|

Путин шиг сэтгэж, Ши Жиньпин шиг хөдөл

saikhnaa 2018/04/09 568 0

Путин шиг сэтгэж, Ши Жиньпин шиг хөдөл

 

Түүнийг дэлхий хам­гийн хүчирхэг хүн гэж хардаг. Яагаад гэвэл хүн ам суурьшсан манай гариг­ийн нийт газар нутгийн наймны нэг хэсгийг бүрхэж буй энэ том эзэнт улсыг улиран удирдаж буй нь үүний өнгөц баталгаа. Харин цаашилбал, тэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын томоохон холбоотон. Д.Трампыг төрийн тэр­гүү­нээр сонгогдоход ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээх хардлага түүнийг тойроогүй ч тэр хүчтэй хэвээрээ л байна. Оросуудын туулж өнгө­рүүлсэн бэрх цаг үеийн гэрч нь бас тэр үеийг үдэж гаргасан чухал хүмүүсийн нэг нь Путин.

Байгалийн хийн хамгийн их нөөцийг агуулдаг, нефтийн үүцээрээ дэл­хийд наймдугаарт би­чигддэг. Ийм улс орон ядуу амьдарч болно гэж үү. Мэдээж, Путин байгаа цагт л лав үгүй. Тэр ийм мессэжийг иргэддээ өгч чадсан. Путин сон­гогчиддоо хэд хэдэн зүйлийг амлаад байгаа. Нефтийн үнэ 60 ам.долларт хэлбэлзэж буй энэ завшааныг ашиглан хар алтны фирмүүдээ хөл дээр нь босгох, компаниудаа олон улсын хориг арга хэмжээ зэрэг нөлөөллөөс ангид байлгах гарцыг тэр нээнэ гэсэн. Бас ирэх зургаан жилд ядуурлыг 50 хувь бууруулж, өсөл­тийг дэмжсэнээр дундаж өрхүүдийн ачааллыг хөн­гөлөх юм.

Мөн дэд бүт­цийн салбар болоод замын бүтээн бай­гуулалтад 11 их наяд рубль буюу 193 тэрбум ам.доллар зарцуулах бол боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмнэ. Эдгээр амлалтууд хэв­лэлийн хуудаснаа тод­хон зурайх зуур "Thejakartapost.com” энгийн орос хүмүүсийн амьдралыг тольджээ. Өнгөрсөн сарын 12-нд "Ядуурал, удаашралын дунд Оросын эдийн засгийн өсөлт таагүй байна” хэмээх нийт­лэл хэвлэгдсэн юм. "Үнэ зүгээр л галзуурч байна.

Би үүнийг зохи­цуулж дийлэхгүй нь” гэж Москвагийн өмнө зүг дэх Калуга мужийн Малоярославец хотын иргэн, тэтгэвэртээ гар­сан механикч Вячеслав хэлжээ. Гэхдээ оросууд өөрс­дийгөө хүчирхэг болно гэдэгт, илүү сайжирна гэдэгт, хамгийн хүчирхэг гүрэн болно гэсэн итгэлээ алдаагүй. Үүний тод жишээ бол Улаан талбайн сүр жавх­лант дүр төрх, залуу оросуудын итгэл үнэмшил.

Одоо өмнөд хөршийн­хөө талаар авч үзье. Хятадууд бол домог. Тэд дэлхийн бүх л зүйлийг үйлдвэрлэж байна. Агуу америкчууд хүртэл "Made in China” шошготой бараа бүтээгдэхүүнийг төрөхөөсөө авахуулаад үхэх хүртлээ хэрэглэж байна. 1.3 тэрбум хүн ам нь манай гаригийн ямар ч үндэстнээс олон тоо. Тоймгүй олон ажиллах хүч компаниудад цалинг бага төвшинд барих боломж олгодог учир үйлдвэрлэлийн зардлыг ч хэмнэдэг. Нэг үгээр хэлэхэд, Хятадын хүчир­хэг эдийн засгийг бүтээсэн хөшүүрэг нь бага зардалтай машины тоног хэрэгсэл болоод багаж төхөөрөмжийн экспорт.

Гэхдээ одоо бол луунуудын хувьд гадаад ертөнц тийм ч чухал сэдэв биш болох төлөвтэй. Доройтож буй дэлхийн эдийн эдийн засгийн хурд саарсаар, гаргаж буй экспорт нь ашигтай хувилбар биш болоод байгаа. Ингэхээр дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсыг тэжээх эх үүсвэр нь барууныхан биш харин тэд өөрсдөө болж таарах нь. Ерөнхийлөгч Ши Жиньпин ч үүнд анхаарлаа хандуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулснаас ганц­хан цагийн дараа хятадууд Америкийн жимс, самар, гахайн мах зэрэг бүтээгдэхүүнд гурван тэрбум ам.долларын тат­вар ногдуулсан юм.

Хятадын өмнө байгаа энэ сорилт тэднийг шахаанд оруулахгүй гэж олон эдийн засагч найдаж байгаа. Яагаад гэвэл тэд Ши Жиньпинийг дахин сонгосноороо, түүнд бо­лом­ж олгосноороо Цагаан хэрмийн домогт хаанч­­лалыг үргэлжлүүлнэ гэдэг­­тээ итгэж байгаа. Газрын зургийн тал­ыг эзэгнэсэн хоёр их гүрний дунд амьдарч буй монголчууд бидэнд тэднээс үлгэрлэх зүйлс бишгүй л их байна.

Ядаж л хууль тогтоогчдын хувьд бодлогын өвийг хадгалж, цааш үргэлжлүүлэх тэн­хээ, энгийн олон иргэд бидний тухайд хэлсэн ярьсандаа хариуц­лагатай байх, гэр гэртээ Ерөнхийлөгч нь, төрийн тэргүүн нь байж чадах зориг, хариуцлага хэрэгтэй байна. Хятадын валютын нөөц дэлхийд тэргүүлдэг шиг бид хуримтлалаа өрх гэрийнхээ баялгийн нөөц болгож одооноос зэхэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

Санал болгох

Сэтгэгдэл

top