|

Монголын элчин сайд нар Канадын төлөөлөгч болоод ирсэн түүх

saikhnaa 2018/05/30 794 0

Монголын элчин сайд нар Канадын төлөөлөгч болоод ирсэн түүх

Монгол Улсыг төлөөлж Канадад сууж байсан үе үеийн эрхмүүдийн CV-г харвал тун чиг содон. Зүй тогтол нь бас их сонин. Учир нь Элчин сайдаар ажиллаж, Ерөнхий консулын газар хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс Монгол Улсыг Канадад төлөөлж гурван жил ажиллаад буцаж ирэхдээ тухайн улсынхаа төлөөлөгч болоод ирдэг "хачин” түүх бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэрийн өмнөөс, төр засгийн томилолт өвөртлөөд ажиллаж байсан дипломатчид ажил үүргээсээ буунгуутаа өөр улсын эрх ашгийг хамгаалж эхэлж байгаа юм.

Хоёр гүрнийг холбох гүүр нь болж байсан 2-3 жилийн хугацаанд  бүрэн эрхт Элчин сайд, өргөмжит консулд Монгол Улсын дотоод, гадаад харилцаатай холбоотой бүхий л нарийн мэдээлэл нээлттэй очсон нь  лавтай. Мөн тэдний дунд улс орны хамаг гол нууцын зэрэглэлтэй мэдээлэл дээр сууж, тусгай чиг үүргийн байгууллагыг удирдаж байсан эрхэм байгаа нь ч ихээхэн сонирхол татаж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Канад улс бол монголчуудтай хамгийн ээдрээтэй, өдгөө бүр эмзэг үе дээрээ яваа Оюутолгойн гэрээтэй холбоотой гэдгээрээ онцлог болоод олны шүүмжлэлд өртөж ирсэн. Яригдаж эхэлсэн үеэсээ л хэл ам дагуулж, эсэргүүцэл дайралттай хүчтэй тулгарч байсан  Оюутолгойн гэрээний авторууд өнөөдөр хорихын үүд сахиж буй. Хууль хяналтын байгууллагаас ч Оюутолгойн гэрээг зурахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг албан тушаалаа хэтрүүлж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгаж буй юм. Энэ хэрэгт Экс Ерөнхий сайдуудыг хамтрагчидтай нь байцаагаад 40 гаруй хонож байна.
Тэгвэл энэ цаг үед эх орноо төлөөлөөд Канадад ажиллаж амьдарсан, эргэж ирэхдээ Канадын эрх ашгийг хамгаалах төлөөлөгч болоод ирсэн эрхмүүдийн сонирхолтой түүхийг сөхөж байна.
 
КАНАДАД ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮН ОЮУТОЛГОЙН ТУЗ-ИЙН ДАРГА БОЛОВ
 
Монголыг төлөөлж Канадад сууж байсан эхний Элчин сайд бол  Г.Батсүх. Тэрээр Манай улсаас тус улсад суух анхны Элчин сайдаар  томилогдож 2001-2005 оны хооронд ажиллахдаа Перу, Парагвай болон Бразил улсыг хавсран сууж байжээ. Мөн хоёр улсын харилцаанд онц чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн  Хойд Америкийн Мөнх цас Хадат уулаас олборлосон Амолит хэмээн ховор, үнэт чулуугаар хийсэн "Канадын нөхөр” хүндэтгэлийн одонг гардсан анхны хүн юм. Тэгвэл Элчин сайд асан, дипломатч Г.Батсүх томилолтын хугацаагаа дуусгаад Оюутолгой компанид "очсон” юм. Тэрээр 2010 онд Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж ажиллах гурван хүний нэгээр тодорч байв. Тухайн үед "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг Монголын дипломатч Г. Батсүх тэргүүлэх болсон тухай "Айвенхоу майнз” компанийн орлогч ерөнхийлөгч мэдэгдэж байсан юм. Мөн түүнийг  "Айвенхоу майнз” компанийн гүйцэтгэх захирлыг Монголд анх зуучилсан хүн хэмээн хэвлэлээр бичиж байв.  Элчин сайд, дипломатч энэ эрхэм Монголын хөгжил дэвшлийн ирээдүйг тодорхойлох томоохон төслийг жолоодох ажлыг авсныхаа дараахан "2005 оны тавдугаар сард Элчин сайдын томилолтын хугацаагаа дуусгах үед Канадын 40 орчим компани Монголд ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулж, байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан. Канад хүнтэй уулзахад Монгол орон асар их баялагтай, гайхамшигтай сайхан соёл иргэншилтэй орон юм байна гэсэн ойлголттой болсон. Хөрөнгө оруулагч нарт өөр, өөрсдийн нэр дэвшигч байсан байж таарна. Гэхдээ явж явж ер нь монгол хүн байсан нь дээр гэсэн шийдэлд хүрсэн бололтой юм билээ.  Намайг бүр Канадад байх үеэс сонирхож, манайд ажиллаач гэдэг байв. Элчин сайдын яамаа нээж байхад хоёр орны худалдаа 3.5 сая ам.доллараар л хэмжигдэж байлаа. Монголд дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ганц компани бол Торонтод төвтэй "Камеко” буюу одоогийн энэ "Сентерра гоулд” юм” хэмээн ярьж байсан удаатай.
 
МОНГОЛЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ БАЙСАН ХҮН "СЕНТЕРРА ГОУЛД” КОМПАНИЙГ ТОЛГОЙЛЖ БАЙНА
 
Монголын талыг төлөөлж байсан, дээр нь улс орны нууцын зэрэглэлтэй асуудал дээр сууж байсан мөртлөө Канадыг төлөөлөх болсон дараагийн хүн бол ТЕГ-ын дарга асан генерал Д.Сандаг. Тэрээр Монгол Улсаас Канад улсад суух өргөмжит консулаар ажиллаж байсан юм. Гэхдээ хоёр улсын харилцаанд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр нь төдийлөн ил бус гэж хэлж болно.
Харин одоо Канад улсын Торонто хотод төвтэй, Монголын хамгийн том, алтны үндсэн ордтой Бороогийн уурхайд удирдах албан тушаал хашиж байгаа юм. Түүний талаар "Сентерра гоулд” компанийн Удирдлагын багийн гишүүдийн намтарт Монгол Улсын Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн захирал хэмээн тодотгоод "Бороо гоулд компанид 2005 оны дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн ба "Бороо гоулд” болон "Сентерра гоулд Монголия” компаниудын  Засгийн газар, орон нутгийн харилцаа, орчуулгын хэсгийн үйл ажиллагааг удирдаж ажилладаг.  Тэрээр Монгол Улсын яам агентлагуудад 25 жил ажилласан ба энэ хугацаанд Япон, АНУ, Канад, Энэтхэг орнуудад ажиллаж амьдарч байсан. Монгол Улсаас Канад улсад суух өргөмжит консулаар ажиллаж байсан” хэмээжээ. Монголчуудын Ноён уулыг ухуулахгүй хэмээх тэмцлийн үеэр генерал Д.Сандаг "Сентерра гоулд” компанийг төлөөлж 2015 оны хоёрдугаар сард  байр сууриа илэрхийлж байсан удаатай. Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр "Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг.Гагцхүү Гацууртын ордыг тухайлан ярилцаагүй өнөөг хүрсэн нь учиртай. Уг төслийн нөөц 2007 онд, ТЭЗҮ 2008 онд батлагдаад явж байтал, 2009 онд "Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон. Гацууртын орд ойн сав газарт оршиж буй учир төслөө 2012 он хүртэл зогсоосон. Урт нэрт хуульд хамрагдах нь тодорхой болсон учир төслөө сурталчлаад байж болохгүй байсан. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ, нөөцийг дахин боловсруулах шаардлагатай болсон. Ингээд 2014 оны эцсээр ТЭЗҮ батлагдаж, 2015 оны эхээр Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан шийдвэр гарлаа шүү дээ. Одоо л дөнгөж бүх зүйл тодорхой болж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүх шийдвэр төр засгийн төвшинд гарсны дараа төслөө хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэрийн ашиг олох, түүнээс хэдийг нь орон нутагт зориулах вэ гэдгээ танилцуулна” хэмээж байсан юм.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top