|

БНХАУ нүүрсний хэрэглээнээс татгалзав

nomun 2018/09/11 501 0

Хятадын эрх баригчид эрчим хүчний хэрэглээнд нүүрс бус байгалийн хий ашиглахаар болсон талаар "Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Жил бүрийн аравдугаар сарын дунд үеэс гуравдугаар сар хүртэлх хугацаанд 400 сая тонн орчим нүүрс хэрэглэж, хойд мужийн хотуудыг эрчим хүчээр хангадаг дулааны цахилгаан станцууд агаарын бохирдол үүсгэдэг тул хийн халаалтыг сонгоход хүрчээ. Иймд байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх, хадгалах байгууламж нэмж барих, хэрэглээний аюулгүй байдлыг чанд мөрдөх, хяналт тавих зэрэг шат дараатай ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Хятад улсын 28 хотод нүүрсний хэрэглээг хязгаарлаж, хийн халаагуурыг өнгөрсөн оноос ашиглаж эхэлсэн билээ. Хий нийлүүлэлт саатаж, зарим өрх өвлийн сард халаалтгүй болсон тохиолдол гарсан байна. "Ройтерс” агентлагийн онцолж буйгаар, Хятад улс ийнхүү нүүрснээс татгалзсанаар эрчим хүчний түүхий эдийн зах зээлд савлагаа үүсч, байгалийн хийн үнэ огцом нэмэгдэх юм.

Өнгөрсөн оны байдлаар, тус улсын дотоодын компаниудын ачаалал эрс нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх байгалийн хийн үнэ өссөнийг ажиглагчид онцолсон. Тиймээс энэ жил бэлтгэл ажлыг сайтар төлөвлөх, шат дараатайгаар арга хэмжээ авахаа Бээжингийн эрх баригчид мэдэгдсэн юм. Хятадын эрчим хүчний хэрэглээний 60 хувийг нүүрс эзэлж байсан бөгөөд дотоодын нүүрсний олборлолт 2016 онд 190 сая тоннд хүрчээ. Гэвч агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор Бээжингийн эрх баригчид улсынхаа 28 мянга гаруй нүүрсний уурхайг 14 мянга хүртэл бууруулаад байсан юм. Засгийн газраас баталсан нүүрсний хэрэглээг хязгаарлах шийдвэр иргэдэд эдийн засгийн дарамт учруулж, байгалийн хийн хомсдол үүсгэж эхэлсэн учраас тус улсын нефтийн томоохон компани болох "Петро Чайна” Шинжаан Уйгар дахь байгалийн хийн олборлолтоо 20 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

 

БНХАУ нүүрсний хэрэглээнээс татгалзав

 



Санал болгох

Сэтгэгдэл

top