Ордос аймгийн Отог хошуунаас Үүшин хошуу руу явж байх замд замчилж яваа Оюундалай замаас нэлээд зайдуу уулын энгэрт ургасан ганц том хайлаас модыг заан "Тэрийг харж байна уу?" гэсээр машинаа тооромслон зогсооход бид машинаас буун нөгөө модыг саравчлан харан зогсцгоолоо. Оюундалай "Энэ хайлаас мод аавын минь хайрын гэрч байгаам даа. 20 жил ургажээ. Ээж минь тэнгэрийн орныг зориод 20 жил болсон байна шүү" гэж санаа алдан нүдэндээ нулимстайгаар тэртээх уулын энгэрт байгаа ганц хайлаасыг ширтэн хэсэг зогссоны дараа аавынхаа үнэнч хайрын тухай ярьж өглөө...
Одоогоос 20 жилийн өмнө Бор 4 хүүхдийнхээ ээж хайртай ханиа алджээ. Хайртай хань нь уулынхаа энгэрт шингэнээ гэж байнга хэлж байсан болохоор Бор захиас ёсоор нь эхнэрээ нутаглуулсан аж. Өмөг түшиг болсон хайртай гэргийгээсээ хагацсан Борд 20 жилийн өмнөх тэр өдрүүд хэцүү байсан нь мэдээж. Уй гашууд автсан Бор 49 хоногт нь амжуулаад гэргийгээ "нутаглуулсан" газарт нь мод тарихаар шийджээ. Унаа машин байтугай явганаар ч хүрч очиход хэцүү хад, асга, нугачаа ихтэй уулын энгэрт Бор өвөөг мод тарина гэхэд хэнч итгээгүй гэдэг. Тэр тарьсан нялх хайлаас модоо ургуулах гэж бүтэн 3 жил ус дамнуургаар зөөсөн гэнэлээ. Явганаар арай чүү хийж хүрч очих тэр л газар өдөрт 2 км гаруй алхан 20 литр ус дамнуургаар зөөж тарьсан модоо усалж арчилж тордсоор байсан Бор өвөөгийн хайрын түүх үнэхээр агуу байгаа биз. Өвөрмонгол өвөөгийн үнэнч хайрын гэрч болсон мод 20 жилийн дотор хичнээн гоё ургасанг та бүхэн зурганаас харж байгаа. Тарьсан модоо услах гэж очих бүртээ хайртай гэргийтэйгээ ярилцдаг байсан "нууц"-ыг Бор өвөөгөөс өөр хэн ч мэдэхгүй. Бор өвөөгийн үнэнч хайрыг ойлгохгүй нэг хэсэг нь шоолон гайхаж байхад өрөвдсөн зарим нэг нь "Чи минь ингэж явахынхаа оронд аяга цайгаа хувааж уух хүнтэй болох юм бишүү" гэж хүртэл хэлж "санаа тавьж" байжээ. Энэ бүгдийг Бор өвөө үл тоон модоо услаж арчилж тордсоор иржээ. Хүмүүсийн яриаг сонссон өвөө хүүхдүүддээ "-Аав нь юу гэж аяга цайгаа хувааж уух хүнтэй болох билээ дээ. Ээж нь тэнгэрээс хараад аавд нь гомдоно шдээ. Хамаг залуу насандаа хайрлуулж халамжлуулчихаад тэнгэрт очингуут нь өөр бүсгүйгээр цайгаа чануулж ууж болохгүй" гэж хэлжээ.
Д.Наранцогт