|

ОРХОН АЙМАГТ 4-7 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ӨНДӨР БАЙНА

zulaa 2018/03/22 646 0

ОРХОН АЙМАГТ 4-7 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ӨНДӨР БАЙНА

 

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн гэр хорооллын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 4.27 макрограмм-дицлитр буюу хүний биед сөрөг нөлөөгүй байх 3.3 макрограмм-дицлитр үзүүлэлтээс илүү байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Ялангуяа Говил багийн зарим хүүхдэд 17.2 макрограмм-дицлитр хэмжээтэй байгаа нь эмч нарын санааг зовоож байна. Хар тугалгын хэмжээ 5 макрограммаас  илүү байвал гүн хордлогын шинжтэй гэж үздэг аж.
Уг судалгааг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран өнгөрсөн оны зургаадугаар сард хийжээ. Судалгааны дүн, тайлан энэ оны эхэнд ирсэн байна. Судалгаанд Баян-Өндөр сумын 21 багийн 4-7 насны 171 хүүхэд хамрагджээ.
Хар тугалга нь ханын будгийн бэхжүүлэгч бодисын найрлагад, халуун тогооны дотор талын ёроолын хэсгийг бүрсэн өнгөлөгөө, нүүрс, баттерей, бензин зэрэгт агуулагддаг байна. Жишээ нь халуун тогооны дотор талын ёроол хэсэг нь ховхорч харласан тохиолдолд хоол хийвэл хар тугалга "идэж” байна л гэсэн үг.  Хар тугалга нь хүний биед их хэмжээгээр байвал мэдрэлийн систем гэмтэх, бие организм, оюун санаанд нөлөөлж сэтгэн бодох чадвар сулрах, кальцийн дутагдалд ордог байна. Энэ нь яваандаа хүний генд нөлөөлдөг гэдгийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Болормаа хэллээ. Цаашид хар тугалгын нөлөөллийн талаар иргэдэд ойлгуулах, үүнээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр орон нутгийн бодлого, хөтөлбөрт тусгах шаардлагатай гэдгийг ч тэрээр онцолсон юм.
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top