АН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газраа унагааж байсан цаг саяхан. Харин одоо МАН-ынхан энэ түүхийг давтаж болзошгүй байдалд хүрээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шокноосоо гараагүй Ах намынхан буруутныг хайснаасаа үүдэн хагарч, зөрчил нь тогооноосоо халиад байна. Намын удирдлагуудад ялагдлын хариуцлага тооцох их хурал хүртэл хэрхэн хэмлэлдэхийг таах боломжгүй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, мөрдөн мөшгисөн гэх асуудал зөвхөн хоёр хүний асуудал биш. Эл асуудлаас үүдэн МАН-ынхан Ж.Эрдэнэбатын тал, У.Хүрэлсүхийн фракц гэж хуваагдаад буй бололтой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тал буюу гол хүч. Энэ бүлэгт эрх мэдэл бас мөнгө ч бий. МАН-ын дарга М.Энхболдоос эхлээд хотын фракц, хөрөнгөтэй хунтайж нарыг эгнээндээ нэгтгэсэн Ж.Эрдэнэбат тийм ч амар суудлаа тавьж өгөхгүй. Гэхдээ У.Хүрэлсүхэд түүнийг айлгах хүч бий. Олон нийт өөрөөр хэлбэл МАН-ын жирийн гишүүд дэмжигчдийн дунд У.Хүрэлсүх нэр, нүүртэй. Намаа цэвэрлэнэ, буруутнуудтай хариуцлага тооцно гэх түүний имиж чамгүй хүчийг авчирна. Мөн МАН-ын нэр нөлөө бүхий эрхмүүд болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нар ч түүний эгнээнд бий. Дээр нь Шадар сайд хууль болоод пиарын багтаа нэлээд анхаарал хандуулсан бололтой. Херо Баатар тэргүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарын багийг ажиллуулж буй сурагтай. Тэгэхээр тагнуулж, чагнуулсан гэх асуудлыг ил болгосон нь дөнгөж эхлэл биз.
Хаанаас нь ч харсан энэ "зодоон” У.Хүрэлсүхэд ашигтай. Сайнаар харж, тэр яллаа гэхэд намын даргын суудал, Ерөнхий сайдын сэнтийг хамтад нь авна. Гол зорилгодоо хүрнэ гэсэн үг. Эрх мэдэл нь жулдаж, хөрөнгө мөнгө нь дутаж ялагдсан ч тэр хоосон хоцрохгүй. Түүний амыг таглах шаардлага Ж.Эрдэнэбатын талд тулгарна. Энэ тохироо одоо ч хийгдэж, У.Хүрэлсүхэд хотыг атгуулах сураг бий. НИТХ-ын дарга болон хотын захирагчийн суудлыг У.Хүрэлсүхийнхэнд өгч, гал унтраахаар яригдаж буйг зарим эх сурвалж хэлж байна.
Ер нь МАН-ын зөрчил тогооноосоо халиад хол явдаггүй. Хэсэг хугацааны дараа ханцуйндаа наймаалцаж, хэн нэгэн нөхрөөр туг тахиад дуусгадаг зан Ах намынханд байдаг. Тэр зангаараа энэ удаа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаар туг тахиад, асуудлыг намжааж магадгүй. Алдарт 60 тэрбумын асуудал, нийслэлийн ялагдал гээд муухай бүхнийг Ц.Сандуй руу түлхээд, түүнийг холдуулах ажиллагаа явагдаж буй бололтой. Үүнийг мэдсэн Ц.Сандуй ч ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр зэхэж буй гэх мэдээлэл ч бий. Харин Ц.Сандуйн хоморгонд хотын дарга С.Батболд хэлмэгдэж болзошгүй. Хэрвээ У.Хүрэлсүх хотоор тохиролцоо хийвэл түүнд зөвхөн НИТХ-ын даргын суудал хангалтгүй. Хотын даргын эрх мэдлийг хамтад нь авахыг санаархана. Тэгэхээр чимээгүйхэн суугаа С.Батболд мээрийн суудал ч ганхахыг үгүйсгэмгүй.
Гэвч Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлын төлөө том амбицтай зүтгэж байгаа У.Хүрэлсүх хотыг аваад сэтгэл ханамжтай суух болов уу.
В.Бат
http://www.shuud.mn/content/read/486694.htm