Шавилхан биетэй инженер бүсгүйн, "суурийг энэ чигт нь тавьж яагаад ч болохгүй, заавал битондох хэрэгтэй” гэх шийдмэг үгс барилгын талбайд явсан олон хүний анхаарлыг татав."Эрдэнэт” үйлдвэрийн Их барилгын хэлтсийн инженер Доржийн Баярмаа Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн Турбин цехийн суурийг хэрхэн хийх талаар гүйцэтгэгч компанийн инженерүүдтэй мэтгэлцэж буй нь энэ. Төслийн гүйцэтгэгч Хятадын компанийн болон "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Д.Баярмаа инженерийн тайлбарыг анхааралтай сонсож, нэмэгдэл зардал гарах хэдий ч эрчтэй эргэх аварга турбины суурь найдвартай байх нь чухал гэдэгт санал нэгдэж асуудлыг түүнийхээр шийдэв. Томоохон бүтээн байгуулалтын барилгын талбайн инженерээр түүнийг тохоон томилдог нь учиртай. Үүний өмнө үйлдвэр ашиглалтад орсноос хойших хамгийн том байгууламж болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга мөн л түүний өдөр тутмын хяналтан дор сүндэрлэжээ.

Я.ЭНХТУЯА






