|

Ж.Амарсанаа: Д вирусийн эсрэг гарч буй эмүүдийн гаж нөлөө өндөр байна

namuunaa 2015/09/24 2305 207
Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Элэгний Дельта буюу D вирусийг нээсэн эрдэмтэн Mario Rizzetto Монголд ажиллаад буцжээ. Эмч нарт нэлээдгүй сургалт зохион байгуулсан гэсэн. Монгол эмч нар энэ хүнээс юу  авч үлдсэн талаар сонирхъё?

 

 

-Эрүүл мэндийн яам, "Омбол”, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтраад "Элэгний вируст гепатитын оношлогоо, эмчилгээ, менежмент” сэдвээр хоёр өдрийн сургалт явуулсан. Эмч хүнийхээ хувьд энэ сургалтад суулаа. Энэ үеэр гадны чадалтай, энэ чиглэлийн эрдэмтэн, эмч профессорууд ирж илтгэл тавьсан. Илтгэлээс гадна манай эмч нарт сургалт хийлээ. Элэгний С вирусын шинэ эм Монголд орж ирэх гэж байгааг энэ эмч нар мэдэж байна. Тэгээд энэ эмийг орж ирэхээр яаж эмчлэх ёстой, эмчилгээний арга барил  ямар байх ёстой вэ, хяналтыг яаж хийх вэ, хүндрэл гарвал яаж давж туулах ёстой вэ, оношлогоог яаж зөв хийх ёстой юм гэсэн сэдвээр олон лекц тавигдлаа. Mario Rizzetto гэдэг профессор бол элэгний Д вирусыг дэлхийд анх нээсэн хүн л дээ. Энэ хүний амнаас энэ вирусын талаар асуулт асууж, хариулт авсандаа манай элэгний олон эмч баяртай байгаа. Миний хувьд олон асуулт асууж, хүсч байсан зарим хариултуудаа олж авлаа. Эмч нарын хувьд хүн үзээд явж байхад эргэлзэх асуултууд гарч ирдэг. Тэр асуултуудыг асууж эргэлзээгээ тайлж чадсан.

-Тухайлбал?

-Энэ хүмүүс Монгол оронд шинэ эмчилгээ орж ирээд удахгүй эмч нар нь эмчилгээгээ эхлэх гэж байгааг дуулаад их баярлаж байна лээ. Нөгөө талаараа цагаанаар хэлэхэд атаархаж байна гэдгээ хэлсэн. Профессор Mario Rizzetto хэлэхдээ "С вирусын шинэ эм манай Италид орж ирээгүй байгаа. Орж ирэхээр бол маш өндөр үнээр орж ирэх гэж байгаа. 50 мянган еврогоор эмчлүүлнэ. Энэ нь манай Италид үнэхээр үнэтэй учраас эмчилгээнд хамрагдаж чадах, чадахгүй хүн олон байна. Монгол Улсад гурван сарын эмчилгээ нь 1200 доллар байна гэдэг үнэхээр хямд байна. Сайхан үйл явдал байна” гэдгийг онцолж хэлсэн.

-Шинэ эмийг манайхан хэн нэгний бизнес гэж ойлгоод, итгэж ядаад байгаа?

-Бид Mario Rizzetto профессороос бас асуусан. "Шинэ эмийг манай ард түмэн буруугаар ойлгоод, туршилт хийх гээд байна гэх зэргээр мушгиж ойлгох хүмүүс бас байх юм. Та тэр улсуудад зориулаад нэг үг хэлэхгүй юү гэхэд "Энэ эм бол гайхамшиг байгаа юм. Дэлхийн түүхэнд аливаа нэг өвчнийг бүрэн устгах боломжтой. Гэвч тийм шинэ эм амар гарч ирдэг эд биш. Энэ бол дэлхийн анагаах ухааны түүхэнд ховор олдох боломжууд юм. Тэгэхээр энэ боломж Монголын ард түмэнд олдож байгаад би хувьдаа маш их баяртай байна. Яагаад гэвэл монголчууд маань дэлхий дээр элэгний хавдраараа тэргүүлдэг. Түүний үндсэн шалтгаан нь элэгний С вирус, В вирус. Тийм учраас эдгээр эмүүд орж ирнэ гэдэг бидний хувьд ч гэсэн маш том баярт үйл явдал юм. Шинжлэх ухааны ололт бүтээлийг эргэлзэхгүйгээр сайхан хүлээж аваад цөөхөн жилийн дараа Монгол улс элэгний С вирусгүй болчихсон байхад би эргэж ирнэ гэж бодож байна” гэж хэлсэн.

-Одоо орж ирж байгаа элэгний "Харвони” эм зөвхөн С вирусыг эмчлэх үү? Д вирусын эмчилгээ Монголд хэр байдаг вэ?

-Элэгний дельта буюу Д вирусын эмчилгээнд ерөнхийдөө шинэ юмнууд гарч ирж байгаа талаар профессор маань дурдсан. Гэхдээ хамгийн ноцтой нь С вирусын эмчилгээ шиг гайхамшигтай үр дүн гараагүй байна. Хоёрдугаарт, Д вирусын эсрэг шинээр гарч ирж байгаа эмүүдэд гаж нөлөө их өндөр байна. Ууж байгаа хүндээ их хүндээр тусч байгаа учраас тэр эмчилгээг хийлгэх ач холбогдол байна уу, үгүй юу гэдэг дээр их эргэлзэж байна. Гуравдугаарт, ирээдүйд В вирусыг бүрэн устгах эм бэлдмэлүүд гараад ирвэл Д вирус угаасаа арилчихна. Яагаад гэхээр В вирустай хүн Д вирусын халдвар нэмж авдаг. Д вирусыг бүрэн арилгачих юм бол яваандаа Д вирусын халдвар яваандаа алга болох юм гэсэн байр сууринаас хандаж ярьж байна лээ. Монгол орон дельта вирусын халдвараар өндөрт ордог. Манай Монголын ард түмэн, манай өвчтөнүүдэд ач холбогдолтой, оюуны хөрөнгө оруулалтыг энэ профессор хийгээд явлаа гэж ойлгож байгаа.

-С, В вирустэй хүмүүс Д вирусээр өвчлөх магадлал өндөр байх нь. Огт вирусгүй хүнд Д вирус халдах уу?

 -Дельта вирусын онцлог нь зөвхөн В вирустэй хүнд халдвар авна. Түүнээс биш С вирустэй хүн халдвар авахгүй. Огт вирусгүй хүн халдвар авахгүй. Зөвхөн В вирусээр халдвар авдаг. В вирусын гадаргуун уургийг ашиглаж амьдардаг празит маягийн дангаараа амьдрах чадваргүй тийм вирус юм л даа. Вирус судлалын удам угшлаас аваад үзэхээр нэлээд эртний вирус байж таарч байгаа юм. Нэг бол В вирустэй хамтдаа байж байгаад В вирусээс салж явсан "хүүхэд” нь байж магадгүй гэсэн таамаглалууд бий. Нэг бол нэлээн эртний В вирусуудын нэг байсан байж болзошгүй гэж үзэж байгаа.

-Устгахад хэцүү юү?

-Вирус судлалын хувьд сонирхолтой вирусуудын нэг. Устгахад маш хэцүү. Дельта вирус үржихдээ хүний эсийн дотор байгаа ферментийг ашиглаж үрждэг. Тийм учраас ферментийг гацаах, зогсооход маш хүндрэлтэй. Хүний ферментийг зогсоовол эс нь үхээд эхэлдэг. Тийм учраас Д вирусыг устгахын тулд хүний эсийн ферментийг ямар нэгэн байдлаар гацаах ажил гарч ирнэ. Тэр нь хүнд ноцтой хор хөнөөл, гаж нөлөөтэй байгаа учраас эмчилгээ нь маш хэцүү байгаа юм. Ойрын 10 жил олигтой эмчилгээ харагдахгүй байна. Цаашдаа 50, 60 жилийн дараа технологи, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ гарахыг үгүйсгэхгүй.

-Монгол орон дельта вирусын халдвараар өндөрт ордог гэж хэлсэн. Д вирусээр өвчилсөн хүмүүсийн тооцоо судалгаа байдаг уу?

-Д вирусын өвчлөл дээр хэд, хэдэн тоонууд байдаг. В вирустэй хүмүүсийн дотор 34-37 хувь гэсэн судалгаа байна. Сүүлийн үеийн судалгаагаар 50, 60 хувь эзэлж байна гээд байгаа. Ийм өндөр үзүүлэлттэй байна гэдэг ховор үзэгдэл. Магадгүй шинжилгээний зарим алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт хүн ам биш шүү. В вирустэй хүмүүсийн доторхи судалгаа. Үүн дээр дахин нягтлах шаардлагатай. Энд дорвитой гуравдагч судалгаа хийх шаардлагатай. Ерөнхийдөө вирусын судалгааг ул суурьтай зөв хийх хэрэгтэй.

-Элэгний өвчлөлд юу голлон нөлөөлж байна вэ? Яаж сэргийлэх ёстой вэ?

-Ер нь В, С вирусын халдвараас урьдчилсан сэргийлж чадвал Д вирусын халдвар авах боломжгүй. Хагалгаа хийлгэх, эрсдэлтэй зан үйл шивээс, хөмсөг шивүүлэх, шүдний эмчилгээ хийлгэх зэргээс халдвар дамждаг. Хамгийн их халдвар дамждаг зүйл чинь шүд юм шүү дээ. Шүдний халдвар маш аюултай. Зарим үед хануур, төөнүүрийн зүүг маш ариун байлгаж, хийж байх ёстой.

-Монголчууд ер нь өвчнөө хүндүүрлээд эмнэлэгт хандах нь түгээмэл. Элэгний өвчлөл хэрхэн илэрдэг вэ. Ямар үед эмчид хандах ёстой вэ?

-Өөрийгөө ямар нэгэн байдлаар эрсдэлт алхамд орсон гэж үзэж байвал жишээлбэл, би дээр хэлсэн. Ямар нэгэн байдлаар шивээс, шүд эмчлүүлсэн, аборт хийлгэсэн ямар нэгэн цусан ажилбар болох цус юүлсэн, тариа хийлгэсэн бол өөрийгөө эрсдэлтэй гэж бодоод, түүнийхээ дагуу вирустэй эсэхээ баталгаажуулах хэрэгтэй. Вирустэй байвал нарийн мэргэжлийн эмчид очиж эмчлүүлж байх ёстой. Элэгний хорт хавдрын үед голдуу хатуурал үүссэний дараа хорт хавдар үүсдэг. Тийм учраас хатуурал үүсгэхгүйн тулд оношлогоо эмчилгээгээ маш сайн хийлгэж байх ёстой, хатуурлын шинжилгээнүүдийг өгч байх ёстой. Ингээд явж байхад элэгний өвчлөлөөр нас барах магадлал харьцангуй бага юм.

-Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд элэгний өвчлөлд ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Бид бүхэн үндэсний хөтөлбөр санаачлаад нэлээн дөхүүлээд үлдээсэн. Биднийг ажиллаж байхад элэгний хорт хавдрыг эрт оношлох Үндэсний стратегийг баталсан. Одоо хамгийн гол нь элэгний хорт хавдар тусах эрсдэлтэй бүлгээ тогтоож авах ёстой. Тэрийг маш богино хугацаанд тогтоогоод, тэр хүмүүсийг ойр, ойрхон шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах ёстой. Энэ ажил удаашралтай явагдаж байна. Манай яамныхан ажиллаж байгаа байх. Тэрнээс гадна С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг өөрчлөөд, одоо вируст гепатитыг устгах шинэ хөтөлбөр боловсруулж байгаа юм билээ. Тэрийг удахгүй Засгийн газраар оруулна гэж яамны холбогдох албан тушаалтнууд хэлж байна лээ. Удахгүй тэр хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар батлагдах байх.

-Хэрвээ тэр хөтөлбөр батлагдвал иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ?

-Хэрвээ батлагдвал гаднаас орж ирж байгаа шинэ эмүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах юм уу, гаалийн татвараас чөлөөлөх ч байдаг юм уу, оношлогооны зарим  хэсгүүдийг нь эрүүл мэндийн даатгалд хамруулах ч юм уу ийм ажлууд хөтөлбөрт уг нь багтсан байсан. Намайг байхад л багтчихсан байсан. Тэр чигээрээ явж байгаа бол оношлогоо, эмчилгээний тодорхой хэсгүүд эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

-1200 долларын үнэтэй элэгний эмийг С вирустэй хүмүүс хэрэглээд өвчин ул мөргүй арилах уу?

-С вирусын хувьд ор үндэсгүй эдгэрнэ. Ерөөсөө 95-99 хувь гэж ойлгож болно. Д вирусын хувьд шал өөр. Бүрэн эдгэрэлт маш муутай. Азийн зарим оронд эдгэрэлт 10 хувьтай байна гэж байна. Европын орнуудад гурван хувиас гардаггүй. Вирусын төрлөөс, эмчилж байгаа эмчилгээнээс шалтгаалдаг юм байна.

-С вирусын энэ эм бусад орнуудыг бодоход зах зээлийн үнээс хямд орж байгаа гэсэн. Гэхдээ 1200 доллар гэдэг манай зарим иргэдийн хувьд ахадсан үнэ. Иргэдийн худалдан авах чадварт боломжийн гэж үзэж байгаа юу. Ямар нэгэн хөнгөлөлт эдлэх үү?

-Монголд орж ирж байгаа үнэ нь дэлхийд боломжтой хамгийн хямд үнэ. Үүнээс хямд үнэ гэж одоохондоо дэлхийд байхгүй. Энэ үнээр манайд худалдаж авч дийлэхгүй улсууд байгаа. Тэр дийлэхгүй улсуудыг нь эрүүл мэндийн даатгалд оруулахын тулд үндэсний хөтөлбөр гэдэг юмыг нь анх санаачлаад явж байсан юм. Тэгэхээр энэ хөтөлбөр Засгийн газраар батлагдчих юм бол тэр тодорхой эмчилгээний зардлыг даатгалаар нь хамруулаад явъя гэсэн байр суурьтай явж байгаа.

-Дахин уух шаардлагагүй юу. Гурван сарын дотор л бүрэн эдгэрнэ гээд байгаа?

-Сарын эмчилгээ нь 400 буюу гурван сарын эмчилгээ нь 1200 долларын үнэтэй эм. Энэ эмийг уугаад, С вирусээ бүрэн устгах боломжтой. Дахин дахин уух шаардлагагүй. Уусны дараа вирус тоолох ганц хоёр хяналтын шинжилгээ хийнэ.

-Эмийг хаагуур худалдаалах вэ. Эмчийн хяналтад хэрэглэх ёстой байх?

-Эмийг хэд, хэдэн эмнэлэг дээр зөвшөөрөлтэй эмч нэр өгөх юм. Эмч нарын жагсаалтыг гаргасан байгаа. Аль нэг эмч дээр очоод хяналтад ороод, өвчтөнөө бүртгээд хянаад явах юм. Яамнаас 100-гаад эмчид гэрчилгээ өгсөн. Тэр гэрчилгээтэй эмч нар удирдах эрхтэй. Миний хувьд гэрчилгээгээ авсан учраас сургалтад суугаад, эмчийнхээ ажлыг хийгээд явж байна.

-Хүмүүс энэ эмийг хэрэглээд ирэхээр элэгний өвчлөл харьцангуй буурах байх. Гэхдээ Монголын элэгний өвчлөлийн ойрын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?

 -С вирусын хувьд ирээдүй маш гэгээлэг байгаа. 5-10 жилийн дотор С вирусээс Монгол Улсыг салгана гэсэн нэлээн амбицтай зорилт тавьчихсан байгаа. Хэрэгжүүлэх гэдэг бол тусдаа асуудал. Сайн хэрэгжүүлж чадвал бид богино хугацаанд устгах бүрэн боломжтой. Хүн амын хувьд харьцангуй бага, зарим төвийн хэсгүүдээрээ төвлөрөл ихтэй. В вирусын хувьд вакцинаар бага, багаар устгаж явна уу гэхээс нэгэнт халдвар авчихсан улсууд бүрэн эдгэрэхэд хэцүү. Зөвхөн өвчнийг цааш явуулахгүй вирусыг дарангуйлдаг эмүүд маш олон байгаа. Тэдгээр эмчилгээг хийгээд явна. Цаг хугацаа их шаардагдана. Зарим хүмүүсийн хувьд насан туршдаа В вирусын эм уух шаардлага гарч байгаа. Өвчтөнүүд маань урт хугацаагаар эмчилгээгээ хийлгэнэ гэдгээ бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Зарим өвчтөнүүд эмчилгээний дундуур таслаад алга болдог, эмээ дутуу уудаг байдал ажиглагддаг. Үүн дээр сайн анхаарах ёстой.

Ж.ГАНАА

MEDEE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top