Зарифа Ануэр 23 нас хүртлээ засуулснаа мэдээгүй явжээ. Ээж нь түүнийг хоёр долоо хоногтой байхад эх баригчаар нь хэлүүг нь тайруулсан байна. Олон жилийн дараа найз нь түүнээс энэ зан үйлийг хийлгэсэн талаар асуужээ.
Мэдэхгүй гэж хариулсан бүсгүйд найз нь ээжээсээ асуугаач гэснийг тэр ёсоор болгов. Харин тэр нөгөөх гайт уламжлалыг хийлгэсэн байжээ.
Өмнө нь эгэл жирийн, аз жаргалтай байсан охин сэтгэл санаагаар унаж, шашны зан үйлийг үзэн ядаж эхэлсэн юм.

""Би уйлж байсан уу? Унтаж байсан уу, сэрүүн байсан уу” гэж ээжээсээ асуужээ. Тэр миний асуултанд шууд хариулаагүй ч эцэст нь үнэнийг хэлсэн" гэж охин ярьсан байна.

Сингапурын уугуул иргэд хот-улсынхаа ихэнх хувийг эзэлдэг бөгөөд тэд энэ талаар мэдлэг маруухан. Харин нийт иргэдийн 13 хувийг Малайзын муслим шашинтнууд бүрдүүлдэг.
Малайзад "Sunat Perempuan” гэж нэрлэгддэг энэ заншлыг охидыг хоёр нас хүрэхээс нь өмнө гүйцэтгэсэн байх ёстой аж.
"Энэтхэгийн муслим шашинтай олон найз маань энэ зан үйлийг хийлгэсэн, өнөөг хүртэл Малайзад ч байсаар байна” гэж мөн л балчир ахуйдаа энэ ажилбарыг хийлгэснээ арваад настай байхдаа мэдсэн Филза Сумартоно ярьсан юм.
Сингапур бол тухайлсан бүлэгт зориулсан хуульгүй. Лалын шашинтнууд шашныхаа асуудлаар Сингапурын Исламын шашны зөвлөлөөс удирдамж авдаг.

Тус зөвлөлийн тэргүүн Ибрахим Савири "Манай байгууллага хувь хүнд хор хөнөөл учруулах ямар нэгэн үйл ажиллагааг өөгшүүлдэггүй. Бидний байр суурь бол зорилтот бүлгийн асуудлаас зайлсхийх” хэмээн мэдэгджээ.
Харин Малайзын лалын шашинтнууд, ялангуяа ахмад настнууд энэ уламжлалаа эмэгтэй хүний бэлгийн дур хүслийг багасгаж, гэр бүлээс гадуурх харилцаанд орохоос сэрэмжилдэг давуу талтай гэж үздэг.
Тэд үүнийг Коран сударт бичигдээгүй ч лалын шашны заавал мөрдөх ёстой зан үйл гэдэгт итгэдэг байна.
"Охин бид хоёр үүнийг хийлгэсэн, зээ охин минь ч үүнийг мэдээж хийлгэнэ. Исламын шашинтан болж төрсөн л бол заавал хийлгэх ёстой” гэж 45 настай Малайзын лалын шашинтан эмэгтэй BBC-д ярьжээ.
Эхлээд хий, дараа нь асуу
Сингапурын их сургуулийн Малайз судлалын багш "Чухал ач холбогдолтой гэж үздэг энэ нүглийг үйлдээгүй нь шашныхаа эсрэг хэрэг өдүүлсэнд тооцогддог. Орчин үед амьдарч байгаа хэрнээ охидоо захирч чадаагүй бол лалын шашны эсрэг нүгэл хийсэн гэж шийтгүүлэхээс айдаг” гэж энэ харгислалын талаар тайрбарласан юм.
Хүйсийн тэгш байдлыг хангах "Aware” төслийн зохицуулагч Филза "Бид эмэгтэй хүний биеийг балчир ахуйд нь хянах гэж оролдож байна. Энэ бол нярайн бие нь өөрийнх биш олны мэдэлд байдгийн анхны шинж тэмдэг. Хоёр долоо хоногтой нярай юу болж байгааг мэдэх ч үгүй юм чинь яаж зөвшөөрөл өгч чадах билээ дээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой ч энэ тохиолдолд эсрэгээрээ байдаг. Миний бие минийх биш болсныг мэдсэн хойноо үүнийг харамсан асууж байна” хэмээн ярьжээ.
Түүний мэддэг бүх малайз муслим охид үүнийг хийлгэсэн бөгөөд гэрийнхнээсээ асуух хүртлээ тэд энэ тухай мэдээгүй байсан гэнэ.
28 настай төрийн албан хаагч Сити "Эцэг эхчүүд хүүхдийнхээ зөвшөөрөлгүйгээр олон зүйлсийг хийдгийн нэг нь энэ үйлдэл бөгөөд хүүхдээ хайрлалгүй, тэдний ашиг сонирхлыг үл тоосон үйлдэл юм.
Хүүхдэдээ санаатайгаар хор хөнөөл учруулдгийн учир нь юу вэ? Би энэ заншилтай заншилгүй мэдрэх ёстой бүхнээ л мэдэрдэг. Энэ уламжлал миний эмэгтэй байх эрхийг хасч чадахгүй.
Энэ талаар эмэгтэйчүүдэд ойлголт өгөх хэрэгтэй байна.
Муслим шашинтны зөвлөл энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авч, залуу эцэг эхчүүдэд мэдлэг олгох ёстой.
Малайзын муслим шашинтнууд охидын эрхийн эсрэг асуудал гэдэг талаас нь ойлгож хүлээж авах түвшинд ярилцаасай гэж хүсч байна” хэмээжээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn







