|

Багш нарыг аттестатчилъя

zulaa 2018/09/04 725 0

 

Багш нарыг аттестатчилъя

 

Энэ хичээлийн шинэ жилийн анхны ажлын өдөр хэд хэдэн сургуулиуд  дахин  "хаалга барьж”, хүүхдүүдээ оруулсангүй.  Дахин гэдэг нь өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилээр багш нар мөн л цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, "сул зогсолт” хийж байлаа.  Багш нар цалингаа 1 сая 600 мянганд хүртэл нэмэгдүүлсэнээр ажлаа хэвийн явуулна гэж эсэргүүцэл илэрхийлж байна.

 

Уг нь Засгийн газар хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн төрийн албан хаагчдын цалин 8-30 хувиар нэмэгдүүлсэн.  Үүн дотроо бага ангийн багш, сувилагч нарын цалинг мэргэжлийн онцлогоос нь шалтгаалж, илүүтэй нэмж өгсөн.  Тиймээс багш нар энэ хичээлийн жилийг цалингаа нэмэгдүүлснээр угтаж байгаа юм. Гэвч багш нарт энэ нь чамлалттай санагдаж, санасандаа хүрэхээр Багш нарын түр хороогоор тэргүүлүүлэн ажил хаялт зарлаад байгаагаа мэдэгдлээ.   Үүн дээр МҮЭ-ийн холбоо ч нэгдэж "Засгийн газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс нэмэх үндсэн үүргээ биелүүлсэнгүй. Засгийн газар бие даан, хэлэлцээрийн заалтыг зөрчиж, төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэрийг гаргасан. Тиймээс багш нар Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил хаялтыг эхлүүлж байгаа” хэмээн мэдэгдэв.  Харин төрийн үйлчилгээнийхэн чамлахаар чанга атга гэгчээр Засгийн газраас цалинг бага боловч хувиар нэмсэн талархаад, ажлаа урамтайхан хийгээд явж байгаа сурагтай.

 

Энэ он жилүүдэд манай улс ОУВС-гийн Өртгөтсөн санхүүжилтийн хөтөлбөрт  хамрагдан, эдийн засгаа сэргээхээр ажиллаж байгаа. Олон улсын байгууллагаас манай улсыг төсвийн сахилга батыг чанга барихыг анхааруулж, хяналт тавьж байгааг багш нар гэлтгүй олон нийт мэднэ. Цалин нэмэгдүүлэх байтугай хүүхдийн 20 мянган төгрөгийг хэдэн хувьд нь олгохоо манай төр, засгийнхан ОУВС-гийнхантай зөвшилцөж шийдэж байгаа.  Энэ удаад ч наймдугаар сард хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар ОУВС-гийн төлөөлөгчид ирж, хэлэлцээр хийн, зөвшилцөөд явсан. Үүний үр дүнд төрийн үйлчилгээний албан хаагчид, тэр дундаа багш нарын цалинг нэмэх шийдэлд хүрсэн гэдгийг  Засгийн газар тайлбарласан.

 

Харин багш нар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг үл харгалзаж, цалингаа 1.6 саяд хүргэхийг чухалчлан, ажил хаялтын хүрээгээ өргөтгөхөө мэдэгдэж улайрч байгаа нь нийгмийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг төрүүлж байна.  Цалин нэмэгдүүлэх шаардлагатай, ажил хаялттай зэрэгцээд хүүхдийн сурлага, боловсролын чанарын асуудал сөхөгдөж байгаа.  Боловсролын чанар ямар байгааг зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй байгаа оюутнуудын бичгээс харж болно.  Их сургуульд зөв бичгийн дүрэм ороогүйдээ бус ерөнхий боловсролын сургууль, тэр дундаа бага ангиас нь сурагчдад суурийг нь зөв тавьж өгөөгүйд байгаа гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч, шүүмжилдэг. Бага ангиас нь хүүхдийн сурлагыг анхаараагүй, хайнга хандсан эцэг эхчүүдийн "алдаа”  байгаа ч багшийн заах арга барил, хүүхдүүдтэй ажиллах ур чадвар хамгийн чухал нь гэдгийг мартаж болохгүй.  Багш нарын заах ур чадвар муу байна гэж шүүмжлэхээр эргээд хүүхдүүдийн анги дүүргэлт норм, нормативаас хэтэрсэн, өнөөдөр 50-60 хүүхдийн дунд нэг багш хүрэлцэхгүй байгаа талаар гомдоллодог. Ер нь  шалтаг шалтгаан тоочоод байвал амьдралд асуудал ар араасаа урган гарна. Цалин нэмэх шаардлагыг тавих нь багш нарын эрх. Харин ажил хаяж, ардын хүүхдүүдийг хохироон  "эрхээ эдэлж” байгаа нь  сурган хүмүүжүүлэгчдэд баймгүй ёсзүйн доголдол. Ирээдүйгээ зөв боловсон, ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлэх нь гэр бүлийн хүмүүжлээс гадна нийгэмд сургуулиасаа эхэлж олж авдаг. Боловсролын салбарын дампуурлыг багш нар нотолж  ийн нотолж байна.

 

Эдийн засаг хүндрэлтэй ч Засгийн газар тэдний шаардлагыг хүлээн авч цалинг нэмэгдүүлсэн. Харин одоо ардын хүүхдүүдийг сургах улсын сургуулийн багш нар ажил хаялтаа цааш үргэлжлүүлэх эсэх нь тэдний ухамсар, ёсзүйгээс хамаарах болоод байна.

 

Боловсролын салбарт аттестатчилъя явуулж, багшийг цалингаас гадна ёсзүй, ур чадвараар нь шалгаруулмаар байна.

Н.Энхлэн

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top