|

Ж.Батсуурийн араас огцрох ёстой сайдууд…

saikhnaa 2017/05/31 772 0

Ж.Батсуурийн араас огцрох ёстой сайдууд…

МАН-ын засгийн газар хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож эхэллээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж Ж.Батсуурь сайдыг үүрэгт ажлаас нь огцрууллаа. Түүнийг огцруулах санал гаргасан үндэслэл нь албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан гэж үзжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон Элсэлтийн Ерөнхий шалгалтын үеэр математикийн хариу 49 дүгээр сургуулиас задарсан юм. Иймд түүнийг хариуцлага алдсан хэмээн үзэж  ийн огцруулж байгаа аж.

Ийнхүү "Мэргэжлийн” засгаас өөрсдийнхний дэмжлэгтэйгээр огцорсон анхны сайд нь Ж.Батсуурь болж байна.  Түүнчлэн санал хураалтын дараа УИХ-ын дарга М.Энхболд "Хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагч нарт хатуу хандана” гэдгээ мэдэгдэв.

Тэгвэл энд нэгэнтээ хариуцлагын асуудал ярьж байгаа бол Ж.Батсуурийн араас мөн хариуцлага алдсан, хариуцлагагүй ажиллаж байгаа нэр бүхий сайдууд яригдах ёстой. Тухайлбал Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ.  Хүний алтан амь эрсдсэн байхад энэ талаар хэн ч юу ч яриагүй өнгөрсөн. Мөн бусад сайдуудын 744 тэрбум төгрөгийн ДОЛООН КОНЦЕСС, ажлаа урагштай хийхгүй, байнга хэл ам шүүмжлэлд өртөж байдаг хэд хэдэн сайдууд энд яригдана.

Энх цагт эр цэргүүд зэвсэг техникээсээ болж амь насаа алдчихаад байхад сайд нь хариуцлага хүлээхгүй суудалдаа бөх хадагдсаар байгааг юу гэж тайлбарлах вэ. Энэ үйлдлийн хажууд  шалгалтын тест задарсны төлөө огцорч байгаа сайдын үйлдэл  арай шударга бус мэт санагдаж байна.  Үүнийг алагчлал гэх үү. Уг нь УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэнчлэн  асуудалтай байгаа хүмүүсдээ энэ жишгээр хариуцлага тооцвол МАН -ын нэр хүнд тэнгэрт өснө.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс гадна ажлаа урагштай хийхгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн сайд Д.Ганбат нарын сайдуудыг сэлгэж, мэддэг чаддагт нь суудлыг нь өгвөл зүгээрсэн.Төрийн ажил, тэр тусмаа салбарын сайдын ажил тоглоом биш. Ажил нь явахгүй байгаа салбарын сайд нарыг Ж.Батсуурийн араас  шил дарааллан огцруулах хэрэгтэй.

Уул уурхай, хүнд үйлдвэр өнөөдөр ямар ахиц дэвшилт гаргав. Энэ салбарын сураг тасраад удаж байна гэхэд хилсдэхгүй. Салбарынхаа сайдын нэрийг ч мэдэхгүй хүн байдаг гэх юм билээ. Ер нь Ц.Дашдорж сайдыг ажлаа урагштай хийхгүй, сайдын бөглөөс болж төрийн ажлыг салгардуулж байна хэмээн шүүмжлэх хүмүүс бишгүй. Энэ үнэний ортой. Түүний хувьд тэтгэвэртээ гараад, эрүүл мэнддээ анхаарч биеэ эмчлүүлээд сууж байх нас нь. Чаддагт нь ажлаа өгөөд, зайгаа тавьж өгөх хэрэгтэй болов уу.

Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг ажлаа сайн мэдэхгүй, салбар нь хөл тойлгойгоо олохгүй явааг хаа хаанаа ярьж байгаа. Ер нь А.Цогцэцэг сайд ажлаа авсан цагаасаа эхлэн шүүмжлүүлсээр өнөөдрийг хүрсэн. Түүнийг ажлаа хүлээж авсан цагаас хойш Эрүүл мэндийн салбарт ямар ахиц дэвшилт гарав. Хэлье ч гэсэн үнэндээ хийсэн бүтээсэн зүйл хомс. Үүний араас мөн Зам, тээврийн яам яригдана. Энэ салбар чухам юу хийж бүтээж байгааг хэлж мэдэхгүй юм.  Ер нь зөвхөн дээр дурдагдсан сайдуудаас гадна ажлаа сайн хийхгүй байгаа сайдууд, төрийн албан хаагчид цөөнгүй байгааг дуулгах хэрэгтэй.

МАН сонгуулийн амлалтандаа "Мэргэжлийн” Засгийн газар байгуулна, сайдаар томилогдсон хүмүүсээ "Мэргэжлийн” гэх тодотголд нийцүүлнэ  хэмээн онцолж байсан. Тэгвэл энэ амлалтандаа хүрч сайд нараа "Мэргэжлийн” хүмүүсээр нь удирдуулъя.

Ямартай ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эзэнгүй боллоо.  "Хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагч нарт хатуу хандана” хэмээн мэдэгдсэн МАН-ын дарга М.Энхболд хэлсэндээ хүрэх л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: ENE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top