Мобиком корпораци ХХК-ийн
хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний
нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг ШӨХТГ-аас
хянан шалгаж дүгнэлт гаргав.
Хяналт шалгалтаар хэрэглэгч хэрэглээ
хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцлийг өөрчилсөн
шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын
1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль
ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн.
Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцлийг
зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдлын улмаас үүссэн
хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт
оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн
давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан.
Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг
тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг
шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.
Тухайлбал хэрэглээ нь
300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мессежийг өгдөг
боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан
байдаг. Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг Мобиком
корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож
хэрэглэгчдийг хохиролгүй болгохыг даалгасан байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг