|

Судлаач Д.Ганхуяг: Хасбуу тамга хаа байна

saikhnaa 2017/01/09 2210 0

Судлаач Д.Ганхуяг: Хасбуу тамга хаа байна

Энэ асуултыг Монгол хүн болгон тавих эрхтэй бөгөөд ёстой юм. Ингэхэд Лигдэн хаан тамгаа хадны завсар нуусан "Цогт тайж” кино уран сайхны хэтрүүлэг биш юм.

Үнэндээ Монголын Эзэнт Гүрний Төрийн Их Тамга яг тэр үед сураг алдарсан. Гэхдээ сураггүй алга болдог юм гэж энэ дэлхийд байхгүй л дээ. Энэ тухай эрэгцүүлье…

Төрийн Их Тамга 

1204 онд Чингис Найманыг мөхөөх үедээ Татаатунгааг олзолсон ба тэр эрдэмт хүн Таян хааны тамганы түшмэл байсан нь тодорхой байдаг. Яг нарийндаа бол Хасар олж хаанд мэдүүлсэн юм. Ингэхээр Их Улс байгуулахаас хоёр жилийн өмнө тамганы учрыг монголчууд олсон хэрэг. Хятадаас хулгайлсан юмуу авсан юм огт байхгүй.

Саган Сэцэн "Эрдэнийн товч”-доо: "Тэнд тэр чулуун (Чингисийн үүдэн дэх дөрвөлжин чулууг хэлж байна) гэнэт бөгөөд өөрөөсөө хагарсны дотроос хасбуу нэрт тамга уртуулжин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон асан, жидир нь (эвхмэл үсэг нь) сийлсэн мэт хурвилан (хөрвийн) бүхий гарвай” гэж тэмдэглэсэн юм. Энд домог сүсгийн илт шинж байгаа боловч тамганы дүрслэлийг тодорхой өгүүлжээ.

1206 онд Чингисийг хаанд залахын хамт Төрийн Их Тамгыг олон ардад анх удаа үзүүлжээ.

"…Дараа нь хааны ордны бичгийн багш, тамгын сайд Татаатунгаагаас цагаан хасын дээр шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн "Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв.” Сайшаал. "Чингис хааны товчоо”. УБ. 2004 он. 324 дэх тал.

Ингээд Чингис хаан 1227 онд нас барсны дараа, Тулуй нэг жил засаг барьж, Өгөөдэй арван гурван жил (1229-1241) хаан сууж, Наймжин хатан таван жил (1242-1246) засаг барьж нийт 18 жил болсон юм.

Ингээд Гүюг хүрч байгаа юм. Энэ хүртэл эзэнт төр элдэв самуун будлиангүй байсан учраас төрийн тамга гуравдугаар хаан Гүюгт уламжлан ирсэн нь ямар ч эргэлзээгүй. Энд бид Ромын Папад илгээсэн алдарт бичигт дарсан Төрийнхөө Их Тамгыг сайн мэдэх билээ.

Хятад домог

Дорно дахин төрийн тамганд ер бусын их ач холбогдол өгдөг. Үүний дотор Хятад онцгой ялгарна. "Төр залгамжлах хаш тамга” буюу "Төр залгамжлах эрдэнэ” гэхчлэн янз бүрээр хүндэтгэн дууддаг төрийн тамгыг Цагаан хэрмийг барьсан Цин Ши Хуанди барьж байсан гэж хятадууд ярьдаг.

Тэр тамган дээр 8 ханзтай бичээс байсан ба түүнийг манай нэрт түүхч Дарма гүүш "Алтан хүрдийн мянган хигээст” судартаа "Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэж орчуулан буулгасан байдаг.

Цин ши хуанди бол НТӨ 259-210 оны хавцаа амьдарч байсан Хятадын анхны Цин улсын хаан бөгөөд Хятадын төвлөрсөн улсыг анх байгуулсан хүн юм. Тэгвэл чухам энэ үед Монголын Хүн гүрэн дэлхийн тавцан дээр товойн гарч байсан үе билээ.

Түүхэн сурвалжуудад хятад тамга хаш байсан гэдгийг тодорхой хэлж байна. Тэр үед Хятад, Монгол хоёр хаш урлалаар адилхан гайхамшигтай байсан. Үүнийг нотлоход амархан.
Хэдхэн жилийн өмнө манай нэрт археологич "сахал” Эрдэнэбаатар анх удаа гадаадын оролцоогүй Хүн язгууртны булшинд малтлага хийсэн юм. Тэндээс олон гайхамшигт зүйл гарсны нэг нь дэлхийд хамгийн том "зүрхэн толь” буюу хаш пайз гарсан явдал билээ. Зүйрлэн хэлбэл "нэгдүгээр хоолны таваг” шиг хэмжээтэй, зузаан нь хагас см орчим юм. Нас барсан хүнийхээ зүрхэн талд цээжин дээр нь тавьдаг байж.

Эндээс дараах локик дүгнэлт хийж болно. Хүнчүүд төрийн том зүтгэлтнийхээ шарил дээр дэлхийд хамгийн том зүрхэн толь хашаар хийж чадаж байвал төрийнхөө тамгыг бол хашаар хийх бол амархан. Манай Хүн гүрний төр Ромтой эн зэрэгцэх том төр байсан, маш өргөн дэлгэр харилцаатай байсан. Тэхээр яаж тамгагүй байх юм. Тийм биз дээ !!!

Иймээс манай археологичид хийгээд түүхчид Хүн гүрний тамгыг хайх ёстой бөгөөд үүрэгтэй. Тэгвэл манайх хамгийн анхны тамгатай төр болно. Энэ бол бүтэшгүй мөрөөдөл биш…

Эх орондоо ирсэн нь

Ингэсээр яваад Хубилай хүрчээ. Мэдээж хэрэг тэр тамгандаа эзэн байж чадсан. Гэтэл 1294 онд Хубилай нас бараад найман өдөр болсны дараа Хасбуу Тамгыг Мухулайн удмын гэрээс олсон гэж Юан улсын сударт өгүүлдэг. Хятадын эрдэмтэд тэр тамгыг худал гэдэг боловч Монголын хаад ямар ч гэсэн тамгатайгаа байсан байна.

Ингээд 1368 он болж Тогоонтөмөр хааны үе ирэв. Хятадад улаан алчууртны бослого гарч Тогоонтөмөр хаан Дайдуугаас (Бээжин) Барс хот руу зугтав. Энэхүү Барс хотыг Өвөр Монголын хишигтэн хошууны Буйр хот гэж үздэг. Харин манай хөдөөгийн Пэрлээ гуай Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн.

Тогоонтөмөр хаан хэдийгээр цаг үеийн байдлаас болж Хятадаас зугтаж гарсан хэдий ч Монгол төрөө орхиогүйг түүний шүлэг гэрчилнэ. Тэрээр гуниглалт шүлэгтээ: "Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав, Хамаг дайсны дотроос хатгалдан гарав” гэсэн байдаг. Тэр Төрийнхөө тамгыг Монголдоо авчирчээ.

Ингээд бага хаадын үе эхэлж байгаа юм. 1368 онд Монголд ирсэн тамга 1634 онд Лигдэнгийн үед дахин гарч ирдэг юм. Бараг 300 жил алга байсан буюу сураггүй байсан хэрэг л дээ. Түүхэн сурвалжуудад гарахгүй байгаа болохоос тамга "алга болсон” хэрэг огт биш гэдгийг санах хэрэгтэй.

Тамгаа хамгаалсан Монгол

Мин улс Ар Юань руу олон удаа цэрэглэн дайрсан байдаг. Түүхэн энэ баримтыг Монголын төрийг устгах гэсэн гэж одоо болтол тайлбарлаж ирсэн. Гэтэл Минчүүд зорилгоо огт нууж байгаагүй юм. Ухаандаа Мин улс 1372 онд Монгол руу 3 чиглэлээр 15 түмэн цэрэг илгээхдээ тэдний өмнө ердөө л 3 зорилго тавьсан. Энэ нь:

Нэгд. Улсын тамгыг Ху нарын гараас салгах.

Хоёрт. Жанжин Бао Баогийн ялыг асуух. (Монголын алдарт жанжин Хөхтөмөрийг хэлж байна.)

Гуравт. Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаагийн шалтгааныг тодруулах” байсан юм.

Ойлгож байна уу, Улсынхаа тамгыг Ху нарын гараас салгах !!! 

Харин алдар суут Хөхтөмөр жанжин Монгол Төрийн Тамгыг монгол нутгаас булаах гэвэл юу болдгийг үзүүлж 3 чиглэлийн бүх дайралтыг зогсоож, харин ч Мингийн нутаг руу монголын цомхон атлаа хүчирхэг арми цөмрөн орсон билээ.

Төр улсынхаа амин сүнс болсон Хасбуу Тамганыхаа төлөө Монголчууд эрслэн босч чадсан юм. Монгол цэргийн нэрт жанжин Хөхтөмөр, Өлзийбух, Нарбух, Мухулайн угсааны Нагачу нар Төрийнхөө төлөө амь хайргүй зүтгэсэн боловч хаад ноёдын зөрчил тэдний зүтгэлийг талаар болгосон юм.

Тэхээр Мин Монголын олон удаагийн дайны "эрх зүйн” үндэслэл нь Төрийн Тамга байсан нь тодорхой байна. 

Шинэ тутам байгуулагдсан Мингийн төрд Чингисийн Тамгыг олж авах нь туйлаас чухал байсан юм. Ийм ч учраас тэд Хар Хориныг байн байн дайраад нэгжээд сүйтгээд байсан нь "тамга хайсан” хэрэг байсан юм.

Сүүлдээ Мин улс Тамгыг олж чадахгүйгээ мэдээд Цагаан хэрэм хавьцаагаас Тамга олсон гэж цуурхал тараав. Гэхдээ тэд Тамга хайх ажлаа орхиогүй юм…

Дорно дахины ёс зүй, домгоор бол Тамга залгамжилж аваагүй учраас Мингийн хятад төр Монгол төрийг залгамжилсан гэх ямар ч үндэслэлгүй. Мөн Дорно дахины ойлголтоор Тамгаа алдаагүй учраас Монголын төр мөхөөгүй юм…

Будлиан

Тогоонтөмөр-Аюушридара буюу Билэгт хаан-Төгс төмөр (1378-1388) дараалан хаан суусан юм. Ингээд 1388 онд гунигт өдөр ирэв. Минтэй хийсэн их тулалдаанд Төгстөмөр ялагдаж Туул гол руу зугтааж явахад нь Аригбөхийн угсааны Есүдэр довтолж түүнийг алжээ. Ингээд тамганы сураг бүр тасарч байна. Одоо тамганы сураг Монгол, Ойрд хоёроос зэрэг гарах болов.

Ойрд нь Минд элч илгээн: Та нар эхлээд зүүн Монголыг бут цохь, тэгсний дараа тамгыг өгнө, одоо өгөх гэхээр замаас булааж авах гээд байна. Зүүн монгол нь бас л Минд элч илгээн: Эхлээд ойрдуудыг ниргэчихээд дараа нь тамгаа аваарай гэхчлэн.

Харин хоорондоо бол тамгыг хайж байсан нь лавтай. Хэнд тамга байна тэр Монголыг захирна. Аягүй бол Хятадыг ч захирч болно…

Эрдэнийн эрхи, Алтан товч, Асрагч нэртийн түүх зэрэг тулгуур баримт бичгүүдэд Хубилайн удам тамга барих эрхтэй гэж хэлдэг ч Монголд л байвал юуны хамаатай…

Энэ үед "феодалын бутрал” гэж нэрлэдэг нийгмийн задрал самуун монголд явагдаж байсан бөгөөд тамга үзүүлэх нь бүү хэл, эрэгтэй хүүхдээ нуудаг байсан цөвүүн цаг юм. Ямар ч гэсэн тамга найдвартай гарт байж тодорхойгүй хугацаагаар "нууц болсон” гэж үзэж болно…

Манж домог

Ингээд бараг 300 жил өнгөрөв. Тамганы шидэт хүч оршсоор л байв. Түүхийн тавцанд дээр Манж дайчин улс товойн гарав. Гэсэн ч тэдэнд агуу их сүр хүчний бэлэгдэл хэрэгтэй байв. Тэр нь мөнөөх л агуу Их Чингис хааны Хасбуу Тамга бөлгөө.

Манжийн ихэд тархсан "домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:

"Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим Инчан Фү хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.

Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч Бошигт хаанд өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс ЖИ ГАО ЖИ БОО хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж…Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: "Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус” хэмээв.

Энд хэд хэдэн зүйл илт ажиглагдана. Манжийн хаан Чингисийн Тамгыг залснаараа Агуу Их Эзэнт гүрний хууль ёсны залгамжлагч гэдгээ "албан ёсоор” нотолж байна. Харин яг тамганы асуудал илт зохиомол болох нь ойлгомжтой байна.

Энд нэг нэр их сонирхолтой бөгөөд энд өгүүлж буй Инчан Фү хот бол дээр дурдсан Барс хот болно. Барс хот Хубилай хааны 4 дэх орд бөгөөд цэргийн томоохон цайз байсан ажээ. Зарим нь түүнийг Өвөр Монголын Хишигтэн хошуу, Далай нуурын баруун өмнө, Цахарын хойт хэсэгт байсан гэдэг. Манай хөдөөгийн Пэрлээ гуай "Шар тууж” болон бусад сурвалжаас сэдэвлэн Монголын нутагт Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн. 1388 онд Мингийн цэрэг эзлэж, хүн амыг нь хядаж, шатаан сүйтгэсэн. Мөн Тогоон төмөр хааныг энд нас барсан гэж үздэг. Хотын багцаа одоо байгаа ч буурин дээр нь Тамга байхгүй нь тодорхой л доо…

Тэхээр Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн болж таарч байна.

Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон. Харин Тамга өгсөн нь үлэмж эргэлзээтэй…

Наад зах нь Монгол Төрийн Хасбуу Тамганд 4 ханз яагаад ч байх ёсгүй. "Хятад” тамга байлаа ч гэсэн "Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэсэн 8 ханз заавал байх ёстой л доо. Ингэхлээр манжуудад Монголын Хасбуу тамга байгаагүй болж таарч байна.

Манжид өгөөгүй, алдаагүй юм бол Монгол Тамга Монголдоо л байна биз дээ. Хятадад яагаад ч байж болохгүй. Яагаад гэвэл Хятад Манжийн дарлалаас дөнгөж 1911 онд гарсан юм…

Хасбуу Их Тамга Галдан Бошигтийн үед нэг "гарч ирсэн”. YIII Богд нэлээд хайсан, ямар нэг үр дүнд хүрсэн байж магадгүй л юм. Н.К.Рерих их асууж шалгаадаг байсан. Тэхээр Я.Блюмкин хайх нь мэдээжийн хэрэг. Ингэхээр цуут ОГПУ буюу Оросын Дотоод Явдлын Ардын Комиссариатын Улс Төрийн Удирдах Газар хайсан гэсэн хэрэг. Мөн Гиммлерийн удирдлага дорх алдарт Аненэрбе институт хийгээд немцийн хурандаа Э.Шефферийн Түвдийн экспедици бас их хайсан. Харин энэ бол орчин үеийн судалгааны чиглэл болно…

Тэрнээс хойш яасан гэж үү ?! Үүнээс хойш бол сэтгүүлч А.Баатархуягаас өөр монгол хүн хайгаагүй л байхгүй юу…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 3 дугаар сарын 30.

Санал болгох

Сэтгэгдэл

top