|

Ууц чанахад тусгай зөвшөөрөл авна гэсэн асуудал байхгүй

tonshuul 2015/02/04 6721 1317

 Ууц чанахад тусгай зөвшөөрөл авна гэсэн асуудал байхгүй

 

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Жилээс жилд Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр Нарантуул олон улсын худалдааны төв ачаалал ихтэй байдаг. Харин энэ ачааллыг бага ч гэсэн хөнгөлөх үүднээс хэдэн хэдэн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.

-Энэ жил хаана хаана Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна вэ?

-Төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран "Монголд үйлдвэрлэв – 2015” өргөтгөсөн худалдааг 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулж байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт Сар шинийн өргөтгөсөн худалдаа явуулж байгаа. Мөн 2 дугаар сарын 7-ноос 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд Цагаан сарын өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дүүргүүдийн хувьд өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүрэгт "Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, "Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт "Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт "Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт "Скай трейдинг” ХХК, "Номингийн тав трейд” ХХК, "Хоум плаза”-гийн дотор талбай, "Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт "Силвер” худалдааны төвд, "Сувдан” төвийн дотор талбайд тус тус гарч байна. Уг өргөтгөсөн худалдаа 1 дүгээр сарын 23-наас эхэлсэн бөгөөд Сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Сүү цагаан идээний өргөтгөсөн худалдаа гэхэд л Баянзүрх дүүрэг Архангай аймгийн хэд хэдэн сумтай хамтран ажиллах гэрээ байгуулж, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа юм.

-Чингисийн талбайд зохиогдох өргөтгөсөн худалдааны тухайд ?

-Нийслэлийн хэмжээнд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Энэхүү худалдаанд томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд оролцох юм. Тухайлбал, "Алтан жолоо” групп, АПУ ХК,  Сүү ХК, "Талх чихэр” ХК, "Өгөөж чихэр боов” ХК, Алтан тариа ХК, Оргио ХХК, Саян-Уул ХХК, Мах маркет ХХК, Мах импекс ХХК,”Миш маш” ХХК, Тэсо ХХК, Траст трейд ХХК, Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Грийн сити ХХК, Best shoes ХХК, Чансаа гутлын дэлгүүр, Эксклюзив ХХК, Старри Скай ХХК,  "Ноос ноолуурын холбоо”, "Арьс шир үйлдвэрлэлийн холбоо” зэрэг  20 гаруй байгууллага урьдчилсан захиалгаа өгсөн. Уг үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир, ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Мөн өргөтгөсөн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүдтэй холбоо барьж байршлаа авч болно.

-Энэ жилээс эхлэн ууц чанах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрөл авдаг болно гэсэн яриа иргэдийн дунд гарчээ. Та энэ талаар тодруулахгүй юу ?

-Энэ асуудал өмнөх жил бас гарч байсан. Ер нь ууц чанахын төлөө тусгай зөвшөөрөл авна гэж байхгүй шүү дээ. Гол нь гэр барьж зориулалтын бус газар ууц өвчүүг чанадагаас болж урьд өдөр нь иргэд өвчүү чануулах гээд өгчихөөд маргааш нь авах гээд очихоор нүүчихсэн байдаг, хохироодог тохиолдол цөөнгүй гардаг учраас зориулалтын гал тогоотой газар ууц өвчүүгээ чануулах хэрэгтэй. Тэрнээс биш тусгай зөвшөөрөл олгоно гэсэн асуудал  байхгүй,

/Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ/

Санал болгох

Сэтгэгдэл

top