Хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэрэгт холбогдвол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан. Гэвч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газарт уг газрыг АТГ-т шилжүүлсэн. Харин сайдын суудлаасаа огцорсон Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах хуулийн төсөл өргөн бариад буй. Энэ нь өөрсдийнх нь хүмүүсийг АТГ-аас шалгаж эхэлсэн учир энэхүү хуулийн төслийг барьсан гэж харж байгаа юм.
Тэгвэл АТГ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хахуулийн хэрэгт холбогдсон прокурор, цагдаагийн офицерийг шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Налайх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Төртүвшин, цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн эрх бүхий албан тушаалтан О нарыг шалгаж эхэлжээ. Тэднийг хахууль авсан хэргээр шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, уг прокурор, цагдаагийн офицер нар нь хамтран тус дүүрэгт баригдаж буй нэгэн барилгад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь эрсэдсэн хэргийг нуун дарагдуулж, уг компанийн захирлаас хувийнхаа дансаар дамжуулан бие биерүүгээ багагүй хэмжээний мөнгө шилжүүлсэн байна.
Б.Анир
zaluu.com