|

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба Учир битүүлэг үхлүүд

saikhnaa 2017/01/02 2215 0

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба  Учир битүүлэг үхлүүд

 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонссон хүмүүсийн ар гэрийнхэн давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа. Хилсээр хэрэг хүлээлгэж байна гэж үзэж байгаагаа хэлцгээсэн. За харин хуулийн байгууллагынхны зүгээс бол өөрсдийгөө шударга ажилласан гэж буй. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  чуулганы танхимд хэлэхдээ "Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэж хэлсэн. Ямартай ч  олон жилийн туршид учиг нь хаанаас эхтэй вэ гэдэг асуултыг дагуулж ирсэн, ноцтой хэрэг тул дараагийн шатны шүүх хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсээд байна. Үнэндээ бол шүүхийн шийдвэр дараагийн шатанд ч энэ хэвээр үлдэж таарах биз. Тэгэхгүй бол монголын шүүх булайгаа чирж таарна шүү дээ.

Өнгөрсөн жилүүдэд С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор олон хүн амиа алдсан гэх мэдээлэл гарч байсан. Тэдгээр мэдээллүүдээс эргэн сануулъя.

  1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр дөрвөн давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү? Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
  2. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казак залуу усанд унаж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон юм. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгт олон нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.
  3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч ар гэрийхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Энэ хэрэг илрээгүй.
  4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад "Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу "маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. Хоёр алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.
  5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэг илрээгүй.
  6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
  7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.
  8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Хэрэг илрээгүй.

Тодотгоход, энд дурдаагүй өөр хэргүүдийн талаар ч эх сурвалжууд хэлж ярьдаг. Гол нь С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор хүний амь сүйдсэн хэргийг хуулийн байгууллага шалгаж, эцэслэн тогтоож байсан гэх баримт мэдээлэл огт байдаггүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top