|

Хууль бусаар төлбөрөө нэмсэн сургуулиудыг торгоно

magnai 2015/09/29 2218 315

 

ШӨХТГ-аас , МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн их сургуулиудын төлбөр, хураамж тогтоосон шийдвэр, суралцагчидтай байгуулсан гэрээ болон холбогдох дүрэм журам, тогтоол, тушаал гэх мэт шийдвэрүүд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ. Шалгалтад сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй холбоотой тодруулга авч, сүүлийн гурван жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хэрхэн тогтоосон, шинэ элсэгчдийн тоо, удирдах зөвлөл сонгосон тушаал шийдвэр зэрэг мэдээллийг хамруулжээ. Мөн тэд зөрчил гаргасан сургуулиудад энэ сарын 15-наас өмнө төлбөр нэмсэн шалтгаанаа баримт, нотолгоотой тайлбарлах боломжийг олгож, албан шаардлага хүргүүлжээ. Тиймээс албан шаардлагын хариуг хүлээж авах хугацаа дуусангуут ШӨХТГ-аас хууль бусаар төлбөрөө нэмсэн их, дээд сургуулиудад өндөр хэмжээний торгууль тавих хүртэл арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Монгол улсын их сургууль

Монгол Улсын их сургууль байгалийн ухааны чиглэлээр сургалт явуулдаг ШУС-ынхаа төлбөрийг энэ хичээлийн жилд 24.4 хувиар нэмэгджээ.

Тус сургууль инфляцийн төвшинтэй уялдуулж, гадаадын их, дээд сургуультай харьцуулахад харьцангуй бага төлбөртэй гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмсэн гэж. Мөн оюутнуудаас суурь хураамж гэх 224 мянган төгрөгийг төлбөрийг нэмж авч байгаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хяхан боогдуулж, хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогджээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль энэ хичээлийн жилд 1 кредитийнхээ төлбөрийг 1-р дамжаанд 75 мянга, бусад дамжаанд 65500 төгрөг байхаар тогтоосон нь өмнөх жилтэй харьцуулахад 10-68 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тус сургуулийн хувьд мөн л инфляцын төвшин, улс орны эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан төлбөрөө нэмсэн гэжээ.

Мөн "Юнимерчус” ХХК-тай гэрээ байгуулан 27500 төгрөгийн үнэтэй 850 ширхэг халаад, 15500 төгрөгийн үнэтэй футболк 850 ширхгийг шинэ оюутнуудад олгожээ. Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.

Монгол улсын боловсролын их сургууль

Тус сургуулийн сургалтын төлбөр дунджаар 23 хувиар нэмжээ. Ямар шалтгаанаар төлбөрөө нэмсэн талаар хангалттай баримт, нотолгоо тайлбар өгөөгүй бөгөөд бусад сургуулиас хамгийн бага төлбөртэй, инфляцын төвшинтэй уялдуулсан, бусад сургуулиуд төлбөрөө нэмсэн учраас манайх бас төлбөрөө нэмсэн гэжээ.

Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар ШӨХТГ-аас зөрчил арилгах шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулсан байна.

Т.Болор

uls.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top