|

Э.ЭНХЖИН: БОДЛОГЫНХОО ХАРИУГ ГАРГАХ ГОЁ

tonshuul 2017/12/01 2115 0
 Э.ЭНХЖИН: БОДЛОГЫНХОО ХАРИУГ ГАРГАХ ГОЁ

Энэ сарын 8-12-нд Филиппин Улсын Давао хотод болсон математикийн олон улсын  "ITMO-International Teenagers Mathematics Olympiad" –д Монгол Улсаас найман сурагч оролцож багийн дүнгээрээ "Хүрэл” медаль хүртсэн юм. Хоёр жилд нэг удаа болдог уг олимпиадад хөдөө орон нутгаас  анх удаа 6 сурагч оролцсоноос Орхон аймгаас Баян-Өндөр цогцолбор сургуулийн 5д ангийн сурагч  Э.Энхжин  оролцлоо. Тэрээр хувийн амжилтаараа мөн "Хүрэл” медаль хүртсэн юм. 

-Монгол Улс, Орхон аймгийнхаа нэрийг олон улсад дуурсгасанд баяр хүргэе.  Олон улсын тэмцээнд анх удаа оролцсон гэл үү ?

-Тиймээ. Анх удаа оролцсон. Монголдоо зохион байгуулагдсан олон тэмцээнд оролцож оноогоо цуглуулсан. Онооныхоо тоогоор энэ тэмцээнд оролцох эрхээ авсан. 
-Орхон аймгаас сонгогдсонд ээж, аав болон багш, ангийн хамт олон чинь их баярласан байх даа.
-Аав, ээж, багш маань их баярласан. Сайн хичээгээрэй гэсэн. Би энэ зун Улаанбаатар хотод "Классик 2017” тэмцээнд оролцож сайн оноо авсан. Энэ тэмцээн нь 3 үе шаттай байдаг. Нийт 110 оноо авсан. 200 гаруй хүүхэд оролцож би 3 дугаар байранд орсон.  Энэ нь Филиппинд болсон тэмцээнд оролцох эрхээ авахад нөлөөлсөн. 

-Монголдоо ямар, ямар олимпиадад орж байв?

-П.Энхболдын нэрэмжит улсын олимпиадад  3 дугаар байр, Турк сургуулийн нэрэмжит "Эмпати”олимпиадад 1 дүгээр байранд орж байсан. Би математикийн олимпиадыг алгасахгүй орохыг хичээдэг. 
-Филиппинд болсон математикийн олимпиадад Монголоос хэдэн хүүхэд оролцсон бэ?
-Улаанбаатар хотоос 2, Баянхонгор аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Орхоноос нэг, Дорноговь аймгаас хоёр хүүхэд оролцсон.  Нийт найман хүүхэд 4, 4-өөр хоёр багт хуваагдсан. Нэг баг 10 бодлого бодохоос наймыг нь 4 хүүхэдэд хувааж тус бүр 2 бодлого бодож үлдсэн 2 бодлогоо багаараа бодсон. Багийн дүнгээрээ "Хүрэл” медаль, хувийн  амжилтаараа би бас "Хүрэл” медаль хүртсэн. Манай багт Баянхонгорын хоёр, Дархан-Уул аймгийн нэг хүүхэд байсан.  


-Бодлого нь хэцүү байсан уу?
-Гайгүй. 

-Өөрт чинь ноогдсон хоёр бодлогоо бүгдийг нь бодсон уу?
-Хоёр бодлогынхоо нэгийг нь бодсон. 

-Багаараа ажилласан бодлого нь хүнд байсан уу?
-Математикийн агуулгатай бодлого байсан. Сайн бодож чадаагүй ээ. 
-Филиппин улс ямар санагдсан бэ?
-Их гоё байсан. Надад далай нь таалагдсан. 

-Ангийхандаа тоо зааж өгдөг үү ?
-Өгдөг. Сонирхолтой байдаг. Би том болоод математикийн багш болно. 

-Ирэх жил оролцох уу?
-Оролцох бодолтой байгаа. Болгар улсад математикийн олимпиад долоодугаар сард болно. Тэнд одооноос бэлдэнэ. 

-Эрдэнэтэд хотод М.Баасай багшийн нэрэмжит математикийн олимпиад болдог. Энэ тэмцээн Хангайн бүсийн хүүхдүүд оролцдог байх аа?
-Өнгөрсөн жил М.Баасай багшийн олимпиадаас нэгдүгээр байр эзэлсэн.  Энэ тэмцээнд 200 гаруй хүүхэд оролцсон. 

-Тоо бодох гоё уу? 
-Гоё. Бодлогын хариуг нь гаргах гоё байдаг. 

-Хариу нь гарахгүй бол яах вэ? Дараа бодож хариуг нь гаргая гээд хойш тавьж байсан бодлого байгаа юу?
-Байхгүй. Би заавал хариуг нь гаргадаг. Чадахгүй бол аав, ээж, багшаасаа асуудаг. Хариуг нь гаргаж байж дараагийн бодлогоо боддог. 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ном уншдаг. Одоо "Газар доогуур 20 мянган бээр аялсан” гэдэг номыг уншиж байгаа. Би жилд 10 гаруй ном уншдаг. Уран зохиолын номонд дуртай. 
-Амжилт хүсье. 

 
Д.Эрдэнэчимэг:  Э.Энхжин чансаа тогтоох олимпиадаас эхний 10-т жагссан 

 Эрдэнэбатын Энхжингийн анги удирдсан багш Д.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр бага ангийн багшаар 31 жил ажиллаж байна. 

-Багш хүн шавийхаа амжилтаар л бахархдаг. Э.Энхжингээрээ их бахархаж байгаа биз дээ?

- Тэгэлгүй яахав. Нэгдүгээр ангиасаа л манай ангид орж байсан. Шавийгаа олон улсын тэмцээнд ороод амжилт гаргасанд манай сургууль их баярлаж байгаа. 

- Олон улсын тэмцээнд ороход оноо цуглуулдаг гэж байна. Ямар, ямар тэмцээнд орж хэдий хэмжээний оноо цуглуулах вэ?

-"Монголын математикийн багш нарын хороо”-оос чансаа тогтоох 10 олимпиадыг нэрлэдэг. Чансаа тогтоох олимпиадад орж хүүхдүүд оноогоо цуглуулдаг. Жишээ нь П.Энхболдын нэрэмжит улсын олимпиад нь хоёр жилд нэг удаа болдог. Монголд хамгийн "том” олимпиадын нэг юм. Мөн хувийн сургуулийн нэрэмжит олимпиадууд болно. Жил бүр чансаа тогтоох олимпиадийн нэрсийг "Монголын математикийн багш нарын хороо”-оос зарладаг. 

- Э.Энхжин чансаа тогтоох олимпиаддаа бүгдэд нь орж ээ?

-Тэгсэн. Манай хүүхэд улсын чансаа тогтоох олимпиадаас эхний 10-т жагсаж байсан.  Ер нь хоёрдугаар ангиасаа эхэлж тэмцээнд орсон.  Хоёрдугаар ангийн хагас жилд программын түвшний мэдлэгээ эзэмшээд гуравдугаар ангийн хичээлээ бие дааж үзсэн. Одоо зургаадугаар ангийн хичээлээ үзэж байгаа. Өөрөө их оролдлоготой, нухацтай хүүхэд. Таваас дээш ангийн матемтикийн хичээлээ М.Баасай, н.Пүрэвсүрэн багшаар заалгадаг. Сая Филиппин явахаасаа өмнө Б.Батцэнгэл багшаар нэг сар гаруй хичээл заалгасан. 

-Филиппинд болсон олимпиадад Монголоос ямар багш зохион байгуулж явсан бэ?

- Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл  багш ахалж явсан. Мөн Дархан-Уул аймгийн "Монгол Оюу” сургуулийн багш Х.Төмөрхан, Баянхонгор аймгийн "Алгоритм” сургалтын төвийн багш С.Цагаан нар багшаар ажилласан. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон.  Өмнө нь дандаа Улаанбаатар хотын сурагчид оролцдог байсан. Б.Батцэнгэл багш хөдөө орон нутгаас хүүхдүүд оролцуулна гэж 6 хүүхдийг сонгосон. Үүнд маш их баярлаж байгаа. 

-Э.Энхжингийн давуу тал юу вэ?

-Оролдлоготой, махруу. Нэг бодсон бодлогоо огт мартдаггүй. Сонссон, сурсан зүйлээ мартахгүй байх нь сурагч хүний хамгийн том давуу тал. 


Санал болгох

Сэтгэгдэл

top