|

“1210” ЮУ ШИЙДЭХ ВЭ

tonshuul 2016/12/06 744 0

“1210” ЮУ ШИЙДЭХ ВЭ

 


АН-ын гишүүд Их хурлаа олон жил хүлээсэн. Үнэнийг хэлэхэд, ҮЗХ-ны гишүүн 200 гаруй хүний дунд намын асуудлаа шийдэж явсаар өнөөг хүрсэн. АН ингэж "амьдраад” найман жил орчим лав болж байна. Энд ҮЗХ том асуудлаа шийддэг, тэнд Намын хороо, үүрүүд нь өөрсдийгөө болгосоор ирсэн гэсэн үг.

Ийн удтал тал талд ажилласан АН өнөөдөр бүтнээрээ хуралдаж эхэллээ. Уг нь энэ Их хурлаар хэлэлцэх асуудал тов тодорхой хэмээн АН-аас  мэдэгдэж байсан юм. Энэ үгүй бололтой.

АН-ын өмнө өгч байсан мэдээллээр бол энэ Их хурал шууд Намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх учиртай. Гэтэл энэ дүрмийн төслийг мэдэж байгаа хүн Их хурлын 1210 төлөөлөгч дотор тун цөөхөн байна.

Дүрмийн төслийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд намын бүх үүрүүдээр хэлэлцүүллээ гэсэн нь биеллээ сайн олоогүй гэдгийг гишүүд нь хэлж байна. Учир нь энэ төсөлд тодорхой бус зүйл олон байгаа ажээ. Намын даргыг бүх гишүүдийн дунд сунгаа явуулж сонгоно гэсэн ч механизм нь тодорхой бус байна гэх шүүмжлэх хүн олон байгааг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна АН-ыг тойргийн журмаар зохион байгуулна гэж төсөлд тусгасан нь мөн л яаж гэдгээ шийдээгүй хуурай шийдэл болох гээд байгааг хэлцгээж байна.

Ер нь Их хурлын 1210 төлөөлөгч энэ удаад АН-ын дүрмийг шинэчилж батална гэдэг бараг л боломжгүй харагдаж байгаа юм. Яагаад гэвэл намын даргад нэр дэвшиж байгаа хүмүүсийн олонход нь сунгаа ашиггүй хувилбар болно. Тиймээс хуучин дүрмээр, Их хурлаар даргыг сонгуулах сонирхол дийлж байна гэсэн үг. Ингэж дэмжлэг авах бэлтгэлээ зарим горилогч өчигдөр өдрөөс хангаад эхэлсэн тухай мэдээлэл байна. Ер нь бол албан ёсны бус л болохоос АН-ын даргын марафон аль хэдийнэ эхэлсэн. АН-ын гишүүн намын даргын сонгуульд хэн хэн нэр дэвших, тэдний хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон. Бараг л дотроо сонголтоо хийчихсэн 1210 хүн цугласан байхыг үгүйсгэхгүй. Хэрэвзээ хэлэлцэх асуудалд "гэнэтийн” байдлаар АН-ын даргын сонгууль орж ирвэл нэг их төвөггүй шинэ дарга тодрох магадлалтай.

АН-ын одоогийн бүтцийн бүх шатны удирдлагад З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрыг хүч тэнцүүхэн гэх юм билээ. Хэрэв энэ Их хурлаас ямар нэг асуудлаар олонхийн дэмжлэг авъя гэвэл дээрх эрхмүүдийг бараадахаас өөр аргагүй гэсэн үг. Юутай ч өнөөдөр намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Д.Эрдэнэбат хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Тэрээр дээрх хоёрын хэнтэй нь ч эв зүйгээ ололцож чадах нөхөр. Мөн одоогоор Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч ажилтай байгаа Г.Батхүү ч энэ байгууллагаараа дамжуулан намын анхан шат руу сүрхий ажиллаж байгаа дуулдсан. Лу.Гантөмөр фракцаа задлан байж Намын даргын марафонд оролцож байгаа. Тэр бас л хүчтэй нэр дэвшигчийн тоонд зүй ёсоор орно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан бас л шийдэмгий зүтгэж эхэлсэн нэр дэвшигч. Одоогоор хамгийн идэвхтэй намын шинэчлэл ярьж буй залуусын төлөөлөл болж М.Чимэддорж хэмээх залуу сүрхий зүтгээд эхэлсэн байна.

Энэ мэтчилэн энэ удаагийн Их хурлаар намын даргыг сонгоно л гэх юм бол оролцоод уралдах "морьд” нь бэлэн байна гэсэн үг.

Ер нь бол дээр дурдсан Намын дүрэм, эсвэл шинэ даргын сонгууль гэдэг үндсэн асуудлын хувилбар. Үүнээс гадна том, жижиг олон асуудал энэ Их хурлаар яригдахаар бэлтгэгдэж байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас эхлээд одоо хуулийн байгууллагаар шалгуулан, хоригдож, цагдуулж байгаа том, жижиг гишүүдийнх нь тухай гарцаагүй яригдахаар байна. Мөн Сонгуулийн тухай хуульд ийм өөрчлөлт оруулж намаа унагасан буруутныг ч олж тогтооно гэцгээх ажээ. Эдгээрт хариуцлага хүлээх хүнээр нэрлэгддэг З.Энхболд Их хуралдаа оролцохоор гадаадаас ирсэн байна. Түүнийг АН-ын олон гишүүн ил, далд шүүмжилж, буруутгадаг. Харин өнөөдөр нүүрийг нь хараад хэдэн хүн, ямар үг хэлэх нь тун сонин байна. Үүнээс гадна томоохон улстөрчдийг хуулийн байгууллага шалгаад эхлэхэээр намын удирдлага өмгөөлсөн мэдэгдэл гаргадаг. Харин аймаг, сумын хэмжээний улстөрчид, хуучин Засаг дарга нар баривчлагдаж, саатуулагдахаар харж үзэх хүн байхгүй. Аймгийн намын хорооны удирдлагууд "...Хохь нь” гэх нь холгүй байдаг тухай төлөөлөгчид ярина л гэж байна лээ.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэн шиг "үхрийн бөөр мэт” иймэрхүү олон асуудал АН-ын Их хурлаар яригдах нь тодорхой болж байна. Гэхдээ яг ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг нь тодорхой бус. Яг л "...Энэ олон салаа замын алинаар нь явах вэ” гэдэг дууны үг шиг хурал болно гэсэн үг.

Ер нь сонгуулиас хойш АН хэтэрхий хурдан уруудаж байгаа гэхэд болно. Өнөөдөр энэ намд эмх замбараа гэж байхгүй болсон. АН хаана байна гэж асуумаар болсон гэхэд болно. Ерөөс үүнд ганц л хариулт бий. АН-ыг аваад явчих лидер үнэндээ алга. Өнөөдөр лидер хэмээн хэлэгдэж байгаа хэд нь фракцынхаа хэдийг л нааш цааш болгохоос өөр чадал алга. Шинэчлэл яриад байгаа залуусаас нь ч овойж товойсон удирдагчийн ирээдүй харагдахгүй байгаа юм.

Гэхдээ энэ тэдний өнөөдрийн байж байгаа царайнаас харагдаж байгаа дүр төрх. Тэгээд ч "дахан дорх эр” л гэнэт гарч ирэхгүй бол АН-ын ижил тэнцүү хүчтэй олон фракц дундаас цойлоод гарч ирэх удирдагч төрөхгүй л болов уу.

Фракцуудыг нь сонирхъё л доо. Эхнээсээ АН-ыг бүрдүүлсэн олон намаараа хуваагдсан, дээрээс нь урьд өмнөх холбоо, сүлбээгээрээ нийлсэн нэгдлүүд байгаа юм. Тэд ч гэсэн дор бүрнээ Их хуралдаа ямар тактиктай оролцохоо төлөвлөсөөр суугаа. Хэдийгээр З.Энхболд АН-ын дарга болохдоо фракцгүй нам боллоо гэж зарлаж байсан ч АН доторх фракциуд Их хурлаа хийх чимээнээр улам хүчээ авсан.

Товчхондоо АН-ын фракцууд их тулааны өмнөх байдалд байна гэвэл зохих байх. Тухайлбал, ҮЗХ-ны гишүүдийн дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн "Алтангадас” фракц. Энэ фракц Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Я.Санжмятав тэргүүтэй хүмүүсээс бүрддэг. Нэг хэсэгтээ л намдаа хүчээ авч байсан өөр нэг фракц бол  З.Энхболд, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Арвин, С.Эрдэнэ, Д.Ганбатын харьяалагддаг гэх "Шонхор” фракц байна. АН-д бас л томоохон байр суурь эзлэх фракц бол МҮДН буюу Шинэ дэвшилт холбооныхон. Энэ фракцтай холбоотой гишүүд гэвэл Д.Эрдэнэбат, Б.Гарамгайбаатар, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Б.Болор зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Нам доторх фракциудын хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракц юм.

Мөн МоАН бий.  УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Д.Зоригт зэрэг хүмүүс харъяалагддаг. Олон жил оршин тогтносон том фракцуудын зэрэгцээ "Зүүн хойд Ази”, "Кроун”, "Ардчилсан хүчний холбоо”, "Монголын Ардчилсан холбоо” зэргүүд ч бас бий. Харин Ардчилсан хүчний холбооны хувьд "Шонхор”-т нэгдсэн бол "Зүүн хойд Ази” фракц МоАН-д уусчээ. 

Үүнээс гадна АН-ын залуу боловсон хүчнүүд болох Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, Б.Пүрэвдорж зэрэг 20 гаруй гишүүн "Нэг Ардчилал” гэх фракцтай байв. Тэд нам доторх фракц гэхээсээ илүүтэй зөвхөн үзэл бодлоороо нэгддэг хэмээн тайлбарладаг байсан. Харин намын Их хурлаа угтан "Нэг Ардчилал” фракцаа татан буулгаж буйгаа өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Үнэхээр АН-ын нэгэн өнгө төрх болсон эдгээр залуус фракцгүй нам байх эхлэлийг тавьж фракцаа татан буулгав уу. Бас л эргэлзээтэй асуудал. Учир нь татан буулгасан гэх мэдэгдлийн цаана өөр ашиг сонирхол явж байгаа гэсэн хардлага бий. Тэдэнд тухайн үед үүссэн улс төрийн нөхцөл байдал, том фракцуудын хуваагдал зэрэг цаг үеийн байдалтай холбоотой хүчтэй фракцтай эвсэх ашиг сонирхол байсаар ирсэн гэдгийг намын гишүүд нь хэлдэг юм билээ. Тэгэхээр Их хурлаа угтаж татан буугдсан гэх "Нэг Ардчилал” фракцын мэдэгдлийн ард өөр ашиг сонирхол явж байгаа нь гарцаагүй байж таарна. Энэ нь мэдээж намын шинэ даргын сонгуультай холбоотой юм.

АН доторх фракцуудаас гадна АН-ын Ахмадын холбоо, Үүрийн дарга нарын холбоо, АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо, Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын "Шударга ёс” холбоо зэрэг олон холбоо байдаг. Тэд АН-тай холбоотой асуудал болоод улс төрийн нөхцөл байдалтай уялдан гарч ирж байр сууриа илэрхийлдэг.

Түүнчлэн АН-д олон жил бугшсан асуудлыг ил болгох, намын удирдлагуудыг солих, намын үндсэн дүрмээ шинэчлэх цаг нь ирсэн гэх зэргээр тус намд харъяалагдах хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд ч гарч ирсэн. Тэр тусмаа 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН ялагдсаны дараа  Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуус хүчтэй дуугарч, акцууд зохион байгуулах болсон. Ер нь бол АН доторх фракц, хөдөлгөөн, холбоод Их хурлаа угтан сүүлийн хэдэн сар хөдөлгөөнд ороод байгаа. Энэ мэтээр АН-ын Их хурлыг тойрсон үйл явдал, асуудлуудыг нэрлэж болох юм. Харин Их хурлаар АН-ын 1210 гишүүн юу шийдэж чадах эсэх нь энэ өдрүүдэд тодорхой болох болов уу.

Зууны мэдээ
Б.ДАМДИН-ОЧИР, Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

top