Энэ удаагийн "Бизнес хөгжил” буланд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн "Сэлэнгэ” амралтын баазын дарга И.Жаргалсайханыг урилаа.
-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Танай амралт хэдийд байгуулагдсан бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай "Сэлэнгэ” амралтын бааз 1981 онд байгуулагдсан. Үйлдвэрчний төв зөвлөлийн хөрөнгөөр баригдан ашиглалтад өгөхдөө "Эрдэнэт” үйлдвэрт шилжүүлж өгсөн. Учир нь манай үйлдвэрийн ажилчид, тэдний хүүхдийг ая тухтай амруулахад зориулсан. Ер нь анхны чиглэл нь хүүхдийн зуслангийн зориулалттай байсан юм. "Эрдэнэт” үйлдвэрийн ахмад ажилчин н.Авирмэд газрыг нь сонгосон байдаг. Тэр хүнийг рашаан, сувиллын н.Авирмэд гэхээр хүмүүс анддаггүй. Манайх шиг газар Монголд ховор. Тухайлбал, цэвэрлэх байгууламж, халуун, хүйтэн ус, дулааны шугамыг нь маш сайн шийдэж өгсөн. Эхлээд өвөлд нь цөөхөн хэсгийг мазутаар халдаг байлаа. Манайх үндсэн гурван хэсэгтэй, өвлийн цагт хоёр хэсгийг нь ажиллуулдаг. Нэг удаа 120-150 амрагч авах хүчин чадалтай. Зуны улиралд найман ээлжээр хүүхдүүд амрааж байна. Нэг удаа 450-500 хүүхдийг амраах боломжтой. Гуравдугаар хэсэг нь анх хүүхэд амраах зориулалтаар баригдаж байсан. Одоо ч тэр хэвээр нь ажиллуулж байгаа. Зуны хоёр сард нийтдээ 3000 гаруй хүүхдийг амрааж байна. Хүүхэд хүлээж авах ээлж бүр харилцан адилгүй. Тухайлбал, III, IV ээлж ачаалал ихтэй байдаг. Бусад хүүхдийн зуслангууд ч ялгаагүй байдаг юм билээ. Наадмын дараа хүмүүсийн амралт эхэлж байгаа учраас ачаалал арай бага болдог.
-Танай амралт ямар статустай вэ. "Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх амралтын газар уу?
-Статусын хувьд "Эрдэнэт” үйлдвэрийн харъяа, цех гэж явдаг. Нийгмийн цехүүдийнх нь нэг юм шүү дээ. Ажилчдынхаа ая тухтай нөхцлийг хангахыг зорьдог. Анхны зорилгоосоо гажаагүй л явна. Сүүлийн үед тохижилтын ажил хийснээр өвөл амрагч авдаг болсон. Жишээлбэл, хоёр жигүүртээ хүмүүсээ авч орлого олохоор ажиллаж байгаа юм. Амрагчийнхаа ая тухтай байдлыг хангахаар өрөөндөө 00 болон душтэй болгосон. Нэгдүгээр хэсэгт орос, монгол гэсэн хоёр талтай. Тэнд манай захирлууд амрахаас гадна дээд хэмжээний зочдоо хүлээж авдаг.
-Эдийн засаг хямарсан энэ үед хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Та энэ салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд бусад оронтой харьцуулахад ямар төвшинд явж байна гэж боддог вэ?
-Аялал жуулчлалын бизнес хөгжих боломж бий. Хамгийн гол нь үйлчилгээний чанарыг сайжруулах. Ая тухтай нөхцөл бүрдүүлж, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Манай улс хүмүүсийг татах байгалийн үзэсгэлэнт газартай, гадаадынхан сонирхох дурсгалтай зүйл олон бий. Сүүлийн гурван жил аялал жуулчлалын салбарын олон улсын үзэсгэлэнд оролцсон. Тэндээс харж байхад манайх энэ салбараа зөв голдиролд нь оруулах хэрэгтэй. Манай улсын хувьд одоогоор дөрвөн чиглэлийн үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл энэ чиглэл нь Булган руу урсах гарц байхгүй. Гадныхныг татаж байгаа бүсэд орж чадаагүй байна. Аялал жуулчлал хөгжсөн бүсүүдэд Өмнөговь, Хөвсгөл орж байна. Өөрөөр хэлбэл, говийн сайхныг үзэх боломжтой. Мөн Хөвсгөл нуурийг үзэхээр жуулчид ирдэг болчихсон. Ерөнхийдөө дээр үеэс гаргасан чиглэлийн дагуу хөгжиж байгаа нь тэр болов уу. Цаашлаад Булган нутгийн онгон байгалийг үзэх хүмүүсийн цуваа үргэлжлэх болов уу гэж боддог. Тиймээс үүнийг хөгжүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй.
Би анх 1987 онд энэ амралтын баазад ирж амарсан юм. Тэр үед ууланд нь буга урамддаг, ан гөрөөтэй сайхан нутаг байсан. Ингээд 2006 онд даргаар нь томилогдож ирсэн. Гэтэл анх ирж байснаас огт өөр болсон байсан. Учир нь Хялганат тосгон байгуулагдан модны үйлдвэр ажиллаж эхэлсэн. Мөн урд хөрш рүү байгалийн түүхий эд, амьтдын эд эрхтэн гаргаж байсантай холбоотойгоор нэлээд сүйдсэн байдаг.
-Танай амрагчид буга урамддаг гэсэн шүү дээ?
-Тэгэлгүй яахав, 2007 оноос эхлэн хөөцөлдөж 2011 онд халиун бугыг нутагшуулан үржүүлсэн. Энэ нь манай үйлдвэрийн хувьд дүйцүүлэн нөхөн сэргээлт гэж үзэж байгаа. Энэ нь 2016 он хүртэл хэрэгжих төсөл. Ингээд 60 буга нутагшуулсан. Энэ ажил маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 42 буга нутагшуулан үржүүлсэн. Мөн тарвагыг дүйцүүлэн нөхөн сэргээх байдлаар үржүүлж байна. Хустайгаас буга, тарвагаа авчирсан. Хойд зүг рүү тавьсан тарвага нүүдэллэж байсан. Учир нь үржил бага явагдаж байсан учраас Ёл хайрханд авчирч тавьсан нь үр дүнгээ өгч байна.
-Аялал жуулчлалын дөрвөн бүс байдаг тухай дээр дурдсан. Тэгвэл Булган аймгийг тав дахь бүс болгохын тулд юу хийх ёстой вэ?
-Хамгийн гол нь аялал жуулчлалын маршрутад оруулах хэрэгтэй. Мөн тур операторуудаар дамжиж ирсэн аялагчдыг татах ажлыг орон нутаг болон амралтын газрууд өөрсдөө хийх ёстой. Ялангуяа Булган аймгийн аялал жуулчлалын газар маршрутаа гаргах ёстой. Энэ ажлын эхлэл болгож Google map-д газрын байршлаа оруулж байгаа гэж сонссон. Тэгэхээр сурталчилгаагаа сайн хийж өгвөл бид цаашид хөгжих бүрэн боломж бий. Булган хангайн нутаг бол маш сайхан нутаг шүү дээ. Жишээлбэл, Хөвсгөл явж байгаа жуулчдыг нутагтаа хоёр хоног саатуулах бүрэн боломжтой. Мөн Хөвсгөл далайгаас авсан Эгийн гол манай нутагт бий. Энэ мэтчилэн олон зүйлийг хийх хэрэгтэй. Сүүлийн хоёр жил Орхон аймгийн аялал жуулчлалын газар нэлээд сайн ажиллаж байна.
-Манайд бизнес эрхлэхэд хэр таатай гэж боддог вэ. Учир нь бизнесийнхэн ажиллах хөрс муу, хууль эрх зүйн орчин тогтворгүй, татварын дарамт их гэх мэтчилэн олон зүйлийг хэлдэг?
-Бид эрх зүйн орчноо зөвөөр харж дүгнэлт хийх нь чухал. Ер нь өөрсдийнхөө нөөц бололцоог зөв ашиглавал тийм ч дарамттай орчин биш. Бусад оронтой харьцуулахад хуулийн дагуу ажиллаад, санаачлагатай байвал дарамт гайгүй. Би "Монголын зуслангуудын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн. Жил бүр олон улсын хуралд оролцдог. Тэнд хүмүүстэй уулзаж байхад татварын систем өндөр байдаг юм. Манай улсын хувьд харьцангүй гайгүй гэж хардаг. Гэхдээ зарим тохиолдолд асуудал үүсдэг байхыг үгүйсгэхгүй. Аливаа зүйлийг зөв голдирлоор ажиллаж чадвал төдийлөн дарамт үүсэхгүй л болов уу. Тухайлбал, амралтын газар байгуулахаар сайхан байгальтай газар авна гэхэд бидэнд түүртэх зүйл огт байхгүй. Газар нутгийн хувьд хангалттай шүү дээ. Манай улсыг сонирхож байгаа жуулчид нүүдлийн соёл иргэншил, онгон байгалийг илүү сонирхдог юм. Намайг анх Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байхад амралтын өдрөөр бүгд явган аялал хийдэг байлаа. Тэр үед машин зам битгий хэл явган хүний жим ч байдаггүй байсан. Харин одоо өөр. Цаг үеэ дагаад хүмүүс хотжиж байгаа нь үнэн. 1980-аад оны үед явган аялалд явж байгаа хүмүүс модны зах руу ороод л жимсээ түүдэг байсан. Гэтэл одоо цаг өөр болж. Учир нь 20 гаруй жилийн дотор хурдан техник хөгжсөнөөр байгаль дэлхий ч өнгөө хувиргаж, ан амьтан ховордож байна.
-Манайх онгон байгальтай, нүүдлийн соёл иргэншилтэй гэдгээрээ бахархдаг. Гэтэл жуулчны бааз, амралтын газар хэт олширсон, үйлчилгээ муу байгаа тухай хүмүүс ярьж байна?
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. 1990-ээд оноос хойш монголчууд дэлхий дахинд явж үзсэн. Тэгэхээр аялал жуулчлал яаж хөгжсөн, хэрхэн явж байгааг бүгд харсан. Эрх зүйн орчин нь ямар байдгийг ч мэддэг болсон. Тиймээс энэ салбараа хөгжүүлэхийн тулд муулаад байж болохгүй. Зах зээлийн хатуу зарчим бий. Хэрэв үйлчилгээ муу байвал аяндаа тэр бизнес дампуурна. Үүнийг хааж хориглох шаардлагагүй. Хөгжиж байгаа, ажиллаж байгаа газар улам өргөжинө. Би Герман явж байхдаа онгоцны буудал дээр хоёр цагдаатай танилцсан юм. Харахад залуухан боловч халзан толгойтой. Гэхдээ төрөлхийн халзан юм шиг харагдаад байсан учраас би сониуч зандаа хөтлөгдөөд асуучихлаа. Гэтэл тэд толгой нүцгэн явбал үс нь уначихдаг гэж хариулсан. Юунаас болсныг нь лавлахад "Өвгөн европийг мэдэхгүй байна. Бороо хүртэл химиэр орж байгаа. Та нар ойлгохгүй байна уу” гэсэн юм. Харин манайд бол эсрэгээрээ. Борооны усанд үсээ угаавал өнгө нь сэргээд сайхан болдог гэдгийг бүгдээрээ мэднэ. Хэдийгээр бид байгаль дэлхийгээ сүйтгэчихлээ гээд халаглаж байгаа ч европ шиг, Япон шиг болоогүй байна. Тиймээс байгалиа сэргээх, бүр муутгахгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна манай улсад хэрэгжиж байгаа том төслүүдийг өгөөжтэй хэрэгжүүлмээр байгаа юм. Хэрэв тэгж чадвал улс маань гэрлийн хурдаар хөгжих боломж бий.
-Манайд орж ирсэн төсөл хүртээмжгүй байгаа тухай хүмүүс ярьдаг. Тэгэхээр үүнийг зөв зохистой хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх хэрэгтэй. Хэдийгээр бид гурван сая хүрчихлээ гэж байгаа ч эв эеийг хичээх ёстой. Эх орноо гэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал бүх зүйл сайхан болно. Гэтэл хоорондоо хагаралдаад байх юм. Тухайлбал, Ноён уулыг ухна, ухахгүй гэж хоёр талцах хэрэггүй юм. Дарга нар нь болно гэдэг. Хэсэг бүлэг нөхдүүд нь болохгүй гээд зүтгэчихдэг нь эв эеийг ололцохгүй байгаатай шууд холбоотой. Аливаа зүйлийг агуу харж, зөв сэтгэж, залах хэрэгтэй юм. Ард иргэд нь ч түүнийг нь ойлгож, нэг хүн шиг байх нь зүйтэй гэж боддог.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин