|

У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татахаар болжээ

saikhnaa 2017/08/26 996 0

У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татахаар болжээ

Монгол Улсын Шадар сайдын албанаас буух өргөдлөө өгсөн У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснээ АТГ-аас сая мэдээллээ. Тодруулбал, Шадар сайд У.Хүрэлсүхийг зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн хэмээн АТГ-аас мэдэгдлээ.

Эргэн сануулахад, У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл үнэн хэмээн Шадар сайдын Ажлын албаны ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар хэвлэлийнхэнд мэдээлсэн байдаг. Тэрчлэн хуульч Ц.Баасандорж хэлэхдээ "2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компани У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар долдугаар сард АТГ, ТЕГ-т гомдол гаргасан байдаг. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. У.Хүрэлсүхийг дагасан, мөшгисөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг. Одоо болтол энэ хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний хувьд шүүмжлэлтэй асуудал юм. Гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Одоо болтол мэдээлэл өгөөгүй нь хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна” хэмээж байв.

Шадар сайдын зөвлөх  А.Үйлстөгөлдөр өмнө нь мэдээлэл хийхдээ  " Юуны өмнө ийм хэрэг явдал гарсанд бид туйлын харамсаж байна. Энэ мэдээлэл бичгийн болон CD хувилбараар Шадар сайдын Ажлын албанд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ирсэн нь үнэн.  Шадар сайдын Ажлын албанаас "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү" гэсэн бичгийг хүргүүлсэн.  Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд уг асуудлыг  шалгуулах тухай албан бичиг явуулсан. Эдгээр газруудаас хариу ирээгүй байгаа гэж байсан юм.

Тэгвэл АТГ У.Хүрэлсүхийг ийнхүү гэм буруутай гэж үзлээ.

Дашрамд өгүүлэхэд, Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаяглан өргөдөл илгээхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улстөрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр бизнесийн цөөн хэдэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна...” хэмээн бичсэн байсан.

Тэгвэл У.Хүрэлсүх хуулийн байгууллагын үүд сахихаар болж байна.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top