|

Шүүх хурлын дараах анхаарал татсан үгс

saikhnaa 2017/01/03 693 0

Шүүх хурлын дараах анхаарал татсан үгс

 

Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг 18 жилийн өмнө хөнөөсөн хэрэг шүүхээр шийдэгдлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн шүүх хурал, түүний эргэн тойрон дахь үйл явц, бүр шүүгчдийн шийдвэр уг хэргийг 18 жилийн өмнөхөөс ч ээдрээтэй болгов. Цагтаа улс төрзахиалгат аллага гэж хууль, цагдаагийн аппаратуудад ажиллаж явсан эрхмүүдээс эхлээд улс төрийн хүрээнийхэн хүртэл мэдэгдэж байсан уг хэргийг ахуйн хүрээний аллага гэж шүүхийн шийдвэрт онцолсон нь эхний эргэлзээ, хариулт нэхсэн асуулт болов.

 

Ерөнхий сайд болохоор нэр нь яригдаж байсан улс төрийн нэрт зүтгэлтний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Монголын хууль, цагдаагийнхан 18 жилийн турш мөрдсөн нь улс төрийн захиалгат байх магадлалыг улам бататгасан явдал болсон. Түүнчлэн ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт оноосон шүүхийн шийдвэрт тэднийг бүлэглэн шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц хэрцгийгээр, насанд хүрээгүй этгээдийг хэрэгт татан оролцуулсан хэмээн буруутгасан байв.

Үүнээс үзэхэд шүүх захиалгат хэрэг болохыг тогтоосон ч уг хэргийн захиалагч хэн байсныг олон нийтэд ил болгосонгүй. Энэ нь Монголын ард түмнийг бухимдуулсан, гайхшируулсан асуудлын нэг яах аргагүй болоод байна. Үүнээс гадна хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган шүүх хуралд гэрч, яллагдагчийн аль алиных нь байр сууринаас оролцоогүй, яллагдагчаар татагдаад байсан Э.Бат-Үүл сураг алдарсан нь хардлага төрүүлж байгаа юм. Энэ мэт эргэлзээ төрүүлсэн олон асуулт шүүх хурлын дүнгээс урган гарсаар байна.

Шүүх хурлын шийдвэрийн талаар хохирогч, яллагдагчдын ар гэр болон прокурор, улс төрийн хүрээнийхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. 

С.ОЮУН: С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ХЭРЭГ ЭНЭ ШҮҮХ ХУРАЛДААНААР ДУУСГАВАР БОЛОХГҮЙ

 
Гэрэл зургийг mpa.mn

/С.Зориг агсны дүү/

- Зохион байгуулалттай аллагад өртөн амь насаа алдсан С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчдыг төлөөлөн дараах мэдэгдлийг хийж байна. Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа.

Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд манай өмгөөлөгч бидний байр суурийг хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна.

/Шүүхийн шийдвэрийн дараах мэдэгдлээс/

Л.ЖАВЗМАА: ХҮҮ МИНЬ ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯЛ СОНСЧИХЛОО

 

/Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж/

-Шүүх хурал үнэхээр худлаа явагдлаа. Шүүх бүрэлдэхүүн, шүүгч нар худал шийдвэр гаргасан. Миний хүү талийгаач С.Зоригийн амь насанд хүрээгүй. Ард түмэн минь би яах вэ. Надад туслаач. Эх хүн хүүгээ ийм байдалтай байлгамааргүй байна. Хүү минь хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонсчихлоо. Би хүүгээ ийм хэрэгт орчихно гэж бодоогүй. Хүүд минь 25 жил хорих ялын дээд хэмжээ оноолоо. Ингэж шүүж болохгүй. Би давж заалдана. Маш их гомдолтой байна.

/Шүүх хурлын дараа хэвлэлд өгсөн ярилцлагаас/

Ц.НЯМДОРЖ: БУЛГАН ГЭРЧ, ХОХИРОГЧ, СЭЖИГТЭН, ХОЛБОГДОГЧИЙН АЛЬ НЬ ВЭ? 

 
Гэрэл зургийг mpa.mn

/УИХ-ын дэд дарга/

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүс хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй. Хууль зүйд "Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан нь дээр" гэдэг нэг том зарчим байдаг.

Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ. Бүр гайхширал төрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юм уу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгч байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна.

/Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгнээс/

Б.ЭНХ-АМГАЛАН: С.ЗОРИГИЙН ХӨНӨӨСӨН ХЭРЭГ НОТЛОГДСОН

 

/Улсын ерөнхий прокурор/

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон. Шүүхэд шилжүүлсэн. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Та нарын өгсөн хүмүүс гэм буруутай байна гээд шүүх шийдвэрээ гаргачихлаа. Хэрэв гомдол гаргавал давж заалдах боломжтой.

Холбогдогчдыг захиалгаар хүний амь нас хохироосон. Дээр нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн зүйл ангиудаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх бидний яллах дүгнэлтийн хүрээнд энэ хүмүүс гэм буруутай байна гэж үзээд шийдвэрээ гаргасан. Үүний эсрэг гомдол гаргавал давж заалдах шатны шүүх хянах байх. Түүний дараа хүчин төгөлдөр болно.

/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнээс/

Б.ЗАЯА, ЗУУНЫ МЭДЭЭ


Санал болгох

Сэтгэгдэл

top