтэй ирж намайг байцаалаа. Нуусан алтаа гарга, хэдэн төгрөг завшсан гэх мэтээр миний зүүдэлж ч байгаагүй зүйлийг надад тулгалаа. Би Монголоор сайн ойлгодоггүй байсан болохоор гурван орлогчоо гарын үсэг зурсны дараа л гарын үсэг зурж хөрөнгө мөнгө гаргадаг байсан. Дээрээс нь оршуулгын зардал, буудлын хөлс гэж 30000 төгрөг нэхсэн. Миний сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан болохоор хүмүүсээс зээлж, гуйж байж оршуулгын зардлыг төлсөн... 

 

...Хүүхдүүдийн дунд, тэр тусмаа Монгол хүүхдүүдийн дунд байхдаа би маш их аз жаргалтай байдаг байлаа. "Найрамдал" зусланд би очих дуртай байсан. Тэнд л би үнэн сэтгэлээсээ инээмсэглэх хүүхдүүдийг харж, өөрөө ч хүүхэд шиг болчихдог байсан. Миний нөхрийн хийж бүтээсэн бүхнийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй гэдэгт би итгэдэг. Энэ бүх гүтгэлэг доромжлол хэсэгхэн зуурынх байгаасай ч гэж би итгэдэг. Монголчууд Цэдэнбалд хайртай хэвээрээ шүү дээ. Шөнө дөлөөр гэртээ ирж, үүр цайгаагүй байхад гэрээсээ гарч ажлаа хийдэг байсан Цэдэнбал жинхэнэ удирдагч байсан юм. Намайг их олон хүн муу хэлдэг байсан. Ганцхан Цэдэнбалыг хамгаалахын тулд л би их олон хүнд үзэн ядагдсан..."  А.И.Филатова

Харин манай нэрт эрдэмтэн зохиолчид  Филатова гуайн талаар ийн дурьджээ.

"Энэ эмэгтэй, бидний дуудаж заншиснаар ажаа-мама Анастасия Филатова Монголын хүүхэд залуучуудыг үнэн зүрхнээсээ хайрлан хүндэлдэг байсныг би батлан хэлэх байна... Ганц жишээ авахад Монгол хүүхдийн хамраас "чийдэн асах"-ыг үзээд хоёрхон хоногийн дараа улс даяар нусны алчуур тарааж байлаа. Түүнчлэн хүүхдийн хувцасны дэлгүүр ороод, гутлын улыг нь үзэж хатуу материалтай байхыг нь хараад, уулга алдаж улсын удирдагч, эр нөхөр Ю.Цэдэнбал руугаа болон асуудал эрхэлсэн сайд П.Дамдин нар луу "Ах аа миний хөл өвдөж байна" гэсэн захиа илгээж, асуудлыг тэр дор нь шийдвэрлэж байлаа. Бид энэ эмэгтэйг Найрамдал зуслангаас эхлээд, Хүүхдийн ордон, Хуримын ордон гээд асар их зүйл хийж бүтээснийг сайн мэднэ. Харин дээр дурдсан хөнгөн чанарын хоёр жишээ бол энэ эмэгтэйг чин зүрхнээсээ Монгол хүүхдүүдийг хайрлаж байсны тод илрэл хэмээн үзүүлэхийг хичээсэн төдий юм. Хуримын ордон, Хүүхдийн ордон, Найрамдал зуслан гээд хэлвэл энэхэн цаас багадах хүүхэд залуус руу чиглэсэн их бүтээн байгуулалтыг зууны төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын гэргий, Орос төрхтэй ч Монгол сэтгэлтэй, та бидний авгайлан хүндэлж заншсан ажаа-мама буюу Цэдэнбал-Филатова байгуулсныг би энд бахархалтайгаар хэлмээр байна. Энэ үед хүүхэд бүр жаргалтай байж, хүүхэд нас нь цагаахан байж... Жаргалтай хүүхдийн цагаан сэтгэлээр эх орон маань дүүрэн байж дээ.. Эдүгээгийн нэг ч сайдын хийж чадаагүйг Анастасия Цэдэнбал-Филатова хэдхэн туслах, нэг л жолоочийн хамтаар хийчихсэн шүү дээ... "Бүхнийг хүүхдийн төлөө" гэсэн уриан дор өөрийн хань, төрийн тэргүүн Цэдэнбалаас эхлээд, эгэл жирийн үйлдвэрийн ажилтан хүртэлх бүхий л хөдөлмөрчдийн нэг өдрийн цалинг "Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлуулаад дөрвөн зүг найман зовхист хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг яслийг иж бүрнээр нь байгуулж байлаа..." Л.Түдэв Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран зохиолч Монголд түүнд хүний ёсоор чөлөөтэй буу халж, бурах хүн ч олддоггүй байв.

Сүүлдээ хоцрогдсон Монголыг соёлтой улс болгох гэж Брежневээс өчнөөн зүйл гуйж, маанагдуу бардам тэр эрээс багагүйг салгаж байсан нь эдүгээ мартагдах шахсан аж. Тэр үнэхээр Монголд ирж байсан үеэс нь шал өөр Монголыг үлдээгээд Орос руу нөхөртэйгээ цөлөгдөхдөө яаж гомдож, цөхөрч байсныг хэн ч мэдэхгүй.

Түүний нүдэн дээр явж байсан газраа морь харж, тэр үйлдлээ огт тоохгүй хир даг болсон хувцсандаа буяны даллага гэж хайрладаг байсан Монголыг нүдний өмнө соёлжсон, хотожсон улс болгосон нөхрөө Монголын түүхэнд төрсөн ганц том удирдагч хэмээн биширдэг, хүндэлдэг, бас загнаж гамнадаг нэгэн байлаа. 

Хүний санаанд багтамгүй, ичгүүр сонжуургүй, инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй зүйлийг би энэ хоёр нүдээрээ уншлаа... Цэдэнбалыг бусдын бууны нохой мэтээр хэлж, Анастасия Ивановнаг үгийн муугаар бичсэн байна. Бурхан минь ийм аймшигтай гүтгэлгийг тэд уншаагүй л байгаасай билээ. Их л гомдох байхдаа... Нүдээ сайн нээгээд хар... Цэдэнбал ямар улс үлдээснийг..." зохиолч С.Удвал Гэвч Монголын Хүүхдийн төлөө фондын төв зөвлөлийн дарга, Монголын тэргүүн хатагтай Анастасия Цэдэнбал-Филатова, эр нөхөр Ю.Цэдэнбал шигээ эргүүлэгт орчлонгийн хатуу хувь заяаг эдэлж, 2001 онд хүний орчлонгоос бүрмөсөн хальсан бөгөөд, угаалгын өрөөндөө ухаан алдан унасан байх тэр үест өөрийнх нь хайрлаж байсан хүүхэд залуус хэдийнээ эрийн цээнд хүрч, зарим нь төр улс жолоодож, түүнийг мууг гайхаж байсныг бурхан минь тэр лав гадарлаагүй биз. 

Анастасия Цэдэнбал-Филатовагийн хайраар өсөөгүй Монгол хүүхэд бидний үеийнхэн дотор нэг ч үгүй. Ядаж л нэг удаа паркад нь тоглосон л байгаа. 

Ш.Пүрэвсүрэн 



Санал болгох

Сэтгэгдэл

top