|

Олон улсын менежерийн хөтөлбөрт хамрагджээ

saikhnaa 2017/11/07 639 0

 
 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Одгэрэл, Бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Цогоо нар Холбооны Бүгд Найрамдах Герман улсад Олон улсын менежер бэлтгэх хөтөлбөрт хамрагдаад иржээ.  Сургалтын талаар тэдэнтэй ярилцлаа.      

Сайн явж ирэв үү, Та бүхэн Германд номын дуу сонсоод ирсэн. Сургалтын үр өгөөж, явсан газрын сониноос дуулгаач...

Бид Олон улсын менежер бэлтгэх сургалтад хамрагдаад ирлээ. Энэ сургалт нь Германы эдийн засаг эрчим хүчний яамны санаачилга санхүүжилтээр 1992 оноос анх хэрэгжиж эхэлсэн.  Харин Монголд энэ сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш  8 жил болж байгаа. Энэ хугацаанд 300 орчим менежерүүд Германд сурсан байдаг.  Энэ удаагийн сургалтаар Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол компани болон хувийн хэвшлийн нийт 23 хүн сургалтад хамрагдлаа. 

Сургалтын хөтөлбөрөөс тодруулах уу?

Нэгдүгээрт, менежерийн боловсрол чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн танхимын сургалт хийгдсэн. Манлайлал, хүний нөөцийн удирдлага, чанарын удирдлага, төслийн удирдлага, маркетинг, ложистик, инноваци зэрэг сэдвүүдээр хичээлүүд орсон. Хоёрдугаарт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр сургалт хийгдсэн. Улс хоорондын бизнесийн удирдлага, олон улсын бизнесийн стандарт, олон улсын гэрээ, олон улсын төслийн удирдлагын чиглэлээр хийгдсэн сургалтууд их сонирхолтой байлаа.  Мөн Германы жижиг дунд бизнесийн байгууллагуудад очиж тэдний бизнесийн тэргүүн туршлагыг танилцуулах практик сургалт хийгдсэн.  Бид  Монгол Герман хоёр улсын компаниудын хоорондох хамтын ажиллагааны боломжуудыг ярилцаж санал солилцсон.

Германы компаниуд хамтын ажиллагааны сонирхлыг хэрхэн хүлээж авч байна?  Ер нь ямар боломжуудыг олж харав?

Ер нь аль ч салбарт ямар ч бизнес хийхэд Германы компаниудад хэд хэдэн давуу тал байдаг юм байна. Германы технологи өндөр хөгжсөн, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь дэлхийн стандартад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.  Үүнээс гадна Европын холбооны эдийн засгийн интеграци нь жижиг дунд болон гарааны компаниудад зах зээлээ тэлж ашиг орлогоо нэмэгдүүлэх том давуу талыг бий болгож байна. Өөөрөө хэлбэл, том хэмжээний төсөл хөтөлбөр, том компаниудыг дэмжихээс илүүтэй жижиг, дунд бизнесээ дэмжих бодлогыг баримталж байна.

Энэ сургалтын нэг онцлог нь сургалтад хамрагдаж байгаа менежерийн зүгээс  Германы ямар компанитай хамтран ажиллах сонирхолтой байгааг асууж судлан тухайн компанитай холбож өгч,  байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах боломжийг олгосон. Бидний хувьд Такраф гэж уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай уулзах хүсэлт тавьж, бүтээгдэхүүнээ хэрхэн  үйлдвэрлэж байгаатай нь танилцлаа. Багануурын гуравдугаар давхаргын нүүрсийг  боловсруулах технологийн боломжийн талаар санал солилцсон.   Мөн Германы "Geo Competence Centre” байгууллага дээр очиж уулзсан.  Freiberg хотын  уул уурхайн сургуулийн дэргэд байрладаг. Бид мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, мэргэшүүлэх уул уурхайн салбарын удирдах ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллах боломж бололцоог ярилцсан.

Санал солилцох уулзалт хэр үр дүнтэй болов?  Ялангуяа мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр...

Тэдний талаас шинэ технологийг нэвтрүүлэх сургалтууд болон уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер, уул уурхайн ашиглалтын инженер, геологич, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, нөхөн сэргээлтийн инженерүүдийг мэрэгшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн.  Түүнчлэн уул уурхайн  мэргэшсэн мэргэжилтнүүдийг Монголд урьж, ажлын байран дээр практик сургалт хийх, бас  манай  мэргэжилтнүүдийг Германд ажиллуулах чиглэлээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий гэсэн.  Ер нь бидэнд асар их боломжууд байна.  Энэ боломжуудыг ашиглаж ажил хэрэг болгоход хэлний мэдлэг л хамгийн чухал. Техник технологийн хувьд ч, мэргэжилтнүүдээ бэлтгэх сургаж хөгжүүлэх чиглэлээр ч Германаас суралцах  зүйл их байна. 

Ярилцсан С.Хүрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top