|

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба Монгол дахь эрүүл шүүлт...

saikhnaa 2017/01/14 812 0

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба Монгол дахь эрүүл шүүлт...

 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шийтгэгдээд буй Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр medee.mn сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлж ярьснаас үзэхэд Б.Содномдаржаагаас мэдүүлэг авахдаа бие махбодийн эрүүдэн шүүлт тулгасан бололтой. Эхнэр Г.Энхбаяр нь хэлэхдээ "Нөхрийг минь шоронд тамалдаг байх. Нэг удаа очиход маань үнэн худал х
элүүлдэг аппаратанд суулгасан, зүүн гар мэдээгүй болсон гэж байсан. Тэр нь тэгээд яадаг юм бэ гэхэд үнэн хэлэхээр нь тог цохиулдаг гэж байсан. Тэгсэн ингэсэн гэдгээ хэл гээд би тэгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэр муухай газартаа хүний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ.” хэмээн ярьжээ. 
Ер нь бол Монголд эрүүл шүүлтийн ноцтой хэлбэрүүд байдаг гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн л дөө. С.Зориг агсны амийг хөнөөсөн этгээдүүдийн эрэлд хатсан хуулийнхан ч өмнөх олон жилүүдэд хэд хэдэн хүнийг хорьж, шалгахдаа эрүү шүүлт тулгаж бие махбодийн болон сэтгэл санааны зовлон учруулж байсан баримтууд бий. 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба Монгол дахь эрүүл шүүлт...


С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан, хил дамнуулан хууль бусаар хулгайлж авчирсан Д.Энхбат агсны асуудалтай холбоотойгоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас Манфрэд Новак гэж хуульчийг Монгол руу илгээсэн байдаг. Манфрэд Новак бол Босниа Херцеговинад болсон хүний эрхийг хөсөрдүүлсэн хэргийг шүүсэн багийн орлогч даргаар нь ажиллаж байсан хуульч бөгөөд Гуантанамо дахь шоронд хоригдогсдыг эрүүдэн шүүж байсныг шалган илтгэсэн гэхчлэн анхаарал татсан олон хэрэг асуудал дээр ажилласан туршлагатай хуульч гэдгийг тухайд үед манай хэвлэлүүд ч бичиж л байсан. М. Новак манай улсад ирээд ёстой уулзаагүй хүнгүй шахам байдаг. Ерөнхийлөгч Н.Багабанди, яамдын дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагууд, хүний эрхийн газрын ажилтнууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчид, гадаад улсуудын элчин сайдууд, олон улсын байгууллагуудын удирдлагууд, Амгалан дахь жирийн дэглэмтэй 421-р хорих анги, Урьдчилан хорих төв буюу Ганц худаг, 413-р хорих анги буюу Зүүнхараагийн шорон, чанга дэглэмт 405-р хорих анги буюу Тахир Соёот зэрэг газруудтай биечлэн танилцаж Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байдаг. 

Улмаар тусгай илтгэгчийн хувиар тайлан илтгэл гаргасанд нь анхаарал татсан мэдээлэл бий. Түүний илтгэлээс ишлэхэд "....2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбатыг Парисийн нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулгаж, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан улмаар Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч одсон байна. Монгол улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьжээ. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг ял тулган эрүүдсэн хэдий ч хэргээ хүлээгээгүй байна. Тавдугаар сарын 24-нд түүнийг "ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэнгүүтээ 5 сарын 25-нд хилээр нэвтрэн орсон мэтээр цагдаагийн газраар бүртгүүлжээ. Олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ...

... 2005 оны зургадугаар сарын 7-нд тусгай илтгэгч Зүүн хараагийн 0413 дугаар чанга дэглэмтэй хориход төрийн нууц задруулсан хэрэгт 3 жилийн ял эдэлж буй Д.Энхбаттай уулзсан. Хүний амийг санаатайгаар хороосон хэргийг угаас худал байсан нь тодорхой тул тул хэрэгсэхгүй болгожээ. Уулзалтын үеэр хөндлөнгийн эмчийн үзлэгт оруулахад амьсгал нь хүнд, шээс нь цустай, чичрэх зэрэг шинж тэмдэг нь биеийн байдал тааруухан болохыг илтгэж байна. Иймд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Зайсан дахь хорих эмнэлэгт шилжсэн хэдий ч дорвитой эмчилгээ авалгүй эрс муудаж буй эрүүл мэндийн байдлыг эс харгалзан буцаасан байв.” гэхчлэн өгүүлсэн байдаг. 
Түрүүн өгүүлсэнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийн тулд манай хуулийнхан эрүүл шүүлт хэрэглэж байсныг, өдгөө ч хэрэглэсээр байгааг дээрх мэдээллүүдээс ойлгож болохоор байна. 

Дашрамд өгүүлэхэд, Эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн конвенц гэж байдаг. НҮБ хамгийн анх 1984 онд энэ конвенцыг батлан гаргаад 1987 онд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон. Монгол улс үүнд 2000 онд нэгдэж орсон.Уг конвенцын нэгдүгээр зүйл дээр эрүү шүүлт гэж юу юм бэ гэдгийг хамгийн өргөн утгаар тайлбарласан байдаг.

Үүнд :

Эрүүдэн шүүлтийг үйлдлийн шинжээр нь авч үзвэл биемахбодын болон сэтгэл санааны шаналал зовлон учруулсан хууль бус аливаа үйлдлийг хэлж байгаа юм.

Энэ асуудал хэнд хамаатай юм бэ гэхээр төрийн албан хаагч буюу төрийн эрх мэдэл бүхий хүн өөрөө эсвэл өөр бусдаар дамжуулан энэ үйлдлийг хийсэн хүнд хамаатай.
Үүнд өртөх эрсдэл бүхий хүмүүс нь тэдний эршээлд байгаа буюу аливаа нууц мэдээ сэлтийг мэдэж байгаа сэрдэгдэж байгаа хүн юм.

Ямар зорилгоор эрүүдэн шүүлт хийдэг вэ гэхээр тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авах, мэдээ сэлт гаргуулж авах зорилготой хүмүүс хийдэг.

Энэ өргөн утгатай ойлголтыг л эрүүдэн шүүлт гээд байгаа юм. Гэхдээ конвенцоор бас нэг зүйлийг онцолсон байгаа нь хууль ёсны дагуу хүлээлгэж байгаа сахилга шийтгэлийн улмаас үүсч байгаа шаналал зовлонг эрүү шүүлтэд хамааруулахгүй гэж заасан байдаг. Жишээлбэл гэмт хуулт ёсны дагуу буруутайг нь шүүхээр тогтоогоод хорих ял оногдуулахад хэнд ч таатай байхгүй. Мэдээж тэрний улмаас шаналал зовлон, сэтгэл санааны дарамт учирсаныг эрүү шүүлт гэж үзэхгүй гэдгийг албаны хүн хэлж байгаа юм. 

2005 онд Хүний эрхийн үндэсний комисс Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдэг асуудлыг үндэсний хэмжээнд нээлттэй авч үзэж, хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар УИХ-аар хоёр өдөр хэлэлцүүлж гаргасан тогтоолд Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. 

Э.Болорхажид

Санал болгох

Сэтгэгдэл

top