|

Үйлдвэрийн цех нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна

saikhnaa 2016/12/07 1115 0
 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлын эхний өдрүүдээ үйлдвэрийн бүх цех хэлтэс, нэгжийн үйл ажиллагаатай танилцах уулзалтаар эхлэв.

    Тэрээр уулзалтын хуваарийн дагуу өчигдөр Үйлдвэр техникийн газар, Үйлдвэрлэл, Техник, Механик, ХАБЭАБОХХ, Геологи маркшейдер зэрэг хэлтсийнхэнтэй уулзсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болох Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн байгууллага, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажилтнуудын санал бодлыг сонслоо. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цехүүдийн удирдлагын товч мэдээллийг сонссоны дараа тухайн цехийн удирдлагын бүрэлдэхүүнтэй нэг бүрчлэн танилцаж, үйлдвэртээ зохих шат дамжлагаар нь олон жил ажилласан, ажлын арвин туршлагатай чадварлаг инженерүүд, мэргэшсэн баг хамт олон хэдийнэ бий болсныг харахад урамтай байна гэсэн юм.

    Мөн "Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр өнөөдрийг хүртэл хэвийн жигд ажиллаж ирсэн ч бидэнд шийдэх олон асуудал байна. Тухайлбал, техник технологийн шинэчлэл, өртөг зардлыг бууруулах, уурхайн хүчин чадлыг оновчтой түвшинд хүргэх зэрэг ажлууд байна. Үүнд та бүхний үүрэг оролцоо их чухал. Би үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд санаа зовохгүй байгаа.

     Харин хамгийн гол нь техник технологийн шинэчлэл, хөрөнгө санхүүгийн асуудлууд шийдэгдэх ёстой. Эдгээрийг шийдэхийн тулд бид үндэслэл, зорилго, зарцуулах өртөг зардал болон цаашид гарах үр ашиг, ач холбогдлыг нь маш сайн тодорхойлох шаардлагатай юм. Ингэснээр бид хийх гэж буй ажлаа Засгийн газар болон Төлөөлөн Удирдах Зөвлөлд ойлгуулж, дэмжүүлэхэд дөхөм болно” гэдгийг Ерөнхий захирал яриандаа онцолж байлаа. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаатай танилцах Ерөнхий захирлын уулзалт энэ долоо хоногт дуусах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top