|

АЛТАЙН НУРУУНЫ “ГАНГАН” ТӨГС

tonshuul 2015/06/03 3000 0

АЛТАЙН НУРУУНЫ “ГАНГАН” ТӨГС

 


"Тунгалаг тамир” киноны Итгэлт баян "Засагт ханы хөх харчууд хэцүү, хэцүү” гэж хэлдэг. Үнэхээр ч Засагт ханы хөх харчууд дээхэн үед ноёд баяд болон доншуур хятадуудад ёстой л аранга болж явсан байдаг. Тэдний нэг нь Засагт хан аймгийн Сартуулын хошууны "Ганган” Төгс байлаа. Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын "Алтайд” романд энэхүү цуутай эрийн амьдарч асан агуйн тухай цухас гардаг билээ. "Ганган” Төгс нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үе хүртэл Алтайн нурууны сүрлэг уулсыг ёстой л эзэгнэх шиг болжээ. Гэхдээ тэр бусад шилийн эрсийн нэгэн адилаар ганцаарханаа уул хаданд бүгсэнгүй. Алтайн нурууны асга хад, агуй хонгил бүхий салбар хэсэгт бараг л өөрийн гэсэн вант улсаа байгуулсан гэдэг. Тиймээс Манжийн засаглал болон Богд хаант Монгол улсын хэрэг явдал түүнд огтхон ч хамаарахгүй, гагцхүү өөрийн бодлого шийдвэрээр л үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ захиран залуурддаг байж.

Яагаад ийнхүү бусдаас онцгойрч, олон түмнээс тусгаарлах болов гэвээс мөнөөх л эзэрхэг дээрэнгүй манжуудтай холбоотой. Хэрвээ тэр 18-р зууны үед амьдарч байсан бол эрх чөлөөний төлөө тэмцэгч Амарсанаа, Чингүнжав нартай нэгдэж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэлд гар бие оролцох байсан биз ээ. Даанч түүний амьдарч асан цаг үед Манжийн эсрэг эрслэн тэмцэх, цэрэглэн довтлох хүч бололцоо Алтай нутагт байсангүй. Харин үзэл санаа бол байсан. Тухайлбал Ард Аюушийн санаачилсан "Цэцэг нуурын дугуйлан” байна. Мөн Дарьгангын шилийн сайн эр "Хангай” Базар бол яалт ч үгүй Манжийн эсрэг боссон хүн.

"Ганган” Төгс залуу зандан насандаа жирийн л нэгэн малчин эр байж. Гэвч тэр албан татвар энэ тэрээ төлөхгүй явсаар Даашинхүүгийн пүүсэнд зуун лангийн өртэй болсоноор амьдрал, хувь заяа нь гэв гэнэт л өөрчлөгдөж орхижээ. Эхэндээ ямар ч байсан өрнөөсөө салахаар арав гаруй хонь, дөрөв таван адуу туугаад Даашинхүүгийн пүүсэн дээр явж очтол эд нар нь зуун лангийн өрийг нь төлж хүчирсэнгүй. Ингээд бодоход зуун лан гээч нь тухайн үедээ их мөнгө байсан бололтой.

Өрөө төлж хүчрээгүй "Ганган” Төгс пүүсний данжаадаас "Өрийг минь хэдэн сараар хойшлуулж өгөөч” гэж гуйжээ. Тэгтэл нэг хятад "Хай. Өрөө өгөхгүй бол хонгоны чинь мах хорсоно шүү” гэж хэлээд доогтой нь аргагүй инээсэн байна. Энэ муухай инээд тэнхээ чадалтай, цөс ихтэй "Ганган” Төгсийн зүрх сэтгэлийг ёстой л урах шиг болжээ. Тэр багтарсан хилэнгээ барьж дийлсэнгүй. Доогтой инээсэн мөнөөх хятадыг ухаан алдтал нь цохиж унагаад пүүсний данжаадыг заамдаж авсанаа "Та нар Монголоос идэж ханахгүй байна уу. Мангас шиг цөлдөг ходоод чинь удахгүй хагарах вий. Хэдэн манжтай чинь цуг Халхын нутгаас нохой шиг тууж хөөх цаг ирнэ ээ, гайгүй” гэж хэлээд байшингийн хананд шахаж байгаад дээш өргөтөл мөнөөх данжаадын хоёр хөл нь агаарт сарвалзаад амь тавих дээрээ тулсан гэдэг. Ёстой л нөгөө "Ацаг шүдний зөрүү” кинон дээр гардаг Заяат хужааг монгол эр Намжил заамдаж аваад өргөдөг шиг юм болж. Хэрэг явдал уг нь ингээд намжиж болохоор байж.

Гэвч нөгөө заамдуулсан данжаад манж амбанд зарга мэдүүлсэнээр "Ганган” Төгс төрийн эсрэг тэрсэлсэн гэмт этгээд болж хувирчээ. Яахаараа нэг муу пүүсний данжаад төрийн эрх мэдэлтэн болчихдог билээ гэж гайхсаны хэрэггүй. Тухайн үед манж амбан ард олноос авах албан татвараа Даашинхүүгийн пүүсээр дамжуулж авдаг, нэг ёсондоо тэр муу заамдуулсан данжаад одоогийнхоор бол татварын байцаагч, төрийн ажилтан байж л дээ. Ингээд "Ганган” Төгс Улиастайд байгуулагдаад байсан "Батгүн” шоронд хоригдсон байна. Үүнээс өмнөхөн Да хүрээнд "Батгүн мартах” гэдэг шорон байгуулагдсан бөгөөд энд Дарьгангын шилийн сайн эр "Торой” Банди хоригдож байсан гэдэг. "Ганган” Төгс "Батгүн” шоронд хоригдож байхдаа хятадуудыг үзэн ядах үзэлд улам ихээр автаж, нэг ёсондоо "Хятадын эсрэг үзэлтэн” болж хувирчээ. Хэрвээ тэр өнөө цагт амьд мэнд байсан бол бидэнд их л хэрэгтэй хүн байх байж. "Ганган” Төгс ийнхүү хар хятадуудыг үзэн ядаж байсаар нэг л өдөр хамт хоригдож байсан 12 хүнээ удирдаж "Батгүн” шоронгийн харгалзагч нарыг алахыг нь алаад, хүлэхийг нь хүлээд ууланд гараад бүгчихэж.

Энэ цагаас хойш "Ганган” Төгс өөрийн ижил оргодол 12 хүнийг удирдах болж, тэд бүгд л эрхий хурууныхаа өндөгийг зүсч, цусыг нь нийлүүлж уугаад "Монгол хүнээс өнчин ишиг ч авахгүй. Харин хятад хүнээс бол сэтэрхий зүү байсан ч дээрэмдэнэ” гэж андгай тангараг өргөсөн гэдэг. Ингээд тэд жингийн зам тосч наймаачин хятадуудыг ёстой нэг тонох шиг болжээ. "Ганган” Төгс хожим өвгөн болсон хойноо "Бид маш олон хятадыг дээрэмдсэн. Тэднээс их ч зүйл хулгайлсан.

Олон ч удаа чисчүүгээр морио аргамжиж, торго дурдангаар ачаа татаж явлаа” гэж хуучилж байсан гэдэг. Тэдний дээрэм тонуул сүүлдээ хэрээс хэтэрсэн тул манж амбаны сонорт хүрч, улмаар "Ганган” Төгсийн дээрмийн бүлгийг дарж авахаар Улиастайгаас цэрэг хөдөлгөхөд хүрсэн байдаг. Ингэснээр "Ганган” Төгсийн удирдсан 12 хүнээс алагдах нь алагдаж, зугтах нь зугтаж, баригдах нь баригдаж, эцэст нь Төгс ганцаарханаа үлдэж Алтайн нуруунд дүрвэн гарчээ. Тиймээс тухайн үед "Шилийн хулгайч "Ганган” Төгсийг барьсан хүнийг хоёр мянган лангаар шагнана” гэсэн Засагт хан аймгийн Дүүрэгч ван Артсаарын гарын үсэг бүхий бичиг айлуудаар тарж байсан гэдэг.

Ялихгүй юмнаас ямааны гарзтай гэгчээр анх зуухан лангийн өртэй байсан "Ганган” Төгс ийнхүү хоёр мянган лангийн үнэд хүрсэн нь гайхалтай. "Ганган” Төгс өөрийн итгэлт 12 хүнээсээ салж хагацсаны дараа мөн л хамсаатнууд олж өөртөө урвуулаад Алтайн нурууны асга хад, агуй хонгил бүхий салбар хэсэгт багахан хэмжээний хот айл бүрдүүлсэн гэдэг. Бүр эхнэр авч хоёр хүүхэдтэй болсон байгаа юм. Гэхдээ түүнийг Улиастайн "Батгүн” шоронд хоригдох үед анхны эхнэр хүүхэд нь Сартуулын хошуунд үлдсэн бөгөөд харамсалтай нь тэр шоронгоос оргож боссоныхоо дараа эхнэр хүүхэд дээрээ очиж чадсангүй.

Хэрвээ нутагтаа очих юм бол шууд л баригдана. 12 нөхрөөсөө салсаны дараа ч эхнэр хүүхэд дээрээ очих боломж тохиосонгүй. Нэгэнт хоёр мянган лангийн үнэд хүрч, манжуудын заналт дайсан болчихсон болохоор эхнэр хүүхэд дээрээ очиж тэднийхээ толгойг цусдахыг хэн хүсэх билээ дээ. Харамсалтай нь Даашинхүүгийн пүүсэнд зуун лангийн өрөнд орж хамаг малаа хураалгасан эхнэр, хүүхэд хоёр нь Төгсийг ууланд бүгэж байх үед өлбөрч үхсэн гэдэг. Зарим эх сурвалжид өгүүлсэнээр бол Төгсийн эхнэр хүүхдийг Манж нар барьцаалж аваад сураггүй болгосон тухай бичигдсэн байдаг.

"Ганган” Төгс 19-р зууны сүүл үеэс 20-р зууны эхэн үе хүртэл гуч гаруй жил Алтайн нуруунд бүгэхдээ юугаар ч дутагдаж байсангүй. Тэгэхдээ дан хятадуудыг дээрэмдэх биш адуу малаа өсгөх, ан гөрөө хийх зэргийг хослуулан амьдарч байсан тул манжууд сүүлдээ түүнийг мартах тийшээ ханджээ. Чухам тэр үед нь "Ганган” Төгсийн хот айлаар жирийн аянчин жинчин хүн мэр сэр орж гардаг болсон бөгөөд тэд хожим Алтай нутгийнханд янз бүрийн дурсамж үлдээсэн байдаг. Ингээд Ч.Лодойдамба гуайн "Алтайд" романд цухас дурдагдаад өнгөрдөг, тэртээ дөч, тавиад оны үед хуучилж байсан "Долир” Нацаг гэдэг хүний дурсамжийг толилуулъя. "Бадаргуулт төрийн 34-р онд буюу 1909 оны өвөл би нутгийнхаа хоёр хүнтэй цуг жин тээхээр Хөх хот руу явсан юм.

Тэнд очоод гурав хоног арилжаа наймаа хийж,арав гаруй тэмээндээ баахан ачаа бараа тээгээд нутгийн зүг хөдлөв. Төдөлгүй Алтай нутгийн бараа ч харагдлаа, бүрэнхий ч боллоо, бид ч ачаа хөсгөө буулгаад амрахаар хэвтлээ. Тэгээд өглөө босоод хартал дөрвөн сайхан атыг маань бас бус бараатай цуг хулгайч аваад явчихсан байлаа. Цасан дээр гарсан мөрийг нь ажиглавал хоёр морьтой хүн дөрвөн тэмээг маань хөтлөөд баруун хойшоо явсан байлаа. "Ачаа бараагаа ачаалаад хойноос даруйхан хөдлөөрэй” гэж би нөгөө хоёртоо захиад хулгайчийн хойноос мөрдөв. Таван цаг мөрдсөний эцэст маш их асга хадтай өндөр уулын сав газарт ороод ирлээ. Тэгээд нарийхан жимээр зогсолтгүй явсаар бүрэнхий болох үед хулгайч нарын түр буудаллаад явсан газарт ирэв. Гурван чулуу тулж гал түлсэн байх бөгөөд эргэн тойронд нь хонины дал чөмөгний яс, цайны шаар зэрэг хэвтэнэ. Тэр хавьд хуйгүй том хутга байсаныг авч үзвэл бариулыг нь бөгжилсөн гурван төмөр бөгжин дээр таван хошуу малыг маш сайхан сийлсэн байв. Төдөлгүй шөнө болж, өвөл цагийн өнгө муутай бүүдгэр сар хавь ойрыг гийгүүлээд ирмэгц би цааш хөдөллөө. Шөнөжингөө явсаар үүрийн гэгээ тусах үед нэг их хад асгатай өндөр уулын ам руу ороод ирэв.

Цаашаа хэсэг явтал хоёр талын эгц гацааны үзүүрийн зааг дээр маш том чулуу хөндлөн тавьсан байлаа. Нөгөө мөр ч тэр чулуунд тулж ирээд алга болсон байв. Тиймээс би "Миний тэмээг энгийн хүн авсангүй, уулын савдаг авсан байх” гэж бодоод "Баян хангай минь ээ, миний тэмээний оронд надад юм хайрлаарай. Өчүүхэн ядуу намайг өршөөгөөрэй” гээд өвдөг дээрээ сөгдөж хэд дахин мөргөж билээ. Тэгээд нөгөө том чулууны хажуугаар арай гэж багтаж гараад цааш явтал мөнөөх морьтой хүмүүсийн мөр дахиад гараад ирэх нь тэр. Энэ мөрийг дагаж явсаар маш өндөр элгэн хаданд ойртож очвол хэд хэдэн морьтой хүн багтахаар маш том агуй харагдлаа. Агуй руу ороход нэг их хэцүү биш, цагаан чулуугаар шат хийсэн байв. Чүдэнз асаагаад тэр шатаар хоёр алхтал гэв гэнэт л хад асга нурах шиг болж их дуу чимээ гараад, би ч айгаад тэрхэн хугацаанд ухаан алдчихав. Нөгөө оньс, сааль гээч нь байж л дээ. Хэсэг хугацааны дараа сэргээд хартал цагаан нэхий дээлтэй, үнэгэн лоовуузтай хоёр залуу зогсч байв. Би ч нөгөө лус савдаг нь байх гэж бодоод шууд л өмнө нь сөгдөж мөргөлөө. Гэтэл тэр хоёр инээгээд, ямар нэг юм ярьж байгаа бололтой ам нь хөдөлж байлаа.

Миний чих дүлийрч, нүд эрээлжлээд тэр хоёрын юу ярьж байгааг ч сонсч чадсангүй. Гэсэн ч би "Та нар чинь жирийн хүмүүс үү, эсвэл лус савдаг уу” гэж асуулаа. Тэр хоёр учиргүй инээлдэж байсанаа "Бид энгийн хүмүүс байна. Харин та чинь юун хүн бэ” гэхэд нь дөрвөн тэмээгээ алдчихаад хойноос нь мөрдөж яваагаа хэллээ. Тэгтэл нэг нь "Аавын хэлдэг үнэн байна шүү” гэж нөгөөдөө хандаж хэлээд "Бид бол шилийн сайн эр "Ганган” Төгсийн хүүхдүүд байна. Та нарыг бид хятадууд гэж бодсон юм. Тэгтэл монгол хүн байжээ. Одоо яана аа. Аав загнана аа. Та ерөөсөө "Бидэнтэй дайврын хятад хамт яваа” гэж аавд заавал хэлээрэй. Аав тэмээг чинь өгөх байх. Харин та наад бүсэндээ байгаа бидний хутгыг өгөөтөх” гэлээ. Би ч хутгыг нь өглөө.

Тэд миний нүдийг хар даавуугаар боогоод цааш дагуулж явлаа. Агуйн гүн рүү орсон уу, буцаад уруудсан уу, ёстой бүү мэд. Гучаад минут явсаны эцэст тэд миний нүдний боолтыг авахад нэг том ханан хадны ёроолд арав гаруй гэр харагдав. Нөгөө хоёр чинь намайг улаан халзтай том гэрт дагуулж ортол хоймрын орон дээр элгээ хүрсэн цагаан сахалтай, ханхар цээжтэй өвгөн цай уугаад сууж байлаа. Өвгөн над руу цоргисон нүдээр тун эвгүй харсанаа "Тэмээний эрэлчин үү” гэж асуухаар нь "Тийм байна аа” гэлээ. Өвгөн хоёр хүүхдээсээ "Миний тангараг юу билээ?” гэж зандарсан өнгө аястайгаар асуухад "Монгол хүнээс өнчин ишиг ч авахгүй. Харин хятад хүнээс бол сэтэрхий зүү байсан ч дээрэмдэнэ” гэж нэгэн дуугаар хэллээ. Өвгөн хоёр хүүхэд рүүгээ ширүүн харц чулуудаж "Тэгвэл та хоёр яагаад энэ монгол хүний тэмээг авсан юм бэ. Яасан задарсан тархинууд вэ” гээд гаднаас нэг хүнийг дуудаж ирүүлээд "Энэ хоёрыг гуч, гучин удаа ташуурд” гэж тушаав. Тэгэхээр нь би "Өвгөн гуай, бидэнтэй цуг дайврын хоёр хятад яваа юм. Тэд цаад шөнө унтах үедээ хоорондоо хэрэлдээд байсан. Тэдний дууг сонсоод хоёр хүү чинь эндүүрсэн бололтой” гэж учирласан боловч өвгөн миний үгийг тоосонгүй. Хоёр хүүхдийг ташуурдахаар авч гарсаны дараа өвгөн над руу муухай харж "Чи хө, муусайн хятадуудын гар хөлийн үзүүрт зарагдаж яваа юм биш биз” гэхэд нь би "Үгүй дээ, үгүй. Нутаг орондоо амьдрах аргагүй болсон хоёр ядуу хятад Ар халхад амь зуух арга чарга хайж яваа юм гэнэ. Бид тэднийг баахан зарцалж аваад л хөөгөөд явуулчихна” гэж тал заслаа.

Гэтэл өвгөн "Хятад л бол хятад. Ядуу, чадуу байх нь надад хамаагүй. Цаад хоёрыгоо сайн зарцалж аваад нутаг руу нь буцаагаад хөөчихөөрэй. Засагт ханы нутаг руу хөл давуулсан байгаад үзээрэй” гэж тушааж билээ. Хэдийгээр өтөлсөн өвгөн ч гэлээ хэлж ярьж, тушааж байгаа нь яг л аянга ниргэх шиг санагдаж байлаа. Хавь ойрын хүмүүс нь ч түүний аянга шиг үгнээс үнхэлцэгээ хагартал айдаг болох нь ажиглагдсан. Ер нь тэр өвгөний дэргэд удаан суухын аргагүй юм шиг санагдсан. Би гэдэг амьтан бөөн айдас хүйдсээр дүүрэн амьтан л сууж байлаа. Төдөлгүй намайг зүүн талын гэрт оруулж хоол цай идүүлэхээр авч гарахад миний бие сая л нэг юм тавирч, чөлөөтэй амьсгалахтайгаа болж билээ. Хоёр хүү нь хэдэн тэмээг маань буцааж өгөөд явуулахдаа миний нүдийг дахиад л хар даавуугаар боосон болохоор би чухам хаагуур яваад байгааг мэдээгүй. Агуй байсан уу, хадан хавцал байсан уу, бүү мэд” гэж өгүүлсэн байх ажээ. "Ганган” Төгс бол Монголын уран зохиолд мөнхөрч үлдсэн цөөн хэдэн шилийн сайн эрийн нэг билээ. Үүгээрээ аргагүй л нэртэй, хүчтэй, нөлөөтэй нэгэн байсан нь ойлгогдоно.

Гэхдээ соц реализмын үед "Ганган” Төгс нь эерэг талын гэхээсээ илүү эсрэг талын дүр болж байлаа. 1951 онд бичигдсэн Ч.Лодойдамбын "Алтайд” романд "Ганган” Төгс эсрэг талын дүр болохоос ч өөр арга байсангүй. Учир нь тэр үед Хятад-Монголын харилцаа сайн байсан, мөн социализм ид ноёрхож байсан тавиад оны үед "Ганган” Төгсийг хулгайч, дээрэмчин гэж цоллох нь зүйн хэрэг байлаа. Хэрвээ түүнийг Хятадын эсрэг тэмцэгч шилийн сайн эр маягаар дүрсэлчихвэл коммунист үзэл сурталчид "Та яахаараа манай сайн хөрш Хятадын эсрэг тэмцэгчийг зөвтгөдөг билээ. Нэг муу шилийн дээрэмчин, үндсэрхэг үзэлтэнийг магтан дууллаа” гээд Ч.Лодойдамба гуайг барьж идэх байсан биз. Өнөөдөр ч гэлээ "Ар халхын шилийн сайн эрчүүд” хэмээх зургаан дэвтэр ном бичсэн намайг зарим нэг зохиолч нэр зүүсэн хүмүүс яг л нөгөө коммунист үзэл сурталчид шиг өөнтөглөж суудаг юм. Учир нь тэдний бичсэн хоосон уянгалсан номыг хүн тоож уншдаггүй.

Харин "Ар халхын шилийн сайн эрчүүд” ном маань 2011 оноос өнөөг хүртэл номын дэлгүүрүүдэд бестселлэр болж ирсэн болохоор надад атаархлын дөл шингэсэн нь энэ юмаа. Тавиад оны Хятад-Монголын сайн хөршийн харилцаанаас үүдэж "Ганган” Төгс ийнхүү эсрэг талын дүр болж байсан бол "Хангай” Базар, "Улаан” Дамаа мэтийн Хятадын эсрэг тэмцэгч шилийн сайн эрчүүд урд хөрштэй хонь, чоно болчихсон байсан дал, наяад онд бичигдсэн болохоор яалт ч үгүй эерэг талын дүр болж мөнхөрсөн юм. Аливаа цаг үеийн үзэл суртал гэдэг зарим хүнийг ийнхүү бурхан болгож, заримыг нь буг болгочих юм даа. Ч.Лодойдамба гуайн "Алтайд” романд өгүүлэхдээ "Нэгэн төрлийн бяцхан хаан болон сууж байсан "Ганган” Төгсийн байрнаас юу ч үлдсэнгүй. Гэрийн өгөршсөн мод, бүрээсний тасархай навтас, дээл хувцасны тасархай, зэвэрсэн төмөр эдлэлүүд, эвдэрч хэмхэрсэн авдар савны хэсгүүд энд тэндгүй хэвтэх нь маш уйтгартай сэтгэгдэлийг хүмүүст төрүүлнэ” хэмээжээ. Энэ үг бол тухайн үед "Ганган” Төгсийн агуйд орж үзсэн Зөвлөлтийн геологичдын дүгнэлт. Гэвч цэвэр үнэнийг хэлэхэд иймэрхүү "Маш уйтгартай” сэтгэгдэлийг Зөвлөлтийн геологийнхон өөрсдөө төрүүлсэн гэдэг шүү дээ.

1930-40 оны хооронд Говь-Алтай аймагт ажиллаж байсан Зөвлөлтийн геологийн экспедицийнхэн, Бичигт богд, Хасагт хайрхан ууланд байсан "Ганган” Төгсийн нууц агуйн амыг тэсэлж аюулгүй болгоод дотогш нэвтэрч хамаг л үнэтэй цайтай бүхнийг тоноод хойш нь ачуулсан болохыг ардчилал сэргэж үг хэлэхтэйгээ болсон 1990-ээд оны үед тус нутгийнхан ярьж, бичиж байсан удаатай. Ер нь 1930-70 он хүртэл Монгол улсад ажиллаж байсан геологи хайгуулын экспедицийнхэн дээр үеийн шилийн сайн эрсийн маш олон агуйг тонож цөлмөсөн гэдэг билээ. Өөрсдөө ингэж тонож цөлмөчихөөд дараа нь "Маш уйтгартай” сэтгэгдэл өвөрлөөд явчихсан нь нэг тиймэрхүү.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Зургийн тайлбар: Энэхүү зургийг Алтайн нурууны "Ганган” Төгст зориулж захиалсан бөгөөд авъяаслаг зураач Ч.Цогбаяр урласан болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top