|

Монголчууд өглөгч сэтгэлээрээ 29-д жагслаа

nomun 2018/09/24 576 0

 

Монголчууд өглөгч сэтгэлээрээ 29-д жагслаа

Их Британид төвтэй Сайн санааны сан олон улсын байгууллагаас гаргасан дэлхийн өглөгч сэтгэлийн судалгаагаар монголчууд 29 дүгээр байрт жагсчээ. Ингэснээр уг судалгаанд монголчууд сүүлийн гурван жил дараалан 30-аас дотогш жагссан нь энэ болсон юм.

Энэ жилийн судалгааг Мьянмар улс тэргүүлсэн бол Индонез удаалжээ. Мьянмар улс сүүлийн гурван жилийн турш өглөгийн тайланг тэргүүлж байгаа юм. Манай урд хөрш БНХАУ 138 дугаарт жагссан бол ОХУ 124 дүгээрт жагссан байна. Өглөгийн түвшин, сайн санааны үйлсэд оролцдог байдал, иргэдийн дундаж цалин зэргийг харгалзан тооцдог дээрх судалгааг 2009 оноос эхлэн гаргадаг болсон юм. Дэлхий даяар эдийн засаг тогтворгүй, орлогын хэмжээ буурсан зэргээс шалтгаалан өглөгийн хэмжээ буурсан байна.

Судалгааг харвал хөгжиж буй улсууд өглөгийн хэмжээгээрээ бусад улсуудыг тэргүүлдэг бол өндөр хөгжилтэй, хөгжингүй улсууд доогуур байр эзэлдэг ажээ. Эдийн засгийн төвшнөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ өндөр хөгжилтэй орнуудыг тавдугаар байрт орсон үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин Ирланд улс наймдугаар байрт орж Европын орнуудыг тэргүүлжээ.

Дэлхийн өглөгийн тайланд эхний 30 байрт орсон орнуудаас эмэгтэйчүүд өглөг болон сайн санааны үйлсэд гол төлөв оролцдог нь тогтоогджээ. Мөн өндөр цалинтай хүмүүс сайн санааны үйлсэд харьцангуй тааруу оролцдог гэсэн дүн гарсан байна. Түүнээс гадна тухайн улс орны эдийн засгийн байдал, цаг уурын нөхцөл байдал сайн санааны үйлсэд оролцох иргэдийн идэвхэд нөлөөлдөг гэж тайланд дурджээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top