|

Далд дарангуйлалтай тэмцэх төсөв 790 сая

saikhnaa 2016/11/29 829 0

Хууль төрөхийн өмнө

Далд дарангуйлалтай тэмцэх төсөв 790 сая

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг Статистикийн ерөнхий газраас мэдээлжээ. Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн 935 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 222 буюу 31.1 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2016 оны долоодугаар сарын байдлаар 7 хүн амь насаа алдаж, 695 хүн гэмтжээ. Энэ бол харамсалтай, гашуун мэдээлэл.

 

Ер нь гэр бүлийн хүчирхийлэл хамгийн нуугмал, эмзэг хэлбэрээр нийгэмд оршдог.   Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алджээ. Хорих ангид хүн амины хэргийн улмаас ял эдэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хүмүүс байдаг байна. Судалгаагаар тэдгээр эмэгтэйчүүд удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж   байжээ.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ онд батлагдаад удаагүй буцаагдсан. Тиймээс өнөөдөр 10-аад жилийн өмнөх хууль үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  зарим арга хэмжээнд жилд ердөө 792,4 сая төгрөг зарцуулдаг байна. Далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд энэ нь тун чамлалтай санхүүжилт. Тиймээс ч мөнгө, санхүүгийн бэрхшээлээс хамаарч энэ тэмцэл орхигддог байх магадлалтай. Хэрвээ шинэчилсэн хууль хэрэгжвэл төрөөс санхүүжилтийг нь шийдвэрлэх юм билээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Гэвч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт өнгөрсөн хугацаанд буураагүй байна. Харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжээд байгаа билээ.

 

Одоо дахин  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дахин парламентын босго давах гэж байна. Шинэчилсэн төслөөр  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зүйл заалтыг Эрүүгийн хууль руу татан оруулж, гэмт хэрэгт тооцохоор тусгасан байсан.  

 

Хуулийн төсөлд хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлахад анхаарсан гэж хууль боловсруулагчид тайлбарлаж байна лээ.  Ер нь хохирогчийг хамгаалж чадаагүйгээс амь насанд нь хохирол учруулах, мэдээллийн нууц задрах тохиолдол нийтлэг байдаг байна. Жишээлэхэд, Нөхрийнхөө дарамтнаас зугатан хамгаалах байранд нуугдаж байсан эмэгтэй шүүх хурал болохоос хэдхэн минутын өмнө амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол ч гарчээ. Тиймээёс хуулиар  хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах асуудлаар зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг  хуулийн төсөлд тусгажээ.  Хуулийн үйлчлэх хүрээ хангалтгүйгээс гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж байгааг олон нийт шүүмжилдэг.  Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  хэлтэс, мэргэжилтнийг  баг, хороо бүрт ажиллуулах шаардлагатай үздэг.

 

 

Хохирогчийг хамгаалах асуудал өмнө нь тунхаг хэлбэрээр явж иржээ. Харин энэ удаад  бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талд хууль боловсруулагчид анхаарсан байна.  Хохирогчид үзүүлэх үйлчилгээ, хамгаалалтыг Засгийн газрын түвшинд салбар дундын зохицуулалтыг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах Зөвлөл байгуулах юм байна.  - Дунд шатны түвшинд харъяалах яамдын оролцоо бүхий эмнэлэгт суурилсан Нэг цэгийн үйлчилгээний төв,  Цагдаагийн  мэргэшсэн нэгж ажиллуулах аж. Харин  Засаг захиргааны нэгжийн төвшинд засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа сум, хорооны Засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй Хамтарсан баг зэрэг бүтэц ажиллахаар тусгажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйлчлэх өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн ч хамаарагдахаар төсөлд  тусгасан байна. Гэр бүлийн хүчирхийллийг зөрчлийн хэмжээнд авч үзэхээр өмнөх хуульд заасан байсан. Харин энэ хуулийн төслөөр   гэмт хэрэгт тооцож ял шийтгэх  зохицуулалтыг тусгасан байна.  

 

Эмзэг бүлгийн  онцлог, хэрэгцээг  харгалзсан хамгаалалт, үйлчилгээний төрлийн зохицуулалт байхгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдол илрэхгүй, тэдэнд үзүүлэх үйлчилгээ байхгүйгээс хүүхэд хохирох тохиолдол их байдаг. Энэ бүхнийг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан аж.

 

Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхэллээ. Харин сөрөг хүчний тухайд өмнөх батлагдсан хуулийг буцаагдсанд эсэргүүцлээ илэрхийлсэн.  Энэ удаагийн  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөлд шинээр нэмэгдсэн зүйл заалт өдрийн од шиг, өмнөх хуулийг сайн боловсруулсан байсан гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. 

 

Юутай ч  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг улстөржүүлэлгүй хэлэлцэн батлах цаг үеийн  шаардлага байгааг нийгмийн өнөөгийн нөхцөл байдал харуулж   байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/476396.htm


Санал болгох

Сэтгэгдэл

top