|

Дэлхийн шившиг

saikhnaa 2017/01/04 610 0

Хятад Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай эсрэг хориг арга хэмжээ авсныг бүгд мэднэ. Энэ талаар манайхан хоёр, гурван тал болон хуваагдаж хэрэлдэж байгааг ч бас мэднэ. Асуудлын гол нь манай улс мөнгөгүй болсноор үл барам "өрөнд идэгдэж, өтөнд бариулж” байгааг ч бид бас л мэднэ. Тэгвэл мөнгө босгох гэсэн "шинэ” Төрийн ажил ямархуу байгааг бүхэлд нь авч үзвэл байдал улам тодорхой болно гэж би бодож байна. Энэ талаар өгүүлсү.

Дэлхийн шившиг


ОХУ



Монгол Улс дандаа мөнгө гуйж байдгийн нэлээд сүүлийнх нь 2015 оны сүүлчээр Оросоос мөнгө гуйжээ. 2015 оны 11 дүгээр сард Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Төрийн Дум Монгол Улсад мөнгө зээлэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа” тухайгаа илэрхийлж, "ОХУ-аас 1 тэрбум ам.доллартай тэнцэх рубль хүсч”, их хэмжээний рубль орж ирснээр, "төгрөг, рублийн хоорондох арилжаа хөнгөрч хоёр талын худалдаа сайжирна” гэсэн агуулгаар мөнгө гуйжээ.


Мэдээж хэрэг Оросууд өгсөнгүй. Учир нь Монголчууд зээлээр авсан мөнгөө сонгуульдаа үрээд алга болгодог гэдгийг Оросууд дэндүү сайн мэдэж байлаа. "Мөнгө ч байхгүй, хамтын ажиллагаа ч байхгүй” тэр чигээрээ тэмбэржүржиг болгодог олон хулхидалт болсон учраас Оросууд хаширсан хэрэг.


2016 оны 12 дугаар сарын 19. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д "мөнгө гуйж” айлчлах үеэр Оросын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко: "Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой.”


Оросууд "Та нар хулхи” гэж шууд л хэлжээ. Үнэн юм чинь. В.Матвиенко энэ үгийг 2015 оны 9 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдыг айлчлах үед нэлээд тодорхой цухалзуулж байсан юм. Үүнийг нь З.Энхболд "ойлгоогүй” учраас дараагийн дарга М.Энхболдод усан тэнэг ч "ойлгохоор” давтаж хэлсэн байна.


Манайхан гандан буурсангүй. 2016 оны 12 дугаар сарын 27-нд ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэн байна. Хамгийн гол нь авсан зээлээ юунд хэрхэн зарцуулах тухайгаа хэлээгүйгээс гадна шаардлагатай санхүүгийн тооцоолол ч байхгүй, зүгээр л "мөнгө авъя” гэсэн талаар Оросын сайтууд гайхан бичиж байна. Иймээс Оросын тал зээл өгөхөөс татгалзжээ.


Манайхан ахиад л гандан буурсангүй ОХУ-ын төрийн өмчийн "VTB” банкнаас 200 сая ам.долларын зээл хүссэн байна. Харин энэ удаад зээлийг ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулна гэж мэдэгджээ.


Монгол Улс 2010 оноос хойш ОХУ-д 170 тэрбум рублийн өр тавьсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сард түүний 97,8 хувийг В.Путин тэглэсэн юм. Манайхыг харж үзсэн хэрэг л дээ.


ЯПОН



Энэ ч ёстой сонгодог онигоо болно.


2013 оны 9 дүгээр сарын сарын 11-14-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд айлчлав.
2014 оны 7 дугаар сарын 21-24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлав.
2015 оны 2 дугаар сарын 9-11-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлав. "Шал дэмий” очсон хэрнээ ам хэлээ татаж чадахгүй ичгэвтэр байдалд оров. Яасан гэхээр Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: "Монголын зүгээс Абэ-гийн тэргүүлж буй терроризмтай тэмцэх ажлын хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэж шаажээ. Мөнгө гуйх гэж очсон биш, харин Японд "хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэж солиорч байгааг бид харж байна.
2015 оны 2 дугаар сарын 23-27-нд УИХ-ын дарга З.Энхболд айлчлав.
2015 оны 5 дугаар сарын 5-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин айлчлав.

 

Ингээд сонгуулийн дараа шинэ Засгийн Газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 10 дугаар сарын 18-нд айлчлав.


Энэ бол дэлхий дипломатын түүхэнд байгаагүй явдал бөгөөд лавтайяа Гиннесийн номонд орох үзүүлэлт болох нь эргэлзээгүй. Одоо Японд Монголын дарга нар ирэх вий гэхээс "үстэй толгой нь өрвөлзөх” хэмжээнд хүрч байгаа нь лавтай.


Япон хүн барагтай бол хүнийг шүүжилдэггүй. Энэ удаа Япончууд тэсвэр алдав. Япончууд хэлж байна: "Та нар өмнө гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрээ ахиулах талаар жаахан ч гэсэн ажил хийгээч”, Ар араасаа цувран дахин дахин наашаа ирэх хэрэг юу байна ?!”


Ингээд дипломат ёсоор хэлжээ: "Бид яг одоо бол мөнгө өгч чадахгүй”, харин "дунд болон урт хугацааны хөгжилд "өгөөмөр” тусламж үзүүлнэ гэжээ. Тэгээд нэг болзол тавьжээ: "Хэрэв Монгол Улс ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хамрагдвал Япон улс хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн” гэж Японы Сангийн сайд нь хэлжээ.


КУВЕЙТ



Манайхан Кувейтэд ямар ч төлөвлөгөө, ямар ч төсөл байхгүй давхиж очоод сурсан зангаараа мөнгө өгөөч гэжээ.


Кувейтууд товч бөгөөд тодорхой хариулт өгөв. Кувейтууд: "Монгол Улсад хөрөнгө оруулах чиглэлээр газар дээр нь очиж судалгаа хийе. Би энэ чиглэлээр Монголд очиж ажиллаж байсан тул нөхцөл байдлыг сайн мэднэ. Томоохон төслүүдийн талаар судалгаа хийж, үр ашгийг нь сайтар тооцох нь чухал.”


Үүнийг жирийн Монгол хэлэнд хөрвүүлбэл: "Та нарыг дүүрчихсэн хулхи гэдгийг бид сайн мэднэ. Тэгээд ч Та нарт ямар ч төлөвлөгөө, төсөл алга. Иймээс бид газар дээр нь очиж үр ашгийн тооцоо хийнэ”.


САУДЫН АРАБ



Манай М.Энхболд хэлжээ: "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна.” Энийг үгийнхээ "эхэнд хэлсэн” гэж протоколд тэмдэглэжээ.


Саудын Арабын ван хэлж байна: "Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар судалгааны багийг удахгүй Монголд очуулна”


АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ



Манай М.Энхболд хэлжээ: "Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна.”


Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга хатагтай ингэж хариулжээ: "Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой.”

 

Энд тов тодорхой нэг зүй тогтол ажиглагдаж байна. Мөнгө гуйсан бүх орнууд төсөл, төлөвлөгөө, үр ашгийн тооцоогоо үзүүл гэж манайхаас яг адилхан шаардаж байна. Манай аваргууд мөнгө гуйхдаа ямар ч судалгаа тооцоогүй, төлөвлөгөө гэх юм юу ч үгүй атлаа зүгээр л мөнгө, их мөнгө өгөөч гэж гуйдаг шаарууд аж. Дээрээс нь олон улсыг олон удаа хулхидсаны гор нь одоо гарч байна.


Эндээс үзэхэд Монгол Улсад дэлхийн ямар ч улс итгэхгүй байна. Монголчууд дүүрчихсэн хулхи гэдгийг дэлхий даяараа мэддэг болжээ.


Монгол Улсын дампуу, үхээнц байдлыг олон улсад анхаарч үнэлж дүгнэж эхлэв:


Дэлхийн санхүү, бизнесийн салбарт анализ хийдэг "Financial Times”: "Монгол: Зээлээс зээлэн дэх амьдрал” гэсэн нүүртэй дугаар гаргав. "Financial Times”-ын нүүрэнд гарна гэдэг бол дампуу болгоны "чаддаг ажил” биш юм.


Эдийн засгийн судалгааны "Economic Intelligence” Монгол Улсыг "дампуурах” хамгийн өндөр эрсдэлтэй орнуудын 2 дугаарт эрэмбэлжээ. Дампуурах магадлалаараа дэлхийд 2 дугаарт орно гэдэг бол дэндүү "сүрлэг” үзүүлэлт л дээ…


Мөн "Euromoney” эрсдлийн газрын зурагтаа Монголыг эдийн засаг хамгийн эрсдэлтэй Африкийн Чад, Судан, Этиоп, Кенитэй адил улаан өнгөөр тэмдэглэв.


Үүнийг дэлхийн шившиг гэхгүй юм бол өөр юуг хэлэх гэж ?!


Судлаач Х.Д.Ганхуяг

Санал болгох

Сэтгэгдэл

top