|

ШИЛЭН ДАНСААР ТӨСВӨӨ "ТОЛЬДОХУЙ"

Munkhbat 2015/03/30 868 0

 ШИЛЭН ДАНСААР ТӨСВӨӨ "ТОЛЬДОХУЙ"

 

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрчээ. "Өглөө бүр сануулж байх ёстой" тус хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж буйг судалж, эх орныхоо хэтэвчрүү өнгийж нэг үзлээ.

 

Мэдээж төсөвт байгууллагуудын дансыг бид шилний цаанаас харахгүй ч гэлээ комьпютерийн цаанаас харах бүрэн боломжтой. Энэ эрх ч хуулиараа хангагдаж байгаа.

 

Иргэд төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланг www.shilendans.gov.mn нэгдсэн вэб сайтаас харна. Гэхдээ энэхүү сайтад мэдээлэл бүрэн ороогүй байгаа. Бүртгэлийг хариуцаж байгаа "Үндэсний дата төв"-өөс тодруулахад "Нийт 10 мянга гаруй байгууллага бүртгүүлэх ёстойгоос долоон мянга нь бүртгүүлээд байна. Бүртгүүлсэн байгууллагууд өөрсдөө мэдээллээ сайтдаа оруулах ёстой" гэв. Аливаа эргэлзээ бүхнийг халах учигтай тус хууль эгээ л цагаа олсон энэ засгийн сор хууль хэмээн олноо сайшаагдаж буй юм. Тиймээс ч төрийн тогтолцоог ялзралаас аврах нэг чухал нөхцөл хэмээж төсвийн ил тод байдлыг түмэнд "илчилэхээр" Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үнэхээр ч аливаа нянг хамгийн сайн устгадаг эм бол нарны гэрэл гэдэг.

 

Учир иймд, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвөөр эрх баригчид, яам тамгын газрынхан халаасаа түнтийлгэж байна уу, эсвэл амин зуулгаа залгуулж буй эсэхийг мэдэхээр манай сонин өмнөх дугаараас эхлэн яам тус бүрийн шилэн дансны хэрэгжилтийг хянаж нийтэлж буй билээ. Энэхүү хуулийн төсөл төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй болох ёстой. Гэтэл үнэндээ төрийн байгууллагууд Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх нь дутуу дулимаг төдийгүй монголын хууль гурав хоног гэдгийг батлах шиг. Бас болоогүй. Зарим төрийн байгууллагууд нэг ч удаа орлого, зарлагаа бичээгүй байгаа нь хуулиа хэрэгжүүлээд байна уу, өөр зүйлд ашиглаад байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Хэрэгжүүлж байгаа гэхэд санхүүгийн тайлангийн шивэлт байхгүй. Хэрэгжүүлээгүй гэхээр таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгуй хэрэглээгээ танасан юм болов уу гэж бодмоор. Ямартай ч яамд Шилэн дансны хуулийг хэрхэн хэрэгжүүлж буйг уншигч авхай та харьцуулж нэг тунгаана биз.

 

Зардал ихэвчлэн уул уурхайн компаниуд руу шилжүүлжээ

Уул уурхайн яам: Шилэн дансны хэрэгжилтийг мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш цаг алдалгүй гүйцэтгэж эхэлсэн гэхэд хилсдэхгүй бөгөөд тус яам хуулийг гууль болголгүй хэрэгжүүлэгч цөөнхийн нэг билээ. Тус яамнаас гарч буй ихэнх зардал уул уурхайн компанийн санхүүжилтэд төвлөрсөн харагдав. Гэвч эхний хоёр сарын таван саяас дээш дүнгийн цалингийн зардлаас бусад орлого зарлагын бичилт байсангүй нь эл саруудад гүйлгээ хийсэнгүй юу, эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөв үү гэх эргэлзээ төрүүлж байгаа юм. Харин тус яамны энэ сарын цалингийн зардлаас бусад зардлуудаас дурдвал, гуравдугаар сарын 6-нд 30-аад байгууллагад нэг сарын санхүүжилт хэлбэрээр мөнгө шилжуүлжээ. Тодруулбал, Геологи судалгааны төвд 161 сая 32 мянга 616 төгрөг, Хөвсгөл геологи ХК-д 173 сая 94 мянга 603 төгрөг, Судалт мана ХХК-д 150 сая 553 мянга 990 төгрөг, Жинст-Уул ХХК-д 108 сая 490 мянга 516 төгрөг гэх мэтчилэн тус яамны ихэнх зардал салбарынхаа компаниудад зарлагаджээ.

 

40 км замын ажилд 803 сая 463 мянга 327 төгрөг зарцуулжээ

Зам тээврийн яам: Тус яам хуулийн хэрэгжилтийг хоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Аль эсвэл нэгдүгээр сард таван саяас дээш гүйлгээ хийгдээгүй юм болов уу гэмээр тодорхойгүй байна. Зам ашиглалт, тээвэр, замын бүтээн байгуулалттай хариуцсан яам болохоор бүтээн байгуулалтын ажилд ихээхэн мөнгө зарцуулжээ. Тухайлбал, ЗМЗХХК-ны гүйцэтгэл Хөлөн буйр гүүрийн санхүүжилт гэсэн утгатай 573 сая 260 мянга 509 төгрөгийг хоёрдугаар сард зарлагаджээ. Мөн "Хотгор зам" компаний гүйцэтгэл Улистай Донойн хөндийн чиглэлийн автозамын ажил 181 сая 901 мянга 31 төгрөг, Доржийн гудамжны барьцаа чөлөөлөхөд 103 сая 369 мянга 106 төгрөгийг шилжүүлжээ. Харин энэ сард "Үйлсийн зам" ХХК-ны гүйцэтгэл Элсэн тасархай-Арвайхээр чиглэлийн 40 км замын ажилд 803 сая 463 мянга 327 төгрөг, Зөвлөхийн үйлчилгээ гэсэн утгатай 27 сая 180 мянган төгрөгийг Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн рүү шилжүүлжээ. Энэ мэтчилэн төрөл бүрийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад зарлага гарсан байна. Ямартай ч тус яамны Шилэн дансны хэрэгжилтийг ажиглахад эмх цэгцтэй тайлбар сайтай юм.

 

Дулааны төлбөр, түрээсийн зардлууд голлож байна

Эрчим хүчний яам: Тус яам хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлдэг яамны нэг. Хууль хэрэгжсэн эхний өдрөөс л ил тод байдлыг хэрэгжүүлжээ. Тэр ч бүү хэл, өмнөх оны зардлуудыг дэлгэн харуулжээ. Харин энэ сарын цалингийн зардлаас бусад таван саяас дээш төгрөгийн зардал хараахан бичилт хийгдээгүй юу, эсвэл зардал гараагүй юу сар дуусч байхад гуравдугаар сарын зардлын мэдээлэл байсангүй. Дулаан цахилгааныг хариуцсан яам болохоор бусад яамдтай харьцуулахад элдэв зүйлд зарлага гарах нь бага төдийгүй голчлон цахилгаан станцууд болон салбар сүлжээ компаниудын түрээсийн зардал, дулааны төлбөр, нийгмийн даатгал болон татвар зардапд мөнгө зарлагджээ. Тухайлбал, Хүнсний ЭШҮйлдвэрлэлийн Само институтэд 4 сая 57 мянга 346 төгрөгийг УБ ТЭЦ-5 төслийн 1,2-р сарын түрээсэнд зарлагаджээ. Мөн тус яам харьяа татварын хэлтэст татвараа тоо ёсоор төлдөг нь өнгөрсөн сарын ХУД Татварын хэлтэсд 5 сая 639 мянга 984 төгрөгийг төлснөөс харагдаж байна. "Петровис" ХХК-д 3 сая 545 мянга 600 төгрөгийн шатахууны зардлыгхоёрдугаар сард зарлагадсанаас өөр нүдэнд өртөхүйц зардал байсангүй.

 

Бичилт байсангүй

Хууль зүйн яам: Шилэн дансны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлэх нь мэдээж энэ яам. Хуулийг чандалдаг тус яам хамгийн үлгэр жишээ байх ёстой. Гэтэл тийм ч сайн хэрэгжүүлээгүй байх юм. Учир нь нэгдүгээр сард л гэхэд таван саяас дээш хийгдээгүй юм болов уу гэмээр албан байгуулага бүрийн үндсэн зардал болох НДШ-ийн 12 сая 715 мянга 404 төгрөг, ХХОАТ-н 6 сая 299 мянга 130 төгрөгийг ЧДНХ-т тушааснаас өөр ажил гүйлгээ алга. Хоёрдугаар сард ч мөн адил өнгөрсөн сарын НДШ-ийн 19 сая 881 мянга 776 төгрөг, ХХОАт-н 7 сая 847 мянга 265 төгрөгийг зарлагаджээ. Харин энэ сарын хувьд мөн л таван саяас доош гүйлгээ гарсангүй юу гэмээр ямар нэгэн орлого зарлагын бичилт байсангүй.



Ж.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

top