|

У.Хүрэлсүх урагшлах уу, унах нүхээ ухах уу?

tonshuul 2017/10/09 744 0
 
 

Б.ДАМДИН-ОЧИР

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх вэ. Хэн хэн сайд болох вэ гэдэг зөвхөн улс төрийн хүрээнийхний  бус олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тэгвэл өнгөрсөн баасан гариг, дамнуулаад амралтын өдрүүдээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд нар уулзаж тохиролцоо хийсэн байна. Тэдний тохирсноор У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын 60 хувийг, М.Энхболд 40 хувийг нь мэдэж томилохоор болжээ. Ингэхээр М.Энхболд Шадар сайд болон зургаан яамны сайдыг томилох мэдэлтэй болсон гэсэн үг.

Тэд тал талаасаа Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрсийг ч ярилцсан байна. Тэдний тохироогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бусад сайд нар "давхар дээл”-тэй байх ажээ.

Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг, бусад сайдаар Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Д.Сарангэрэл, Б.Батзориг, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарыг томилно гэдгээ илэрхийл­жээ. УИХ-ын дарга М.Энхболд Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, мөн Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Д.Дамба-Очир, О.Содбилэг нарын гишүүдийг сайдаар томилуулах саналтай байгаагаа танилцуулсан байна.

Энэ бүрэлдэхүүн олон нийтэд ямар харагдаж, яаж тусахыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох эсэхийг хэлэлцэж байхад үүдэн дээр нь "…Эв нэгдлээ бодож тохиролцохгүй байна” гээд хэвлэлийн бага хурал хийлгэж байсан Ө.Энхтүвшин Шадар сайд, Ц.Цогзолмаа аль нэг яамны сайд болохоор нэрээ оруулсан байна. МАН-ын эв нэгдэл гэж энэ бололтой.

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж Засгийн газарт нь ажиллах боломжгүй гэдгээ хэлжээ. Тэрээр "…Нөгөөдүүлтэй ингэж хамтарч байгаа нөхцөлд би чиний Засгийн газарт орж ажиллах боломжгүй. Чи зарчмаасаа ухарсан тохиролцоог хийсэн байна” гэсэн аж. Мөн тэрээр У.Хүрэлсүхэд Засгийн газраа өөрийнхөөрөө бүрдүүлж, олон түмний итгэлийг хариулах ёстой гэж зөвлөжээ.

У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд, дараа нь УИХ дахь МАН-ын бүлэгт сайд нараа танилцуулна. Түүний халааснаас хэн хэний нэр гарч, энэ Ерөнхий сайд Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг ард түмэн харж байна.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм тохиролцоо хийснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ялгаагүй Засгийн газрыг л бүрдүүлнэ. Нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй математикийн дүрэм энд хэрэгжинэ гэсэн үг.

Яг үнэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцорсны шалтгаан ердөө л энэ. Засгийн газраа өөрөө бүрдүүлж чадаагүй юм.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх маш их зүйлийг ам­лаж байж Ерөнхий сайд бол­сон хүн. Магадгүй, МАН-ын 2016 оны сонгуульд амлаж байснаас У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болчихоод амласан амлалт биелүүлэхэд хүнд болж мэдэхээр байна.

У.Хүрэлсүх "…Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна.

…Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх төвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

…Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.

…Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш.

…Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдах болно.

…Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж байв. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амлалт.

"…Амь насаа алдахаас айхгүй байна” гэж ирээд мэдэгдэл хийж байсан хүн юунаас айгаад ийм тохиролцоонд орсныг мэдэхгүй юм. Ална гэсэн бол айхгүй гэдгээ хэлсэн. Харин "…Албан тушаалыг чинь авна” гэчихэв үү?

Түүнийг УИХ-ын 30-аад гишүүн эсэргүүцэж байсан нь үнэн. Гэхдээ сөрөг хүчин АН хүртэл Ерөнхий сайдад дэмжсэн. Магадгүй, АН-ынхан У.Хүрэлсүхээс яриад байсан шударга ёсыг нь л хүссэн байх.

Гэвч энэ тохироог хэрэгжүүлээд явбал У.Хүрэлсүхээс юу ч хүлээх хэрэггүй. Монголын улс төрийн сүүлийн 27 жилийн түүхийг хараарай. У.Хүрэлсүх шиг олны итгэл хүлээж, хүлээлт үүсгэсэн Ерөнхий сайд байсан уу гэдгийг. Бараг л байхгүй. Өнөөдөр ард түмэн түүнийг өнөөх дайчин, цоглог мэдэгдлээ ажил хэрэг болгохыг л хүлээж байна.

У.Хүрэлсүхийн үгэнд ард түмэн итгэсэн. Итгэсэн учраас түүнээс маш ихийг хүлээж байгаа.

Энэ мэтээр түүнд урагшлах боломж их бий. Ганцхан сарын дараа болох МАН-ын Их хурлаар намын дарга болж, 2020 оны сонгуульд намаа удирдаж орох зорилго түүнд байгаа нь мэдээж.

Харин шахаа, тохироо­ны сайд нараар Засгийн газраа бүрдүүлбэл мор­дохын хазгай болж, улс төрийн карьертаа цэг тавина. Бас унах нүхээ ухлаа гэсэн үг.

Тиймээс У.Хүрэлсүх урагшлах уу, унах нүхээ ухах уу гэдэг өнөөдөр танилцуулах сайд нарынх нь нэрнээс шалтгаалах нээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

top