|

“Тариаланчид айдастай байна Ерөнхий сайд аа”

tonshuul 2015/03/22 1947 218

 

“Тариаланчид айдастай байна Ерөнхий сайд аа”

 

Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан холбоо”-ны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ОХУ-аас улаанбуудай импортлох шаардлагагүй, учир нь дотоодын хэрэгцээг хангах улаанбуудай тариаланчдад хангалттай бий гэдгийг дахин баталсан юм.  Түүнчлэн дээрх явдлаас үүдэн хэдэн сар үргэлжилсэн маргаан явж байгаа юм.  Үйл явдлыг эргэн сөхвөл Ерөнхий сайд өнгөрсөн жил тариаланчдыг хүлээн авч уулзсан.  Энэ үеэр Улаанбаатар гурил ХХК-ний захирал Ц.Баатарсайхан дотоодын улаанбуудайн нөөц дуусч байна.  Тиймээс ОХУ-аас нэмж улаанбуудай импортлох шаардлагатай хэмээн мэдэгдсэн билээ.  Үүнээс үүдэн маргаан эхэлсэн юм.  Дээрх мэдэгдлийг Газар тариалан холбоо эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд дотоодын хэрэгцээгээ хангах улаанбуудай хангалттай бий хэмээн онцолж байсан.  Тиймээс дээрх маргааныг шийдэхийн тулд ХХААЯ, МХЕГ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгч нарт байгаа улаанбуудайн болон гурилын хэмжээг шалгах ажлын хэсэг гарсан. 

 

            Тэгвэл тус ажлын хэсгийн дүгнэлтийг "Газар тариалан холбоо”-ны төлөөлөл танилцууллаа.  Улсын хэмжээнд нийт 190 гаруй мянган тонн улаанбуудай гурилын үйлдвэрүүд болон тариаланчдын гар дээр байгаа нь нотлогджээ.  Энэ нь Монгол Улсын дотоодын хэрэгцээний 8-10 сарын нөөц буюу ирэх арванхоёрдугаар сар хүртэлх хэрэгцээний нөөц аж. 

 

            Монголын тариаланчид сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, 489 мянган тонн ургац хураан авсан.  Гэтэл ОХУ-аас нэмж улаанбуудай импортлох шийдвэр гаргасан нь ийнхүү тариаланчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.  Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-аас улаанбуудай импортлох болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Гурилын чанарыг сайжруулах зорилгоор 28 хувиас дээш цавуулагтай улаанбуудай оруулж байгаа” гэсэн.  Гэтэл импортоор орж ирсэн улаанбуудайны чанар дотоодын буудайны чанараас муу буюу 3-р зэргийн будаа орж ирсэн нь тогтоогдсон байна.  Нөгөө талаар гурилын үйлдвэрүүдээс тариаланчдад өгөх нийт хуримтлагдсан өр төлбөр нь 55 тэрбум төгрөг байгааг ажлын хэсэг тогтоожээ. 

 

Үүнээс гадна ОХУ-ын хил гаалиар чанаргүй сертификатгүй тэжээлийн улаанбуудайг Бурятын баргут компани Монгол Улс руу экспортлох гэж байгаад хураалгасан гэх мэдээллийг тэд өглөө.  Тодруулбал Баргут компани нь Улаанбаатар гурил ХХК-д буудай нийлүүлдэг нь тогтоогдсон байна.  Тус компани Монгол Улсын иргэн Ховд аймгийн ИТХ-н төлөөлөгч Б.Бат-Энэрэл гэдэг хүний нэр дээр байгуулагдсан ажээ.  Тиймээс тус байгууллагыг шалгах ёстой гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж байсан юм. 

 

Энэ үеэр Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат "Манай тариаланчдад нэг айдас байна.  Р.Бурмаа сайд тушаал гаргаад будааны үнийг унагачих болов уу, дахин импортоор будаа оруулчих болов уу гэж айж байна.  Мэдээж дотооддоо хэрэгцээгээ хангах улаанбуудай тариалчихаад байхад гаднаас аваад байвал ямар хэрэг байх вэ.  Тэгэхээр тариаланчид л хохирно шүү дээ. Уг нь бид энэ асуудлыг аль эртнээс тавьж байсан юм аа.  Гэтэл нэг ч асуудал шийдэгдсэнгүй.  Энэ бол хөгжил, дэвшил биш.  Яамнаас хамааралтайгаар тариаланчид ийм хэмжээний хохирол амсчихаад байна. Гэтэл яам нь юу хийхээ мэдэхгүй, юу ч хийхийг хүсэхгүй байна.  Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүнд анхаарах хэрэгтэй.  Тэгж байж шийдвэрээ гаргах ёстой” гэлээ. 

 

Д.Анар  

 

Санал болгох

Сэтгэгдэл

top