|

МСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн Н.Төгсбаатарыг дахиад захирал болгох нь шударга уу, Д.Батлут даргаа?

saikhnaa 2016/12/28 1926 0

МСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн Н.Төгсбаатарыг дахиад захирал болгох нь шударга уу, Д.Батлут даргаа?

 

Хууль журам зөрчсөн асуудалтай,  ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг дахин сургуулийн захирлаар томилуулахаар Орхон аймгийн зүгээс нэр дэвшүүлэн хэлэлцүүлж байгаа нь хууль ёсонд нийцэх үү гэдэг асуудлын тухай энд өгүүлэх гэж байна. Тодруулбал, Орхон аймаг дахь МСҮТ-ийн захирлаар 2011 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байсан захирал асан Н.Төгсбаатар нь "ДҮДӨ” ХХК-ийн захирал Л.Алтанцэцэгтэй сургуулийн ашиглагдаагүй 100м.кв талбай бүхий өрөө, тасалгааг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар гэрээ байгуулсан байдаг. Гол нь гэрээ байгуулахдаа  "Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 заасан "Төрийн байгууллага байрлаж байгаа байранд төрийн үйлчилгээ эрхэлдэгээс бусад аж ахуйн нэгж байгууллага байрлахыг хориглоно”, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтуудыг тус тус зөрчин гэрээ байгуулсан байгаа юм. Түүний энэ хариуцлагагүй үйлдлээс болж нийт 7 удаагийн шүүх хурал болжээ, өнгөрсөн хугацаанд. Тодруулбал:

  1. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдаан болж, Шүүгч Б.Бямбасүрэн даргалан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, П.Баянаа, нарийн бичгийн дарга Батцэцэг нар оролцсон шүүх хурлаас Орхон аймгийн МСҮТ-өөс 58.872.300 төгрөг гаргуулан "ДҮДӨ”ХХК-д олгуулах тухай 899 дугаартай шийдвэр,
  2. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн хуралдаан болж, шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцож, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын иргэний хэргийн шүүхийн 899 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцон, дахин шийдвэрлүүлэхээр буцаах тухай 132 дугаартай магадлал,
  3. 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Сум дундын 14-р шүүхийн хуралдаан болж, шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Ц.Алтангадас, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, иргэдийн төлөөлөгч Н.Оюу-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцож, Орхон аймгийн МСҮТ-өөс 96.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "ДҮДӨ”ХХК-д олгуулах тухай 667 дугаартай шийдвэр,
  4. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж, шүүгч Т.Ганбат даргалан, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Х.Нандин-Эрдэнэ нар оролцож, сум дундын иргэний хэргийн 14-р шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 667 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай 127 дугаар магадлал,
  5. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж, шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, гэрч Б.Нямдовчинбуу нар оролцож, "ДҮДӨ” ХХК-ийн 190.925.813 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэл нотлогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн МСҮТ-ийн байрнаас албадан гаргах тухай 553 дугаартай шийдвэр,
  6. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж, шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцож, Орхон аймгийн МСҮТ-өөс 65.364.644 төгрөгийг гаргуулж, "ДҮДӨ” ХХК-д олгох тухай 149 дугаартай шийдвэр,
  7. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 149 дугаартай шийдвэрийг сургууль Улсын дээд шүүхэд давж заалдсан бөгөөд уг шүүхийн албан ёсны шийдвэр 1 сарын дараа ирэх ёстой гэсэн байгаа юм.

Түүнчлэн Н.Төгсбаатарын хууль зөрчсөн уг асуудлыг нэр бүхий олон хүн эсэргүүцэж Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нараас хариу ирүүлэхдээ төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх  агуулга бүхий хариуг өгсөн байдаг аж. За харин Орхон аймгийн засаг дарга Д.Батлутаас хариу ирүүлээгүй байдаг аж. Тэгэхээр засаг дарга Д.Батлут хууль журам зөрчдөг Н.Төгсбаатарыг цаагуураа өмгөөлж хамгаалдаг уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Гол нь ийм ноцтой асуудал гаргаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг дахин сургуулийн захирлаар томилуулахаар Орхон аймгийн зүгээс нэр дэвшүүлэн хэлэлцүүлж байгаа нь хууль ёсонд нийцэх эсэхийг дахин нягталж өгнө үү гэдэг асуудлыг иргэдийн зүгээс холбогдох хүмүүст тавьж байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top