|

Монголын хамгийн том токарийн машины эзэн

saikhnaa 2017/11/07 1484 0

Монголын хамгийн том токарийн машины эзэн

 

Миний эзэмшиж байгаа 1550 маркийн тойруулан зорох Карусель токарийн машин маань Монголдоо хамгийн том нь. Таван метрийн хэмжээтэй төмөр зорох зориулалттай. Хамгийн том нь учраас голдуу хүдэр бутлагч бутлуурын хуяг хийдэг. КСД, МД гэсэн хоёр төрлийн конусан бутлуурын хуяг үйлдвэрлэж байгаа. Бутлуурын хуягнаас гадна бусад захиалгын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн эд ангийг хийдэг. Токарьчин хүн гэж нэг үгээр хэлбэл, сэлбэг хэрэгслийн эд анги бүрийг зорж тааруулж, урладаг хүмүүс.

Төмрийн урлаачид юм даа... Өөрийн ажил хөдөлмөрийнхөө тухай цөөн үгээр ийн өгүүлж буй Цэгмидийн Шоовдор гэх эгэл даруухан энэ хүн Эрдэнэт үйлдвэрээр овоглосон олон зуун шилдэг ажилтны нэг. 1991 оны хавар цэргийн албаа хааж, залуу насны ид бяр, хүсэл тэмүүлэл дүүрэн хүү Засвар механикийн заводад токарьчнаар орж байв. Тэр цагаас одоог хүртэл амьдрал, ажил үйлсээ зориулж яваа халуун дулаан хоёрдахь "гэр” нь тус заводын Механик цехийн машины дуун нүргэлсэн энэ орчин. Тоос шороо манарч, машины тос үнэртсэн ч цаанаа л дотно санагдах энэ л байшингаар тэр хагас жарантай бараг тэнцэхүйц он жилүүдийн турш хаяглаж явна. Ажлын эхний өдрөө 16 К20 гэдэг жижиг суурь машинтай "танилцжээ”.

Монголын хамгийн том токарийн машины эзэн

Харин одоо үйлдвэртээ төдийгүй улсын хэмжээнд хамгийн том хүчин чадалтай токарийн машины эзэн нь. Зөвхөн энэ ялгаа л түүнийг тасралтгүй ахиж дэвшиж, ажлаа арван хуруу шигээ эзэмшсэнийг гэрчилнэ. Эрдэнэттэй холбогдсон түүний түүх энгийн атлаа бахархам. Эвлэлийн илгээлт өвөртөлсөн залуус Эрдэнэтийн овоог зорих 1974 он. Ц.Шоовдорын аав ээж нь Арын сайхан хангайгаас нүүн ирэхэд тэрээр таван настай байж. Эрдэнэсийн уулын өвөрт нутагшсан түүний хүүхэд нас эрин зууны их бүтээн байгуулалтын ирмүүн үйлсээр "амьсгалж” өнгөрсөн юм. Учир нь түүний аав Цэгмид нь Эрдэнэтийг барьж байгуулах Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолооч, ээж Нямжав нь барилга үйлдвэрлэлийн КП-2 гэдэг байгууллагад гагнуурчнаар ажилдаг байв.

Илгээлтийн эздийн гараар боссон ясли, цэцэрлэг, сургуулийг "дамжин”, бага насны бүхий л дурдатгал нь Эрдэнэтийн өрнөлтэй салшгүй холбоотой болоод ч тэр үү өөрийгөө эндэхийн унаган хүүхэд гэж бодно. Эргэлзэх бодолгүйгээр цэргийн албанаас шууд үйлдвэрийн цехдээ ирсэн нь ч тэр л элгэмссэн сэтгэл нь хөтөлснийх. Аавынхаа жолооддог аварга техникийн кабинд өссөн түүнд тээврийн машины жолооч болох нь ойрхон байлаа. Дунд сургуулиа төгсөнгүүт тэр үеийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн жолооны сургуульд суралцаж, жолооч болоод амжчихав. Гэвч хувь тохиол нь түүнийг токарийн машины "жолооч”-ийн замд даллаж, засвар механикийн заводын урдаа барьдаг токарьчдын нэг болох эхлэлийг тавьсан. Нэгэн насны мэргэжлээ тэр 9,10-р ангид байхдаа эзэмшсэн гэдэг.

Тухайн үед ерөнхий боловсролын ахлах ангийнханд үйлдвэр сургалт гэж хичээл ордог, тэр хичээлдтокарьчны чиглэлээр суралцсан нь Ц.Шоовдорын амьдралынх нь чиг зүг, бас утга учир нь болно гэдгийг яахан мэдэх билээ. Ажилчин болсон анхны өдрөө тэр мартдаггүй. Жолооч, токарьчин, тоног төхөөрөмжийн слесарь гэсэн хос мэргэжил эзэмшчихсэн, өөртөө л "додигор” түүнд үйлдвэрийн захиргаанаас Авто тээврийн байгууллага, эсвэл Засвар механикийн заводын аль нэгэнд ажиллах бичиг хийж өгч. Ах дүү, танилаа барааддаг монгол хүний зангаар тэр Засвар механикийн заводад ажиллаж байсан нагац ахаа түшиж, сонголтоо хийж. Харин түүнийг тэнд ахаас нь дутуугүй алган дээрээ тосч, ажилд нь хурдан зүгшрүүлсэн олон багш нар, нөхөд нь угтсан.

Монголын хамгийн том токарийн машины эзэн

Анхны багш Даваасүрэнгээ долоо хоног дагалдаад л тэр "жинхэлж” байжээ. Сайн токарьчин боллоо гэснийх биш цаашид ажил мэргэжилдээ эзэн нь байгаарай гэсэн итгэл, урам зориг өгсөн хэмээн тэр ярьсан. Үнэхээр ч тэр өдрөөс өдөрт гаршиж, нягт нямбай, өндөр бүтээмжтэй ажиллахыг мэрийсээр өдий хүрчээ. Цаг ямагт зааварлаж, зөвлөж ирсэнахмад токарьчин Т.Базар, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригт гээд гайхалтай хөдөлмөрч, хамт ажиллахад нөмөр нөөлөгтэй багш нартаа тэр үргэлж талархаж явна. Амжилт бүхнийх нь ард байдаг хамт олноо бүхнээс эрхэмлэн хүндэлнэ. Гэртээ байхаас бусад цаг мөч, амьдралын олон өнгөт өдрүүдийн жаргал зовлонгоо хуваалцаж ирснээ юугаар ч сольшгүй аз жаргал гэж бодно. Ц.Шоовдор 12 цагийн ээлжийн ажилтай.

 

Ээлжиндээ зургуулаа ажилладаг ч тэдэнтэйгээ нэг хүн шиг ижилдэн дасчээ. Чин сэтгэл, нөр зүтгэлээс үүдэлтэй хөдөлмөрийн өгөөж энэ. Токарийн хэсгийнхний ажил өөрийн онцлогтой. Тэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Механик цехээс захиалагчдаа очих тухайн тоног төхөөрөмж, эд ангиудын хийц, чанар, эдэлгээ нь тэднээс л хамаарна. Сэтгэлийн ур, нарийн мэдрэмжээ шингээн байж урласан бүтээгдэхүүн бүр нь төгс байх учиртайг Ц.Шоовдор сайн мэднэ. Ийм л эгэл жирийн хирнээ энгүй ихийг бүтээгч хөдөлмөрийн хүмүүсийн тэмүүлэл дээр Эрдэнэт оршном.

Сэтгүүлч: М.Балжинням

Санал болгох

Сэтгэгдэл

top