|

Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо

saikhnaa 2018/07/04 901 0

Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо

 

Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 07 сарын 21-22-нд, Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг 07 сарын 28-29-нд, Өмнөговь аймгийн наадмыг 07 сарын 05-06-нд, Говьсүмбэр аймгийн наадмыг 07 сарын 07-08-нд, Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 07 сарын 09-10-нд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 07 сарын 10-11-нд, Хэнтий аймгийн наадмыг 07 сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоолоо. Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсэн байна.

 

Товч мэдээ

 

-  "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ хийхдээ нэг тонн ачаанаас авах хураамжийн хэмжээг хамгийн бага түвшинд байлгах, Засгийн газар санхүүгийн дэмжлэг, баталгаа үзүүлэхгүй байхад анхаарахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгав.

 

-  "Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл”-ийг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх, "түлхүүр гардуулах” нөхцөлөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан 2021 онд ашиглалтад оруулахаар боллоо.

 

-  Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих "Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшигт олгохоор болов. 

 

-  Зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бусад аймагт хадлан бэлтгэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

 

-  Зураг төсөв баталгаажаагүй, техникийн нөхцөл авагдаагүй төслүүдийг нэг маягийн зураг төсвөөр шийдвэрлэж байхыг агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлгүй, газрын асуудал нь шийдэгдээгүй төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байхыг анхаарууллаа.

 

-  Тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлахаар болов. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна.

 

-  "Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр болов.

 

-  "Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

 

-  1940-1948 онд баруун хилд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр болов. Ойг зохион байгуулах комиссыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгууллаа.

 

-  Халхын голын ялалтын 80 жилийн ойг ирэх онд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Комиссыг Монгол Улсын Шадар сайд ахална.

 

-  ”Өнгөт чулуу худалдаж авдаг, дамжуулдаг, тээвэрлэдэг, хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ байгаа эсэхийг тогтоох, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт оруулах санал боловсруулахыг сайд Ц.Нямдоржид даалгав. Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр, Галшар, Дархан, Хэрлэн суманд иргэд өнгөт чулуу хууль бусаар олборлож, байгаль орчин сүйтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top