|

Төрийн сайд сонгуулийн хууль зөрчөөд байж болох уу

nomun 2018/10/05 664 0

Төрийн сайд сонгуулийн хууль зөрчөөд байж болох уу


Энэ намар томоохон хоёр сонгууль товлогдсоны нэг нь Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль, нөгөөх нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль юм. УИХ-аас Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг энэ долоо хоногт зохион байгуулахаар товлосон ч Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хойшлуулсан.

Харин Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт энэ сарын 7-ны өдөр буюу ням гаригт болно. Тиймээс сонгуулийн сурталчилгааг өнөөдөр 00:00 цагт албан ёсоор хаах юм.

Энэ сонгуулийн үр дүнгээс шалтгаалан тус аймгийн Засаг дарга МАН, АН-ын алинаас нь томилогдох нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, нутгийн захиргааны эрх мэдэл энэ хоёр намын алинд нь шилжих нь тус нөхөн сонгуулиас шалтгаалж байна гэсэн үг. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд хоёр нам ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

2004-2016 хүртэл Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулан орон нутгийн эрх мэдлийг "атгаж” байв. Энэ хугацаанд тус аймаг жишиг аймаг болтлоо дэвшилттэй ажиллаж чадсан байдаг. Тухайлбал, бусад аймгуудад байхгүй хаус хороолол тэнд баригдсан.

Мөн гэр хорооллын айлуудаа инженерийн шугам сүлжээнд холбосон, "Таван эрдэнэ” малтай хороолол, "Боловсрол” хороолол, 200 хүүхдийн дотуур байр, Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амралт, сувиллын байр гэх мэт бүтээн байгуулалтын олон ажил энэ л хугацаанд хийгдсэн байдаг.

Харин 2016 оны сонгуулийн дүнгээр тус аймгийн ИТХ-ын 33 суудлын 17-г МАН авч, ганцхан суудлаар илүүрхсэн юм. Гэвч илүүрхэж байсан ганц суудлын эзэн Сонгуулийн хууль зөрчсөнийг анхан шатны шүүхээс тогтоож, дахин сонгууль зарлахаар аймгийн Сонгуулийн хороо шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад МАН-ынхан "хэргийн эзэн”-ийг оролцуулан 50+1 хувийн ирц бүрдүүлэн Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөрийг томилсон байдаг юм.

Тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь түүнд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн ч энэ асуудлаар шүүхэд хандсан байдаг. Харин шүүхээс МАН-аас томилогдсон З.Энхтөрийн томилгоог хууль зөрчөөгүй гэж үзсэнээр тэрбээр өнөөдрийг хүртэл тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Нам нь УИХ-д олонх болж Засгийн эрхийг барьсан нь З.Энхтөрийг аймгийнхаа Засаг дарга болоход нөлөө үзүүлсэн гэж хардах хүмүүс байдаг. Харин асуудалтай ганц тойрогт одоо аль нам ялалт байгуулах вэ гэдэг нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаад байна. Ямартай ч сонгуулийн сурталчилгаа явагдаж байна.

Сонгуулийн сурталчилгааг төрийн дэд сайд Сонгуулийн хууль зөрчин явуулж байна гэдэг мэдээлэл гарч эхэлсэн нь анхаарал татав. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга Ш.Лхамсүрэн Сонгуулийн тухай хуулийг зөрчин сурталчилгаа явуулж байгаа аж.

Тэрбээр ухуулагчийн үнэмлэхгүй хэрнээ айлуудаар орж ухуулга хийсэн байна. Ингэхдээ хувийн машинаа унаж, хамгаалалтын алба, бөхчүүдээр хүрээлүүлэн ажилласан гэх мэдээлэл байгаа юм. Хамгийн ноцтой нь архи хэрэглэсэн үедээ ухуулга сурталчилгаа хийсэн гэж сонгуулийн сурталчилгаанд ажилласан ажилчид хэлж байна. Түүний хууль зөрчсөн үйлдлийг тус аймгийн АН баримтаар баталгаажуулан СЕХ-нд өгчээ.

Энэ талаарх мэдээллийг Сүхбаатар аймгийн АН-ын дарга М.Идэрбаттай холбогдон тодруулахад "Энэ мэдээлэл үнэн. Сонгуулийн сурталчилгаа явуулах хүн нь ухуулагчийн үнэмлэх авдаг. Мөн сурталчилгаанд ашиглах машиндаа зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ухуулагчийн үнэмлэх мөн машиндаа зөвшөөрөл аваагүй. Өөрсдөө ингэж ажиллах эрхтэй хүмүүс гэж ярьж байгаа. Сонгуулийн хуульд 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллана. Нэг ухуулагч нь үнэмлэхтэй байна. Нэр дэвшигч нь шадар туслахтай байна. Шадар туслах нь үнэмлэхтэй байна гэж заасан. Хуулийн заалтыг биелүүлээгүй хэн ч байсан айлуудаар сурталчилгаа хийгээд явах боломжгүй юм” гэлээ.

Барилга хот, байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн нь орон нутгийн хэвлэлд энэ талаар тайлбарлахдаа "Би МАН-ын хорооны дарга учраас намын гишүүдтэйгээ уулзах эрхтэй” гэж хэлжээ. Бид түүнтэй холбогдохоор утас руу нь залгасан ч хариу өгсөнгүй. Энэ мэтчилэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль нэлээн ширүүн уур амьсгал дунд болж байгаа аж.


Санал болгох

Сэтгэгдэл

top