|

“Уяа эвлэг, морь хурдан”

tonshuul 2015/03/23 3442 0

“Уяа эвлэг, морь хурдан”

 



а) Хурдан морийг зөв, сайхан унаж эдлэх
"Хурдан морь жилийн уяатай” гэж үг бий. Энэ нь хурдан морийг бүтэн жилийн турш уяж, хагсрааж уралдана гэсэн үг хараахан биш юм. Жилийн турш уяад олон уралдчихсан морь сүүлдээ зүдэргээ сууж давхил нь очгүй болохыг би нүдээрээ үзсэн. Улсын алдарт уяач Рэнцэндорж гуай нэгэн хар морийг 1984 онд ингэж уяж уралдсан юм. Тэгээд "Бүтэн жилийн уяатай” гэдэг нь юу гэсэн үг вэ? гэвэл хурдан морийг жилийн турш зөв эдэлж, хараанаасаа салгахгүй байж, уяхад зөв бэлтгэнэ гэсэн үг юм аа. Жилийн 365 хоногийн 150 орчим хоногт нь зөв эдэлсэн морины тарга хүч тэр жилийн уяандаа зөв сайхан таарна гэж үздэг байна.

Зуун тавь хоногийн эдэлгээ гэдгийг багцаагаар задлан үзье. 150 хоног бол таван сар юм. Зуны уяа нэг сар орчим. Үүний дараа VIII, IX сард амрааж тарга хүч авахуулаад X сард ойр ойрхон зөөлөн унаж, зарим үед уяж хонох нь ч бий. Энэ нь нэг сар орчим эдэлж буй хэрэг. XI, XII сард адуунд нь сул амраагаад дүн өвлийн I, II сард цөөвтөр удаа эмээллэх төдий, эсвэл сул хөтөлж ойр зуурхан явах мэтээр цантуулан хорыг нь гаргана. Энэ нь 1-2 сарын эдэлгээ болох талтай. Хавар IV сарын сүүлч, V сарын эхээр ойр ойрхон унаж, зөөлөн эдэлж үе гишүүг нь чангалдаг байна. Энэ нь мөн нэг сар орчмын эдэлгээ юм. Ингээд нийтдээ таван сар орчмын эдэлгээ болж буй хэрэг. Ингэж эдэлсэн морь давхар хүч буюу хур тарга авахгүй, дотор эрхтэн нь өөхлөхгүй сайн талтай. Уяач хүн нийт адууныхаа ялангуяа уядаг мориныхоо зун, намрын тарга хүч авалт, өвлийн онд оролт, хаврын цайралтыг маш нарийн ажиглаж байх нь зүйтэй юм.

Монгол улсын Тод манлай уяач Данзаннямын Даваахүү "Хүлэгчийн нууц” номондоо хурдан морины ердийн үеийн эдэлгээний тухай "Өвлийн цагт I-III сард дээд гурван насны морьдыг 7-15 удаа зөөлөн унаж хөлөргөнө… Дөрөвдүгээр сарын эхээр их насны морьдыг хаврын салхинд хий зогсоож, өглөө оройд услаж уях нь морины доторх өөх, гаднах хүчийг зэрэг бардаг… Адуугаа ногоонд цадсан үед нь уядаг морьдоо зөөлөн унаж хөлөргөхөд шинэ хүч авах нь амархан бөгөөд өнгө засч, цайралт түргэн өгнө” гэх зэргээр сургамжтай зүйлс их бичсэн бий.

Уядаг морийг тууш унаанд унавал өвөрмөц онцлогийг нь таньж мэдэхэд дөхөмтэй. Хол, ойр ямар ч унааны үед хөл туурайг нь гамнаж, үргээж жигшээлгүй, эмгэг согог суулгахааргүй үргэлж хичээж явбал зохино. Нутаг нутагт морь сайхан унаж эдэлдэг ахмад хүмүүс байгаа, тэднээс үргэлж суралцаж байх хэрэгтэй. 1995 онд Өвөрхангайн Есөнзүйлд болсон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн их баяр наадамд түрүүлсэн Хүрэн азарганы эзэн Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Бямбашижээгийнхнийг ах дүүсээрээ морь сайхан унаж эдэлдэг гэж нутгийнхан нь бахархан ярьдаг.

Нэгэн намар оройхон Бямбашижээ хурдан хүрэн азаргаа унаад явж байтал нутгийн айл найр хийж байхтай таарчээ. Намрын сэрүүн цагт айлын найран дээр орохоос ямар ч эр хүн татгалзахгүй биз дээ. Гэтэл Бямбашижээ тэднийд буулгүй хажуугаар нь гараад явжээ. Яагаад гэвэл тэр ингэж боджээ. "Найранд нэг суувал нилээн л суух болно, их бага хэмжээгээр согтож таарна. Согтохоороо морио уяж хонох нь зайлшгүй, аягүй бол хөлчүүрхэн мордож давхиад ширүүн явдлаар хурдан азаргаа цайлуулж ч мэднэ. Хүрэн азарганаасаа өөр морь унаж явсан бол нутгийн айлын найранд буулгүй яахав!”. Энэ бол хурдан морио эзэн хүн хичээнгүй сайхан эдлэхийн үлгэр жишээ юм.

б) Хурдан морийг өвчин эмгэгээс сэргийлж, эрүүл байлгах
Аливаа хурдан морийг уяхаасаа өмнө эрүүл мэндийг нь зөв хадгалах нь чухал. Ямар ч хурдан буян байсан, өвчтэй, эмгэг согогтой бол огт нэмэргүй. Ийм учраас жилийн дөрвөн улиралд ялангуяа хавар, намар цагт адуун сүргээ ханиад зэрэг элбэг тохиолддог өвчнөөс сайтар сэргийлж байвал зохино. Намрын хүйтэн бороо, хаврын хөх элгэн цагаар эвгүй унасан морьд ханиах нь нилээн элбэг. "Нэг ханиасан морийг тэр жилдээ л уяад нэмэргүй” гэж ахмад уяачид ярьдаг нь ортой зүйл. Мөн хаврын усан жилбэн, намрын тосон жилбэн зэргээс сэргийлж чаддаг байх нь уяач хүний үүрэг. Хүйтэн хатуу өвөлд их турж орсон адуунд элдэв шимэгч хорхой үүсч малыг тамалдаг. Уяач хүн түүний хор холбогдлыг мэдэж тэмцдэг байвал зохино. Үүний тул нийт адуундаа, эс чадвал уядаг мориндоо намар эртхэн, эсвэл хавар шимэгч устгадаг тариаг тогтмол хийлгэж байх нь зүйтэй. Тэгвэл адуу чинь өвөлд тарга хүчээ бага алдаж, хавар эрт үсээ хаяж, сайхан цайрна. Манай малчид, зарим уяачид хүртэл адууны улаан хорхойг байх ёстой зүйл гэж ташаа ойлгох нь бий. Тэр бол үндсээрээ буруу юм. Мөн гэдэсний цагаан хорхой бол мал адууны тарга хүч авахад гол саад болдог зүйл тул түүнийг тууштай арилгах хэрэгтэй.

Уядаг моринд элбэг тохиолддог нэгэн хэцүү зүйл бол хөл нь муудах явдал юм. Олон жил уралдсан морины дөрвөн мөч нь байнгын өндөр ачааллыг даалгүй, шөрмөс нь сунах, ул таваг нь хөндүүрлэх, туурай нь гэмтэх, хөлд нь цус буух үзэгдэл их гардаг. Эрхэм уяач та энэ бүх эмгэг согог таны моринд тохиолдож байна уу, үгүй юу гэдгийг үргэлж сайн анхаарч, анхны шинж тэмдэг илэрмэгц эмчлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүнд ардын уламжлалт эмчилгээний арга ханах, хатгахаас эхлээд орчин цагт гадаад орнуудаас оруулж ирсэн янз бүрийн тос, тариаг хүртэл хэрэглэж болно. Урьд үзэгдээгүй, дуулаагүй юм гэж цэрвэх болгоомжлох хэрэггүй, орчин үеийн мал эмнэлгийн шинжлэх ухааны шинэхэн бүтээгдэхүүн илүү үр дүнтэй нь амьдрал дээр харагдаж байгаа юм. Эм, тариа тэр бүү хэл лазерийн туяагаар ч эмчилсэн ч болохгүй юмгүй. Гагцхүү шинжлэх ухааны үүднээс, горим, технологийг нь нарийн баримталж чадвал гарцаагүй үр дүнгээ өгнө.

Жил бүр наадмын дараа, уясан морьдоо сар хэртэй амраагаад дөрөөлөх, уушиг зэргийн судсыг хатган бага зэрэг цус авах нь муугүй байдаг. Хатгасан морьд долоо хоногтоо л үснийх нь өнгө жигдэрч гялтганаад, тарга хүч хурдан авдаг. Ер нь хурдан морины эрүүл мэндийг хамгаалах тал дээр уламжлалт арга гэхээсээ шинжлэх ухааны эмнэлгийн талыг баримталбал илүү үр дүнтэй нь нэгэнт тодорхой болчихоод байгааг бас анхаараарай. Д.Даваахүү, Д.Онон, Ц.Аюуш, Г.Сандуйжав зэрэг өнөөгийн том уяачид, морь сайн хатгадаг хүн рүү бус, малын эмч, эрдэмтэд рүү хандах болсон нь бас нэгийг хэлээд буй хэрэг бус уу.

Санал болгох

Сэтгэгдэл

top